“Залуу гэр бүл” өдөрлөг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Залуу гэр бүл” өдөрлөг зохион байгуулна

Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойг тохиолдуулан  тус холбооноос залуучуудын гэр бүлийн боловсролыг дэмжих зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран анх удаа эцэг, эх болох  гэж буй  90 залуу гэр бүлийн өдөрлөг хийж, есөн залуу хосод “Гэрлэлтийн батламж гардуулах ёслол”-ын үйл ажиллагааг  зохион байгуулах гэж байна. Наймдугаар сарын 18-ны 10.00 цагт Монголын Залуучуудын холбооны байранд эхлэх эл арга хэмжээнд Клиникийн Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх барих эмч, АУ-ны доктор, “Амаржихуйн гайхамшиг” номын зохиогч Г.Баясгалан  “Амаржихуйн гайхамшиг” сэдэвт лекц, Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ “Ээжийн бүүвэйн дуу хүнд нөлөөлөх нь”, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, дэд проф.О.Мягмар “Хэвлий дэх ургийн тань хэлэх үг: Залуу гэр бүлд өгөх сэтгэл зүйн зөвөлгөө” сэдэвт лекцүүдээ уншиж сонирхуулах нь ээ.

Оролцогчдод Монголын Залуучуудын Холбооноос эрхлэн гаргасан “Нярайн асаргааны зөвлөх” нэртэй “DVD”-г  бэлэг болгон өгөхөөс гадна   “Баясгалантай дэлхий” жирэмсэн эмэгтэйчүүдийг амрааж, эмчлэх төвийн  ургийн 4D өнгөт эхо аппаратын танилцуулга явагдаж, уг төвөөр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичгийг өгөх аж.  Мөн Нийслэлийн Бүртгэлийн газартай  хамтран гурав дахь жилдээ зохион байгуулах гэж буй  “Гэрлэлтийн батламж” гардуулах ёслолын ажиллагаанд есөн залуу гэр бүл уригдан оролцох ба Монгол үндэснийхээ хэв маягийг илэрхийлсэн энэхүү ёслолд  УДБЭЧ-ын дуучин Н.Эрдэнэцэцэг уртын дуугаар ая барьж, Г.Жамъянгийн нэрэмжит ОУ-ын мэргэжлийн морин хуурчдын уралдааны гуравдугаар байрын шагналт, ЮНЕСКО-гийн гранпри шагналт морин  хуурч, ерөөлч П.Мөнхжин залуу хосуудад ерөөл  хэлэх юм. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж