Чөлөөт бөх: Красноярскийн дэвжээнээс 10 медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх: Красноярскийн дэвжээнээс 10 медаль хүртлээ

Чөлөөт бөх: Красноярскийн дэвжээнээс 10 медаль хүртлээ

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 26-28-нд Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт боллоо.

29 дэх удаагийн уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, БНХАУ, БНАСАУ, Грек, Гүрж, Турк, Казахстан, Кыргызстан, Узбекстан, Украин, Тажикистан, Туркменистан, Финланд, Норвеги, Эстони гэсэн 20 орны 300 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Красноярскын дэвжээнд Монголын 60 гаруй тамирчин зодоглосноос нэг алт, нэжгээд мөнгө, найман хүрэл, нийт 10 медальтай эх орондоо ирэхээр болж байна.

Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд алтан медаль хүртэж, сүүлийн гурван жил дараалан “Бага дэлхийн аварга”-д “босоо” байлаа.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-д спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох, 125 кг-д Нацагсүрэнгийн Золбоо, эмэгтэйчүүдийн 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, Энхбаярын Цэвэгмид, 72 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар хүрэл медаль хүртэв.  

ДБНХ (UWW)-ноос энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гээс эхлэн эрэгтэй бөхчүүдэд дэлхийн чансаа олгохоор болсон юм. Тэр утгаараа эрэгтэйчүүдийн тэмцээн өрсөлдөөн дүүрэн боллоо. Манай эрэгтэйчүүдээс есөн тамирчин энэ жилийн тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаж, дөрөв нь шагналын тавцанд зогссон. Энэ нь 1991 оноос хойш хамгийн их медаль хүртсэн тэмцээн боллоо. 

10 жингийн наймд нь зохион байгуулагч орон ОХУ-ын бөхчүүд аваргаллаа. 86 кг-ын жинд АНУ-ын Дэвид Тэйлор тун хүнд барилдаанууд хийж анх удаа аваргалсан. Түүний хувьд өнгөрсөн жилийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд Ираны алдарт бөх Хассан Язданиг цэвэр ялж бөх сонирхогчдын танил болж байв. Оросуудын өндөр амжилт үзүүлдэг энэ жинд 20 жилийн дараа гадны бөхөд түрүүгээ алдаж байна. Хамгийн сүүлд 1998 онд Македоны Магомед Ибрагимов 85 кг-д аваргалж байжээ. 97 кг-д олимп, дэлхийн аварга Кайл Снайдер Красноярскт хоёр жил дараалан түрүүлэв. Гэхдээ янк эр энэ жил нэлээд хүнд барилдаан хийж аваргаа хамгаалсан. 

Эмэгтэйчүүдийн 10 жинд БНХАУ тав, Японы тамирчид гурван жинд аваргаллаа. Үлдсэн хоёр жинд манай гавьяат тамирчин П.Орхон 62 кг-д, АНУ-ын Тамыра Менса 68 кг-д түрүүлэв. Эзэн орноос энэ жил мөн аварга төрсөнгүй. Эмэгтэйчүүдийн хүнд жинд олимп, ДАШТ-ий медальт, Екатерина Букина сүүлийн найдвар нь байсан ч шигшээд БНХАУ-ын Жоу Киантай барилдаагүй. Хятадын эмэгтэй бөхчүүд Красноярскийн дэвжээнд таван аваргаас гадна хоёр мөнгө, гурван хүрэл медальтай нутаг буцахаар болсон. Нэг тэрбум гаруй хүн амтай нанхиадын бөхчүүд цаашид том тэмцээнүүдэд эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы нядхануудтай хүчтэй өрсөлдөх шинжтэй. 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэйчүүд

57 кг (18 бөх)

  1. Заур Угуев

  2. Азамат Тускаев

  3. Хуреш-оол Дондук-оол (бүгд ОХУ), Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол) 

61 кг (15):

  1. Гажимурад Рашидов

  2. Исмаил Мусукаев

  3. Александр Богомоев (бүгд ОХУ), Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол)

65 кг (23):

  1. Ильяс Бекбулатов

  2. Ахмед Чакаев

  3. Начин Куулар (бүгд ОХУ), Селахаттин Килич (Турк)

70 кг (15):

  1. Магомед Курбаналиев

  2. Магомедрасул Газимагомедов (хоёул ОХУ)

  3. Андрей Квятовский (Украин), Франк Молинаро (АНУ)

74 кг (12):

  1. Хетик Цаболов

  2. Заурбек Сидаков

  3. Кахабар Хубежты (бүгд ОХУ), Довлемурат Оразгилижов (Туркменистан) 

79 кг (10):

  1. Ахмед Гажимагомедов (ОХУ)

  2. Кайл Дейк (АНУ)

  3. Радик Валиев, Алан Засеев (хоёул ОХУ)

86 кг (19):

  1. Дэвид Тэйлор (АНУ)

  2. Фатих Эрдин (Турк)

  3. Артур Найфонов, Владислав Валиев (хоёул ОХУ)

92 кг (13):

  1. Абдулрашид Садулаев

  2. Анзор Уришев

  3. Юрий Белоновский (бүгд ОХУ), Лувсандоржийн Төртогтох (Монгол)

97 кг (13):

  1. Кайл Снайдер (АНУ)

  2. Расул Магомедов

  3. Владислав Байцаев (хоёул ОХУ), Магомед Ибрагимов (Узбекистан)

125 кг (17):

  1. Мурадин Кушхов

  2. Анзор Хизриев (хоёул ОХУ)

  3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Ник Гвяздовски (АНУ)

Эмэгтэйчүүд

50 кг (24):

  1. Юки Ирие (Япон)

  2. Ким Сон Ян (БНАСАУ)

  3. Жие Ни (БНХАУ), Анжелика Ветошкина (ОХУ)

53 кг (18):

  1. Юү Мияахара (Япон)

  2. Стальвира Оршуш

  3. Екатерина Полещук, Наталья Малышева (бүгд ОХУ)

55 кг (18):

  1. Андорианако Сава (Япон)

  2. Кси Менги (БНХАУ)

  3. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол), Чой Йон Хва (БНАСАУ)

57 кг (13):

  1. Жиан Кви (БНХАУ)

  2. Энхбатын Гантуяа (Монгол)

  3. Лианна Монтеро Эррера (Куба), Александра Андреева (ОХУ)

59 кг (12):

  1. Рон Нингнинг (БНХАУ)

  2. Алли Раган (АНУ)

  3. Ульяна Тукуренова, Вероника Чумикова (хоёул ОХУ)

62 кг (15):

  1. Пүрэвдоржийн Орхон (Монгол)

  2. Кива Сакае (Япон)

  3. Яквелин Эсторнел Элизастекью (Куба), Инна Тражукова (ОХУ)

65 кг (8):

  1. Тан Чиун (БНХАУ)

  2. Юлья Пронцевич (ОХУ)

  3. Энхбаярын Цэвэгмид, Зоригтын Болортунгалаг (хоёул Монгол)

68 кг (13):

  1. Тамыра Менса (АНУ)

  2. Хан Юү

  3. Рюү Ксю (хоёул БНХАУ), Юдари Родригез Санчез (Куба)

72 кг (8):

  1. Ван Юан (БНХАУ)

  2. Масако Фүрүичи (Япон)

  3. Очирбатын Насанбурмаа (Монгол), Жамиля Бакбергенова (Казахстан)

76 кг (15):

  1. Жоу Киан (БНХАУ)

  2. Екатерина Букина (ОХУ)

  3. Палиха Палиха (хоёул БНХАУ), Эпп Мае (Эстони)

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж