Төрийн албанд жийп хэрэглэхгүй гэсэн яасан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Төрийн албанд жийп хэрэглэхгүй гэсэн яасан бэ?

Төрийн албанд жийп хэрэглэхгүй гэсэн яасан бэ?

Төрийн тансаглалыг зогсооё гэж олны өмнө хамгийн их дугардаг төрийн түшээдийн тансаглал, унах унааны үнэ өртөг талийж өгснийг зарим гишүүд, сайд нарын жишээ ойрын өдрүүдэд харууллаа.

Тайландын Шадар сайд Правит Вонсуван тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй бугуйн цагны цуглуулгаасаа болж албан тушаалаасаа огцрох асуудал хөндөгджээ. Гэтэл эдийн засгийн хямрал гэдэг үгийг өдөр бүр амнаасаа унагадаг Монголын эрх баригчид эсрэгээрээ үнэтэй гэсэн бүхнээрээ өрсөлдөж байгаа мэт харагддаг.

С.Оюун 2012 онд Байгаль орчны сайд болсныхоо дараа ажлын хэрэгцээнд ирсэн, өмнөх сайдынхаа хэрэглэж байсан Ланд-200 машиныг шатахуун бага хэрэглэдэг өөр машинаар солих гээд чадаагүй талаар тухайн үед яаманд ажиллаж байсан албан хаагчид нь ярьжээ.

Төрийн ёс зүй хөгжсөн улс орнуудад төрийн албанд зүтгэж яваа хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр Lexus LX570 авахуулж унах нь байтугай брэндийн цаг, зангиа зэргийг ч өөрийн мөнгөөр авч хэрэглэдэггүй.

Төрийн албанд том оврын жийп хэрэглэхгүй байхыг үүрэг болгож байсан тэр дүрэм журам хаачсан бэ? Харин ч бүр томыгоо том дээр нь томруулж, Хууль зүйн сайдын унах болсон Lexus LX570-ыг зарим сайдууд нэмж захиалсан тухай цахим орчинд хүмүүс бичиж байна.

Үнэтэй машин унана, түүн дээрээ хэн дуртай албан хаагч нь дуут дохио тавина. Зам хааж давхина, дүрэм зөрчинө, замын цагдаагийн шаардлага биелүүлэхгүй.

Төрийн албан хаагчдын машин дээр сайд, дарга гэтлгүй таних тэмдэг, бүр тод томруун хаяг, бичиг наахаар болсныг сүүлийн үеийн төрийн машин тойрсон жишээнүүд харуулж байна. Төрийн албаны машиныг буцааж УБЗ улсын дугаартай болгох асуудлыг хэвлэлүүд нэг бус удаа хөндөн бичиж байгаа ч үүнийг анхаарахыг хүсдэг байгууллага ч, хүн ч алга. Тэгэх тусам бүр төрийн мэдлийн бүх машины цонх, хаалган дээр нь аль байгууллагын, хэний унаа болохыг нь бичихийг уриалбал ямар вэ? Тэгж байж өндөр үнэтэй, өртөг зардал ихтэй машины хэрэглээ буурч, орой нь баар, цэнгээний газрын үүдэнд, өглөө өдөртөө цэцэрлэг, сургуулийн хүүхэд зөөдөг төрийн машины “үйлчилгээ” ч багасч магадгүй юм.

Айл бүр арай ядан амьдралаа залгуулж, хүн бүр идэх хоол, өмсөх хувцсаа хасч байхад төрийн сайд, дарга нар тансаг хэрэглээтэй байх нь таалагдахгүй байна.

Б.БАЯСАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж