Улаан асрын зүүд (36-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (36-р бүлэг)

Улаан асрын зүүд (36-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Гучин зургадугаар бүлэг

УРАН ХАЖИНГ ХАТГАЖ, ЖЯН ЮНЬ ШЮАНЬД ХУВЬ УЧРАЛ ЮУГАА ЗӨГНӨЖ, ТОГТСОН ХЭМЖЭЭГ МЭДЭЖ ЛИ ШЯН ЮАНЬД ХАЙР ИВЭЭЛИЙГ ҮЗҮҮЛЭВ

Өгүүлэх нь: Жя Мү, Ван Фүрэний тэндээс ирж Бао Юйгийн өдрөөс өдөрт засарч байхыг үзээд дотроо их баярлаж хожим Жя Жөн бас түүнийг дуудуузай хэмээн бодоод шадар зарцыг нь дуудуулж, “Хожим зочин гийчинтэй уулзах мэтийн учир тохиолдож, бас Лаое Чинь Бао Юйг дуудвал: чи ирж хэлэх хэрэггүй. Намайг хэлсэн гэж мэдүүлсүгэй. Нэгд, үхтэл нь зодсон тул хэдэн сар сайн сувилахаас нааш явж чадахгүй. Хоёрт, түүний хийморь доройтоод одыг нь тахисан тул гадны хүнтэй уулзуулахгүй. Найман сар бол хөл цээрлэнэ” гэж захив. Тэр шадар зарц, зааврыг сонсоод явав. Жя Мү бас Ли мөөмөө, Ши Рэнь нарыг дуудаж: “Энэ үгийг Бао Юйд хэлж, сэтгэлийг нь амруул” гэв.

Бао Юй бол угаасаа, бичгийн түшмэл, эрчүүлтэй уулзах дургүй, бас өндөр малгай тавьж ёслолын хувцас өмсөөд улаан цагааны явдалд урагш хойш гүйх мэтийг туйлаар жигшдэг учраас энэ үгийг сонсоод улам ч санаа амарч, ах дүү, садан төрөлтэйгөө огт уулзахгүй болсноор үл барам, угаас хэвшсэн, өглөө үдшийн гэр зуурын мэндчиллийг хүртэл өөрийн зоргоор хойш тавьж, өдөр бүр хүрээлэн дотор сэлгүүцэн тойрч сууж хэвтэх бөгөөд өглөө бүр Жя Мү, Ван Фүрэний тэнд нэг үзэгдээд л буцаад ирнэ. Олон инж охидод бол өдөр бүр дуртайяа үйлчилж, өдөр хоногийг үнэхээр амар тайвнаар өнгөрөөнө. Бао Чай нар хааяа далим гаргаж, хэдэн үг яривал уурлаж:

-Сав саяхан ариун цагаан охин байгаад бас нэр зэрэг хөөцөлдөхийг мэдээд, төрийн хулгай түшмэлийн шунахай нарын сүрэгт орох нуу. Энэ даруй эртний хүн учиргүй хэрэг өдөж, ийм бичиг, тийм сургаал гэж дураар зохиосон нь, хожмын сахал салмайтай хөдөөхчүүдийг гэгээрүүлж гэсгээх гэсэн санаа болой. Миний үйлийн үрээр, хашийн өрөө, хоргой ордонд хүртэл энэ суртал нэвтрээд, ариун гэгээн оронд хээнцэр гоочууд заяагдах тэнгэрийн тааллыг тэрслэхэд хүрсэнийг хэрхэн мэдэж чадна вэ гэж хэлэв. Бүгдээр түүний ийнхүү дүр эсгэхийг үзээд, үнэнхүү санаснаа хэлэх хүнгүй болов. Ганцхан Дай Юй л багаасаа түүнийг нэр зэргээ мандуултугай гэж ятгасан удаагүй. Тийм ч учраас Дай Юйг ихэд хүндэтгэн биширнэ гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жинь Чуанийг үгүй болсноос хойш хэдэн айлын зарц нар ирж, Фөн Жед гэнэтхэн ийм тийм бэлэг барьж, өглөө үдэшгүй уулзан, амар мэндийг нь асууж зусардан зулгуйдах болсныг хараад, ямар ухаантайг нь мэдээгүй ч баахан сэжиглэв. Өнөөдөр бас хүн ирж бэлэг барьсанд, орой хүний чөлөөгөөр Пин Эрээс асуув. Тэрбээр хүйтнээр инээж: 

-Найнай энүүхнийг хүртэл ойлгохгүй байна гэжүү. Би бодвол, тэр охидууд лавтайяа тайтайгийн гэрт инж байгаа юм чинь, одоо тайтайгийн дэргэд байгаа дөрвөн том нь сард нэг лан мөнгөний хувь олж бусад нь цөм сарын хэдхэн зуун зоос олж байна. Одоо Жинь Чуань үгүй болсон тул тэд энэ нэг лан мөнгийг олж авах гэж байхгүй юү гэв. Фөн Же:

-Тиймээ, тийм. Чи харин оноод хэлчихлээ. Энд бас үнэхээр ханаж цадахыг мэдэхгүй, зоос олохоо мэдээд, хийх юмаа мэдэхгүй байгаад би санаа зовно. Нэг инж олж орыг нь бөглөвөл барав. Бас энэ ховор тохиолыг олж авахыг санана. Энэ хэдэн айл зоосоо надад авчирч өгснөөр хүссэнчлэн бүтэх биш, энэ учрыг тэд өөрсдөө бодсон хэрэг. Өгснийг нь би авч л байгаа. Над арга дутахгүй гэв. Фөн Же ийм бодолтой болохоор, дураар хойшлуулсаар, тэднийг бэлгээ өгч гүйцсэн хойно, хүнгүйн далимаар Ван Фүрэньд мэдүүлжээ.

Өнөөдрийн үдийн алдад Шюэ Има, Бао Чай, Дай Юй нар Ван Фүрэнийд жарбас идэцгээж байтал Фөн Же энэ далимд: “Юй Чуаний эгчийг үгүй болсноос хойш тайтайгийн дэргэд нэг хүн дутуу байгаа. Тайтай өөрөө аль нэг инжийг тоож, над хэлбэл дараа сараас, сарын мөнгийг нь олгоно гэж хэлэв. Ван Фүрэнь бодолхийлээд:

-Ер нь дүрэм журам гээд заавал дөрөв тав байх ч юу байна. Зарж л байвал болоо. Нэмээд хэрэггүй гэсэнд Фөн Же инээн: 

-Тайтайгийн хэлэх ч зүйтэй дээ. Гэвч энэ бол хуучин дүрэм. Бусдын гэрт хоёр байж байхад, тайтай харин дүрмээс гадуур болно. Ганц лан мөнгө арвилаад юу болно гэв. Ван Фүрэнь бодолхийлээд:

-Дураараа болтугай. Сарын мөнгийг нь гаргаж аваад хүн нэмэлгүй, охин дүү нь үлдээд бас намайг дагасаар байгаа учир давхар хувь идэвч бас илүүдэх зүйлгүй гэв. Фөн Же түүний үгийг хүлээн аваад, гэдрэг эргэж Юй Чуанийг харж инээгээд: “Их баяр, сонсов уу” гэсэнд тэрбээр ирж хишигт мөргөв. Ван Фүрэнь:

-Одоо Жао Инян, Жөү Иниян хоёрын сарын мөнгө нь хэд байна вэ гэсэнд Фөн Же:

-Тогтсон дүрмээр тус бүр хоёр лан өгч байна. Жао Инян, Жя Хуань дүүгийн хоёр лантай нийтдээ дөрвөн лан авч байгаа. Бас дөрвөн хэлхээ зоостой гэв. Ван Фүрэнь:

-Сар бүр тоо ёсоор өгдөг үү гэж асуусанд Фөн Же гайхсанаа:

-Яагаад тоо ёсоор өгөөгүй байх вэ гэхэд Ван Фүрэнь:

-Хэзээ билээ дээ, нэг хэлхээ дутав гэж гоншигонохыг сонссон юмаа. Тэр ямар учиртай байсан бэ гэсэнд Фөн Же:

-Инянуудын инж нарын сарын мөнгө нь угтаа хүн бүр мянган зоос байжээ. Ноднингоос гадна тэд хэлэлцээд, тэр инж нарын мөнгөний хагасыг хасахаар тогтсон юм. Тэгээд хүн бүр таван зуун зоос болсон. Хүн бүр хоёр инжтэй тул мянган зоос дутжээ. Энэ учир чухамдаа миний мэдэх юм биш. Би бол тэдэндээ мөнгө өгөх дуртай. Гагцхүү гадны хошуунаас ирсэн болохоор яах ч аргагүй. Миний энд бол зөвхөн гар дамжих төдий бөгөөд ирсэн ёсоор нь олгохоос, би дур мэдэх газаргүй. Би харин уг ёсоор тэр хоёр хувийг нэмж өгөх нь зүй гэж хоёр гурван удаа хэлсэн. Тэд “Үүнээс илүү горьгүй” гэдэг. Тэгэхээр би дахин дахин ярих аргагүй. Одоо би тэдэнд өгөх мөнгийг нэг ч удаа саатуулаагүй.Урьд гаднаас олгож байх үед аль сард илүү дутуу өгснийг би яаж мэдэх вэ. Тэр бол нэг ч удаа яршиг, ярвиггүй олгож байгаа юм шүү гэж ярив. Ван Фүрэнь түүний ярихыг сонсоод, баахан дуугүй байснаа: “Лао тайтайгийн гэрт нэг лангийн хэд байна вэ” гэсэнд Фөн Же: “Найм, одоо долоо, тэр нэг нь Ши Рэнь” гэв.

-Тийм байлгүй дээ. Бао дүүд чинь нэг лангийн инж үгүй болой. Ши Рэнь бол Лао тайтайгийн инжийн тоонд байна гэж Ван Фүрэний хэлэхэд Фөн Же:

-Ши Рэнь бол Лао тайтайгийн гэрийн хүн. Гэвч Бао дүүд өгч заруулж байгаа. Түүний нэг лан мөнгийг Лао тайтайгийн инжийн тоонд оруулан олгож байгаа. Одоо Ши Рэнь бол Бао Юйгийн хүн гэж энэ нэг лан мөнгийг хасаж болохгүй мэт. Лао тайтайд дахин нэг хүн нэмж өгвөл түүнийг хасаж болно. Түүнийг хасахгүй бол Жя Хуань дүүгийн гэрт бас нэгийг нэмэх хэрэгтэй болно. Ингэвэл сая тэгш голч болж чадна. Чин Вэнь, Шө Юэ нарын долоон их инжид сар бүр хүний мянган зоос өгч Жя Хуй тэдний найман бага инжид сар бүр хүний таван зуун зоос өгч байх нь Лао тайтайгийн үг шүү. Өөр хүн яршиглаж ч чадахгүй, уурлаж ч чадахгүй гэв. Шюэ Има: “Энэ Фөн охины үг, пуужин шиг олгойдож байна. Данс нь тодорхой, зүй зохисоороо бололтой” гэсэнд Фөн Же: “Авга эгчээ, миний үг буруу юү” гэсэнд цаадах нь:

-Юуны буруу байхав. Сайхан тайван ярьж бай. Өөрт чинь ч амар бишүү гэсэнд Фөн Же инээх гэснээ, Ван Фүрэнийг харав.

-Маргааш нэг инж сонгож Лао тайтайд өгөөд Ши Рэний орыг бөглөж, түүний нэг хувийг хасчих. Миний сар бүрийн хорин лан мөнгөнөөс хоёр лан мөнгө нэг мянган зоостой гаргаж Ши Рэньд өгтүгэй. Хойшид ямарч явдалд Жао Инян Жөү Инянгийн хувь байвал Ши Рэньд бас адил хувь олготугай. Ганц Ши Рэний нэг хувийг миний хувиас дансалж өгтүгэй. Албаны мөнгийг хөдөлгөх хэрэггүй гэв. Түүний хэлснийг Фөн Же үг дуугүй хүлээн авав. Тэрбээр инээж, Шюэ Имаг түлхэж:

-Авга ижий сонсов уу. Миний хэлж байгаа ямар байна вэ. Өнөөдөр үнэхээр бүтжээ гэсэнд Шюэ Има:

-Аль цагийн ингэх байсан юм. Тэр охины гарал угсааг яриад яахав. Учир явдалд тайван ханддаг зантай, яриа хөөрөө нь эевэргүү нийлэмжтэй, хатуу чанга зоригтой, үнэхээр олдошгүй сайн охин байна гэв. Ван Фүрэнь нулимс мэлтэлзүүлээд:

-Тэр Ши Рэнь охины сайныг та нар яаж мэдэв? Миний Бао Юйгээс арван хувь дээр болой. Түүгээр насан туушдаа асруулж чадвал Бао Юйн буян мэднэ гэв. Фөн Же:

-Тийм бол нэг мөсөн заадас үсийг нь хагалж, дэргэд нь тавибал болохгүй юү гэсэнд Ван Фүрэнь:

-Энэ болохгүй. Нэгд нас бага, хоёрт Лаое ч хүлээж авахгүй. Гуравт, Ши Рэнь, Бао Юйн инж байж байвал хэдий зоргоор аашлавч хэлж ятгахыг нь баахан сонсоно. Нэг мөсөн дэргэд нь тавибал, Ши Рэнь одоо, хэлж ятгах ёстой зүйлээ ч сайн хэлж чадахгүй болно. Энэ хэвээр нь байлгаж байгаад, хоёр гурван жил болсоны дараа мэдье гэв.

Яриа дууссаны дараа Фөн Же гарч ирэхэд саравчин дор хэдэн хэрэг мэдэгч бүсгүй түүнийг хүлээж байв.

-Найнай ямар ажилтай болоод их удав аа? Халууцаж үхэх шахлаа шүү гэсэнд Фөн Же ханцуйгаа шуугаад, захын хаалганд очиж, босгонд өлмийдэн зогсоод1 инээж: 

-Энэ гудмын салхинд баахан сэрүүцээд явсугай гээд нийтэд хандан, та нар тийм их хүлээсэн бол юу ярих нь вэ. Тайтай хоёр зуун жилийн явдлыг бодож олоод надаас асууж байхад би юм хэлэхгүй байж болох уу гэснээ, цаанаа нэг зэвүүн инээгээд: – би одоо харин хартай явдал хэдийг үйлдэнэ. Тайтайд гомдол гаргасан ч би айхгүй. Үхлийн муугаар үхэх, ухаан нь умдагдаа ширгэсэн муусайн янханууд хэл амаа билүүдэхдээ, их юманд санаархдаг горьдлогоо эртхэн тат. Ёроолоор чинь сэгсэрч хаях өдөр бас байна. Шивэгчний мөнгийг хасав гэж биднийг илүү үзэхдээ, өөрийгээ мэдэхгүй, гурван инж зарах толгой мөн үү гэж үглэсээр өө сэв эрж Жян Мүд ховлохоор одсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Шюэ Има нар жимс ногоо идэж баахан ярьж хөөрөөд тал тал тийшээ тарж одов. Бао Чай, Дай Юй хоёр хүрээлэнд эргэж ирээд, нэг нь биеэ угаахаар, нөгөөх нь Өү Шян Шед очихоор салж явцгаав. Бао Чай, Бао Юйтэй ярьж үдийн нойроо сэргээхээр тийш оров. Хүрээнд ороход, хоёр тогоруу нь хүртэл гадилын сүүдэрт унтаад чимээ аниргүй байв. Бао Чай гудмаар явсаар дотогш орвол гаднах өрөөний үүдэнд инж нар хөндлөн гулд унтсан байв. Халхавчийг тойрон гарч Бао Юйгийнд орвол тэрбээр орон дээр унтаж Ши Рэнь хажууд нь нэг цагаан хирсийн хөвүүр тавиад юм оёж байв. Бао Чай дэргэд нь очоод: “Чи хэтэрхий хичээмтгий байна. Энд ялаа байна уу” гэж шивнэн асуусанд цаадах нь сандарч оёж байгаа юмаа тавиад:

-Авхай суутугай. Санаандгүй байгаад цочив шүү. Энд ялаа батгана байхгүй ч нэг жоохон шалны нүхээр орж байж байгаад унтсан хойно гарч ирж хазаад байна. Яг л шоргоолж шиг юм гэв. Бао Чай:

-Тийм байхаа. Энд ус ойр, бас анхилам цэцгээр дүүрэн. Энэ гэр бас сайхан үнэртэй. Тэр хорхой чинь цэцгийн гэсрээс гардаг юм. Тийм болоод сайхан үнэрт шунадаг юм гэв.

Тэгээд Ши Рэний үйлийг үзэв. Улаан дотортой цагаан дурдан элгэвчин дээр усан лянхуа цэцэг дээр уран хажин бүжиглэсэн хуар хатгаж, улаан цэцэг, ногоон навчийг таван өнгийн уран хажин лугаа будгаар ялгаруулан мяралзуулна. Бао Чай үзээд “Юутай сайхан юм бэ. Хэний юманд ингэж их ур гаргаж байна” гэсэнд Ши Рэнь, уруулаар орны зүг заав. Бао Чай инээж: 

-Ийм том болчихоод бас элгэвч өмсөнө үү гэсэнд цаадах нь:

-Ерөөсөө өмсөхгүй байсан юмаа. Сайхан оёотохвол бол өмсөж магадгүй. Одоо халуун цаг, шөнө сайхан унтахгүй болохоор хуурч байгаад өмсүүлбэл, шөнө хучлагаа сандаасан ч хамаагүй. Чи намайг их хүч гаргалаа гэнэ. Түүний өмсөж байгаа тэрүүнийг өчигдөр хийсэн юм гэв. Бао Чай:

-Чи ер нь хашрахгүй оролдох юмаа гэсэнд Ши Рэнь:

-Өнөөдөр харин удаан хийсэнийх юмуу, хүзүү хөшиж байна. За авхай сууж байгаарай. Би гараад ирье гээд гарав. Бао Чай, оёдлыг сайтар үзэж, үнэхээр уран сайхан болохоор урам орж, зүү утас аваад хатгаж үзэв.

Энэ үед Дай Юй, Шян Юньтэй санаандгүй таараад, хоёул Ши Рэнийд очиж баяр хүргэе гэсээр хүрээнд орж ирвэл нам жим байлаа. Шян Юнь цааш эргэж, Ши Рэнийг олохоор урд талын өрөөнд оров. Дай Юй цонхны дэргэд очиж, дотогш өнгийвөл, Бао Юй ягаан пансан цамц өмсөөд орон дээрээ унтаж дэргэд нь Бао Чай ялааны цохиур хажуудаа тавьчихсан юм оёж сууна. Дай Юй энэ байдлыг харан мэлэрснээ дорхноо хажуу тийш зайлж, холдоод амаа даран хөхөрч, Шян Юнийг даллав. Тэрбээр яаран ирж “За юу болов” гээд харуут хөхрөн завдсанаа, Бао Чай түүнд найртай сайн байдгийг санаад амаа дарав. Тэгээд Дай Юйг ч инээд муутай болохоор хөхөрч магадгүй гэж бодоод: “Явъя. Би Ши Рэнийг олноо. Тэр өдөр гол дээр очиж юм угаана гэж байсан. Тэнд байгаа байлгүй. Түүнийг эрж олъё. Явцгаая” гэсэнд Дай Юй дотроо мэдэвч хүйтнээр инээгээд даган явав.

Бао Чай, хоёр гурван цэцгийн хэлтэс хатгатал Бао Юй зүүдлэн харааж: “Хуушаан бумба нарын үгийг итгэж яаж болох вэ. Юуны чинь “Алт хашийн сайн барилдлага” вэ. Би бас “Мод чулууны урьдын болзоог мэднэ шүү” гэж бувтнана. Түүний зүүдийг сонсоод Бао Чай хэрдхийн цочив. Энэ үед Ши Рэнь орж ирээд инээн: “Сэрээгүй байна уу” гэсэнд Бао Чай толгой сэгсрэв. Ши Рэнь:

-Би сая Линь авхай, Ши авхай хоёртой таарлаа. Тэд орж ирсэн үү гэсэнд цаадах нь бас толгой сэгсэрснээ “Ирээгүй” гээд, тэд чамд юм ярьсангүй юү гэж асуув. Ши Рэний царай улсгээд:

-Тэд дэмий л тоглоом хийж байна. Юуны нь үнэн байхав гэсэнд Бао Чай:

-Өнөөдрийн тэдний ярьсан үг харин тоглоомынх биш шүү. Би чамд яг хэлэх гэтэл чи гараад явчих юм гэв.

Ийн байтал Фөн Же хүн ирүүлж Ши Рэнийг дуудав. Бао Чай инээж: “Даруй тэдний ярьсаны учир байхаа” гэв. Ши Рэнь хоёр инж охин дуудаж ирүүлээд Бао Чайн хамт явж Фөн Жегийнд очив. Үнэхээр түрүүнд ярьж шийдсэн зүйлийг хэлж өгөөд Ван Фүрэньд мөргөгтүн. Харин Жя Мүтай уулзах хэрэггүй гэсэнд Ши Рэнь ихэд ичиж сандрав. Ван Фүрэньтэй уулзчихаад харьвал Бао Юй сэрчихсэн, гадагш явсан учрыг асуувал хайш яйш хариулав. Шөнө хүмүүсийн хөл татарсан хойно Бао Юйд тодорхой ярьж өгөв. Тэрбээр их баярлаж:

-Одоо би чамайг гэртээ харихыг үзэх юмсан. Дээр нэг удаа чамайг харьсаны дараа ах чинь, эндээс гаргаж авна. Энд байвал хаягдана. Цаашдаа ч юу болох билээ гэх мэт сэтгэл журамгүй, хүйтэн нойтон үгээр намайг их айлгаж билээ. Одоо би, хэн нэгэн ирж айхгүйгээр чамайг дуудахыг үзэхгүй боллоо гэв. Ши Рэнь зэвүүтэй инээж: 

-Чи битгий ингэж ярь. Үүнээс хойш би тайтайгийн хүн болсон учраас явнаа л гэвэл чамд хэлэхгүй явна. Тайтайд хэлээд л болчихно гэсэнд Бао Юй:

-Би үнэн муу болоод, чи тайтайд хэлээд явахад хүрвэл, намайг муу учир чамайг явлаа гэж хүн сонсвол чамд бас ямар олиг байхав гэхэд Ши Рэнь инээж: 

-Олиггүй гэх учир юу байгаа юм бэ. Бохир хүнийг би эрхбиш дагана уу. Тийм биш болсон ч, үхэл гэгч юм бас бий. Хүн зуу насалбал зайлшгүй үхнэ. Амьсгал тасарвал, үзэгдэж, дуулдахгүй, тэгээд л дуусна биз дээ гэсэнд Бао Юй сандарч амыг нь дараад:

-Юү гэсэн үг вэ, Чи битгий ийм үг хэлээч гэж гуйв. Түүний зан авир этгээд. Өргөж магтах бэлэгтэй үг сонсвол, хий хоосон хөвсгөр үг хэмээн жигшиж, сэтгэлдээ нийлэх үнэн үг сонсвол гуньж байдаг зантайг Ши Рэнь мэдэх учраас хэрэггүй үг хэлсэндээ гэмшиж, үгээ дүйвүүлэн Бао Юйн дуртай сонсдог үгүүдийг эрж, хаврын салхи, намрын саран, улаан цагаан будаг шунх ярьсаар бас охид хүүхнүүдийн ийм тийм сайхныг ам мэдэн өгүүлсээр, үхэл мөхөлд тулсанаа гэнэт мэдээд амаа хамхиж, дуугаа хураав. Бао Юй түүнийг чагнаж байгаад, сонирхолтой юманд хүрээд зогссонд гэнэт инээд нь хүрч:

-Үхэхгүй хүн байхгүй. Харин сайхан л үхэх хэрэгтэй. Тэр сахал самбаатай хөдөөний өвгөд “Бичгийн түшмэл айлтгалд үхэх”, “Цэргийн түшмэл дайнд үхэх” хоёр бол сайн эрийн ариун журам гэж байсныг сонсоод дэмий л аашлан үүсгэнэ. Мунхаг харанхуй эзэн бол сая айлтгалд үхэх түшмэл байна гэдгийг яаж мэдэх вэ. Зөвхөн алдар нэрийг бодож, амь цөлөн үхээд, эзэн тэнгэр, эцэг дээдсээ хаана тавина вэ. Дайн дажин болсноор сая дайнд үхэх нь байна. Зөвхөн цусан гавъяаг бодож, амиа сүйтгэн үхээд, гүрэн, төрөө хаана хаяна вэ гэсэнд Ши Рэнь яриан дундуур нь орж:

-Эртний тэр хүмүүс аргагүйдээ үхэж байсан юм гэв. Бао Юй:

-Тэр цэргийн баатар, арга ухаан мөхөс, чадалгүйдээ амиа талаар үрсэн бол түүнийг аргагүй гэж хэлж болно. Тэр бичгийн түшмэл бол цэргийн түшмэлд нэн хүрэхгүй. Тэр ном бичиг цээжлээд, засаг төрийн ялимгүй гэм согогийг олж үзвэл, дур мэдэн аашилж, дэмий айлган ариун шударга нэрд шунана. Санаанд нийлэхгүй бол бузар уур нь бадарч амиа үрнэ. Үүнийг бас аргагүй гэх үү? Засаг төр гэгч тэнгэрийн тааллыг хүлээсэн тул богд хүн биш бол тэр тэнгэр ч лавтайяа энэхүү түмэн, түмэн их хишгийг хүртэхгүй болой. Тийнхүү тэдгээр үхэгсэд бол алдар нэрд шунагчид болохоос биш, эзэн түшмэлийн их журмыг мэдсэн нь огт биш болой. Үлгэрлэвэл, одоо миний буян гүйцвэл, та нарыг цөм дэргэдээ байгаа энэ үед завдан үхэж, тануусын миний төлөө уйлсан нулимс гол мөрөн болоод, миний хүүрийг урсган аваачиж, хэрээ шаазгай үл хүрэх хөндий буйд оронд хүргэж, хий агаарт хийссэн цагаас дахиж хүний төрлийг олохгүй төгсөх нь, миний сайных болой гэв. Гэнэт ийнхүү нунж дорой болж ярихыг сонсоод Ши Рэнь: “Нойр хүрлээ” гээд дахиж дуугарсангүй. Төдөлгүй Бао Юй унтаад, өглөө босоод юм ярьсангүй.

Бао Юй энүүхэн, тэрүүхнээр явж баахан уйдаад “Мү Дань тингийн эгшиглэл”-ийг хоёр удаа үзээд сэтгэл ханаагүйгээ гэнэт санав. Ли Шян Юаний арван хоёр охины дотор Линь Гуань хэмээх бүсгүй дуучин хамгаас сайхан дуулдаг гэж сонссон тул захын хаалгаар гарч эрж очвол, Гүй Гуань, Юй Гуань нар хүрээн дотор байж байв. Тэд Бао Юйг хараад инээн угтаж суудал зааж өгөв. Бао Юй: “Линь Гуань хаана байна вэ” гэсэнд цаадуул нь “Гэртээ байгаа” гэв. Тэгээд Бао Юй тэднийд очихоор яаран явав. Гэрт нь орвол Линь Гуань орон дээрээ хэвтээд, Бао Юйг харсан мөртөө хөдөлсөнгүй. Бао Юй, охидтой наадаж сурсан хүн болохоор бусдын адил гэж бодоод дэргэд нь очиж, суугаад инээмсэглэн” Няо Чинсы хэмээх дууллыг нэг дуулж аль” гэж гуйв. Гэтэл цаадах нь ухасхийн босож холдон төв царайгаар: “Хоолой сөөгөөд, эртийд Нян Нян биднийг дуудаж аваачихад би дуулаагүй” гэв. Түүнийг ажиглавал, эртийд цанхуй цэцгийн дор “Чян” үсэг зурж байсан тэр охин мөн байв. Тэгээд энд бас тохиодог байж гэсэн шиг бодоод Бао Юй тэднийхээс гараад хүрээлэнд очиход, жүжгийн охид яах гэснийг асуувал учраа хэлэв. Бао Гуань охин: “Жаахан хүлээзнэ. Мөд Чян Эр Еэ ирээд дуул гэвэл лав дуулж өгнөө” гэж тайвшруулав. Тэрбээр сонсоод гайхаж, зогсвол, Жя Чян, дээрээ нэг бяцхан шийний тайзтай, дотроо нэг жоохон шувуутай чингэлэг барьсаар гарч ирснээ, Линь Гуаний гэрийн зүг баяртай алхсанаа, Бао Юйг хараад зогсов.

-Ямар шувуу вэ, наадах чинь?

-Мөнгөн эрүүт гэдэг юм.

-Энүүгээр яах гэж байгаа юм бэ?

-Энэ чинь туг дарцаг зуугаад бүжиглэж чаддаг юм.

-Их үнэтэй юм уу, хэдээр авав.

-Нэг лан, найман цэн…

Тэд ийн ярилцаад цаадах нь Линь Гуаныхаад явав. Бао Юй энэ хэр, дуулал сонсох хүсэлгүй болж харин тэр хоёр ямар янзтай байхыг үзмээр санагдав. Мөнөөх Жя Чян дуучныд орж очоод: “Хөөе чи, ийм амьтныг ирж үзээч” гэсэнд Линь Гуань босож: “Юу вэ” гэж асуув.

-Би нэг шувуу худалдаж авлаа.

-Наадахаараа яах нь вэ.

-Одоо чи өдөр бүр уйдан суухгүй боллоо.

-Яаж миний уйтгарыг сэргээх юм бэ?

-За би чамд, тоглуулаад үзүүлээтхэе.

Ингэж хэлээд Жя Чян, өнөө шувууг чимхэж өдөөсөнд цаадах нь баг өмсөж, туг зуугаад тайзан дээгүүр ийш тийш үсэрч дэгдэв. Түүнийг харсан охид сонирхон хөхрөлдөв. Харин Линь Гувань тоомжиргүй инээмсэрсэнээ, эргээд хэвтэв. Жя Чян царайчлангуй инээж: “За ямар байна вэ” гэсэнд Линь Гуань:

-Та нар зүв зүгээр байсан хүнийг авчирч энэ мухарт хориод… үүнийг сургахаар барахгүй. Чи одоо бас шувуухай авчирч ийнхүү задгай зайдан аашилна. Чи үүнийг олж ирээд бидэнтэй зүйрлэж, элэг доог болгох нь лавтай бөгөөд бас “Ямар байна вэ” гэж асуунаа гэв. Жя Чиян сонсоод өөрийн эрхгүй босож зогсоод:

-Энэ өдөр яагаад ухаан минь битүүрчихээд, хоёр лан мөнгөөр үүнийг авчирч, бас уйтгар сэргээнэ гэхдээ, энэ мэтийг бодсонгүй вэ? Би одоо үүнийг тавьж явуулан нүглийг чинь нимгэлэе гэж ам алдаад, үнэхээр мөнөөх шувууг тавьж, чингэлгийг нь ч эвдэж хаяв. Линь Гуань:

-Тэр шувуу хэдий хүнд хүрэхгүй боловч үүрэнд нь бас нэг хөгшин шувуу байгаа даа. Чи түүнийг авчраад энд гасалган зовоож байхдаа зүрх чинь яаж тэсэж байваа? Өнөөдөр би цусаар хэд ханиасанд, тайтай чамайг явуулж эмч авчруулан нарийн сайн үзүүл гэсэн байтал чи харин ийм амьтан авчирч элэг барьж байх юм. Эргэж тойрох хүнгүй энэ бие минь өвчинд баригджээ гэж хэлэв. Жя Чян сандарч:

-Би өчигдөр орой эмчээс асуусан. Тэр ойр зуурын эм уугаад байж бай. Нөгөөдөр ирж үзнэ гэсэн юмаа. Цусаар ханиаж байгааг чинь би мэдээгүй. Одоо би очиж эмч залж ирье гээд гарахыг завдтал Линь Гуань:

-Хүлээж бай. Энэ шатаам халуун наранд, уурандаа явж эмч залж ирэх гэж байгаа бол би үзүүлэхгүй шүү гэж бархирав. Жя Чян арга буюу зогсов. Бао Юй, энэ байдлыг хараад гайхан мэлэрч “Чян” гэж бичиж байсны учрыг сая л ойлгов. Тэгээд тэнд удаан байлгүй гарч одов. Жя Чянгийн хамаг бодол Линь Гуаньд байсан учир санаа авсангүй. Харин охид түүнийг үдэж гаргав. Бао Юй элдвийг эргэцүүлэн бодсоор хүрээлэндээ буцаж ирэв. Дай Юй Ши Рэнь хоёр ярилцан сууж байв. Бао Юй гэнэт санаа алдан, Ши Рэнийг хараад: “Би өчигдөр үдэш их буруу юм хэлжээ. Лаое надад: “Хулсны нүхээр тэнгэрийг хэмжиж, хул шанагаар далайг яндана гэдэг юм шүү” гэж захидаг нь зөв байна. Үдэш би та нарын нулимс ганц миний төлөө урсана гэсэн нь буруу юм. Би цөмийг хүртэж болохгүй төлөвтэй. Үүнээс хойш тус тусын нулимсаа хүртэхээс өөр аргагүй” гэв. Ши Рэнь бол тэгэхэд зөвхөн тоглоомын юм хэлснээ тэр дороо мартсан тул Бао Юйг хэлэхээр л санаж:

-Чи үнэхээр баахан солиорчээ гэв. Бао Юй дуугаралгүй суугаад, хэн хүний хайр ивээл гэгч хэдийнээс тогтсон хэмжүүртэйг ухаарч “Хожим миний хойноос нулимс урсгах нь чухам хэн бол” гэж бодохоос эмгэнэлтэй санагдана.

Дай Юй, Бао Юйн байдлыг хараад, ямар нэгэн чөтгөртэй нөгчсөнийг мэдсэн боловч лавлан асуувал эвгүй тул орхиод: “Би сая нагац эхийн тэндээс ирлээ. Маргааш Шюэ Имагийн төрсөний ой гэнээ. Чамайг очих уу гэж надаар асуулгасан. Чи хүн явуулж хэлээрэй” гэсэнд Бао Юй: “Би их Лаоегийн насны баярт ч очоогүй. Хэрэв очвол баахан хүнтэй уулзана. Энэ халуунд ёслолын хувцас өмсөх гэж юм бий. Очихгүй байхад Има уурлахгүй байх гэж бодно” гэсэнд Ши Рэнь,

-Юу ярьж байна. Има бол тэр их Лаоетай адилгүй шүү. Ойрхон сууж байгаа төдийгүй, садан төрөл шүү. Чи очихгүй бол цаад хүн чинь юм бодно. Халуунаас халширч байгаа бол эртээ босоод очиж, баярт мөргөөд… аяга цай уучихаад л хүрээд ирэхгүй юү. Зүгээр шүү дээ гэвэл Дай Юй,

-Хүний батгана үргээж өгсөн талыг бодсон ч очих ёстой гэсэнд Бао Юй, “Юун батгана вэ” гэж асуув. Ши Рэнь, өчигдөр чамайг унтах үед чинь хань болох хүнгүй болоод Бао Чайг гуйж түр суулгасан юмаа гэж хэлэв. Бао Юй: “Ямар эвгүй юм бэ. Би яагаад унтсан юм бол. За яая гэхэв, маргааш тийшээ очихоос доо” гэв.

Тэднийг ийн ярилцаж суутал сайхан хувцаслачихсан Шян Юнь орж “Гэрээс аваачихаар хүн ирсэн” гээд салах үг хэлэв. Бао Юй, Дай Юй хоёр сандран босож найр тавьсанд цаадах нь мэлэлзүүлэвч гэрийнхээ хүний дэргэд төдий л их хагацаж ядан уйтгарласангүй, энэ тэрхэнийг ярилцана. Төдөлгүй Бао Чай хүрч ирсэн учир салж ядан нагалтав. Гэрийн хүн нь, хариад авга эхэд нь хэлбэл зэмлүүлж магадгүй гэж бодоод, түүнийг шавдуулж явуулав. Түүнийг хоёрдугаар хаалганд хүртэл үдээд, Бао Юй цааш хүргэх гэтэл Шян Юнь хориглов. Хэд алхсанаа эргэж Бао Юйг дуудаад,

-Лао тайтай, намайг санахгүй байсан ч чи харин үргэлж сануулж байвал, хүн илгээж намайг хурдан авчруулнаа гэсэнд Бао Юй: “За” гэж хүлээн авав. Түүнийг тэргэнд суулгаад бүгдээр буцаж ирэв. Хойшид юу болохыг мэдсүгэй хэмээвээс доорх бөлгийг үзтүгэй.


Тайлбар:

  1. Босгон дээр өлмийдэн зогсоод-өсгийгээ өргөж өлмийгээр зогсохыг өлмийдэн зогсох гэнэ. Бүсгүй хүн, хатавчин дээр өлмийдэн зогсвол түүнийг хөнгөн хөвсгөр зантай гэж үздэг байжээ.

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж