Хоосон ам, холхинодог гуталтай засаг

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хоосон ам, холхинодог гуталтай засаг

Хоосон ам, холхинодог гуталтай засаг

У.Хүрэлсүхийн танхимын 100 хоногийн хэвлэлийн хурлын зар өнгөрсөн долоо хоногоос сошиалд түгэж эхлэв. Ерөнхийдөө энэ мэдээг Ерөнхий сайдын багаас түгээсэн гэж хэлж болно.

Ж.Эрдэнэбатын хэлсэнчлэн нэгэн малгай дор, нэг танхимд бүтэн жил шахам хамт ажилласан журмын нөхдөө хажуу хавиргаас нь хатгаж, онхолдуулан байж өөрөө Шадар сайдын сэнтийгээс Ерөнхий сайдын сандалд тухалсан У.Хүрэлсүхийн засаг ямартаа ч зуун хоногтойгоо золгож байна.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа түүний УИХ-ын индэр дээрээс тавьсан илтгэлд багтсан “Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн та байна. Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын засаг байх болно. Би үхэхээс айхгүй байна. Амь насаа алдахаас айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Ард түмний минь илтгэл найдвар алдагдахаас би айж байна” гэсэн үгийг нь энэ өдрүүдэд эргэн нэг сануулъя.

У.Хүрэлсүх нэгэнтээ хананд зургаа хадуулахаас илүү түүхэнд нэрээ үлдээх том мөрөөдөлтэй байгаагаа бас зарлаж байв. Гэвч, гуядаж авсан түүний засгийн нас гурван сараас хэтрэхгүй байж мэдэх хов, хор ч ордны зүгээс ч салхилж байна. Түүний засгийн 100 хоног дээр Ардчилсан намаас барьж байгаа бэлэг нь Ардын намыг эсэргүүцэх жагсаал.

Мэдээж, "Эрдэнэт"-ийг 100 хувь төрд авлаа, ОУВС-гийн Гүйцэтгэх захиралд захидал бичлээ, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсэг байгууллаа, 50 тэрбумыг төрийн албан хаагчдад тараалаа гэх мэт 100 хоногийн тайланд тусгах, популизм хийх мянган хүслийн жагсаалтыг хаанаас ч гаргаад тавьчих бол амархан л даа. Гэхдээ утааны эсрэг маск зүүхийг зөвлөх хийгээд “Мах импекс”-ийг төрийн мөнгөөр дэмжинэ гэх түүний засгийн бодлого, шийдвэр У.Хүрэлсүхийн нэрийг түүхэнд биш хананд үлдэхэд хүргэх болов уу. Түүнээс ард түмэн илүү ихийг, эдийн засаг, улс төрд реформ хийхийг хүлээж бас хүсч байсан.

Гэв чиг, “Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэсэн У.Хүрэлсүхийн үг ул болж, төсвийн мөнгөөр 360 саяын тансаг машин унасан хэрэгт сошиалаар нэг баалуулж байгаа Ц.Нямдоржоос эхлээд татвар нэмж, мөнгө тарааж, үнэ хөөрөгдөж буй Ардын засаг амаа асуулгаж, ард түмэн ч амаа барьж эхэллээ.

Яг үнэндээ ард түмний хямрал, Ардын засгийн тансаглал хоёрыг зүйрлэвэл Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан яг тэнцэнэ гэгч л болжээ.

Ж.Эрдэнэбаттай, түүний засагтай харьцуулах юм бол У.Хүрэлсүхийн засагт мөнгө байна, боломж байна, эрх мэдэл нь ч байна. Танхимын сайдууд нь зуун хувь давхар дээлтэй, дээр нь У.Хүрэлсүхэд Ерөнхий сайд, намын дарга гэсэн хоёр том эрх мэдэл төвлөрсөн. Тиймээс Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэн шиг реформ хийх зориг нь эс хүрвэл ухаан нь эс хүрнэ.

Юутай ч зуун хоногтойгоо золгосон Ардын засгийн тэргүүний рейтинг анх гарч ирсэнтэй нь харьцуулбал өдрөөс өдөрт унаж байна. Зуун хоног ажил хийх хүнд бага хугацаа биш. Адаглаад л Ардын засаг юу хийж, ямар ажил амжуулах вэ гэдгээ зарлачихсан байх ёстой.

Харамсалтай нь, утаатай танилцах, сошиалаар хэрэлдэхээс хэтрэхгүй байгаа У.Хүрэлсүхийн засаг “Хоосон ам, холхинодог гуталтай” энэ өдрүүдийг өнгөрүүллээ. Дашрамд дурдахад, Монгол Улс нефть боловсруулна гэдэг үлгэрийн далай. Үүнээс өмнө нүүрсээ төмөр замаар зөөх асуудлаа шийдвэл У.Хүрэлсүхийн засаг харин түүхэнд үлдэж мэдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж