Б.Ганчимэг:
Холливудын алдартай жүжигчдээс их зүйл сурсан
Английн кино урлаг болон загварын ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө ялгаран гарч ирж буй монгол бүсгүйг уншигч та бүхэнд танилцуулж байна. Түүнийг Баярсайханы Ганчимэг гэдэг. Англид 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд “Wonder Women” /2017/, “Ex Machima” /2014/, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6” /2013/, Ronan-47 /2013/ зэрэг Холливудад шуугиан тариад буй кинонуудад дүр бүтээжээ. Б.Ганчимэгтэй бид онлайнаар холбогдож, ярилцлага авсан юм.
-Юуны өмнө ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-“News” агентлагийн уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би өмнө нь Монголынхоо хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Ийм боломж олдсонд талархаж байна. Намайг Баярсайханы Ганчимэг гэдэг. Одоо Англи улсад жүжигчин, моделийн чиглэлээр ажилладаг. Намайг энд Gana Bayarsaikhan нэрээр маань илүү мэддэг.
-Таныг багаасаа дизайнер болохыг сонирхдог байсан гэж мэдсэн. Анх хэрхэн загварын ертөнцтэй холбогдож байв?
-Хүүхэд байхаасаа л барби хүүхэлдэйндээ зориулж хувцас оёхоос эхэлсэн байх. Бас манай гэр бүлийн хүмүүс ч хийж бүтээж байсан зүйлийг маань үргэлж дэмждэг байсантай холбоотой юм болов уу.
-Загварын ямар агентлагуудтай хамтарч ажилладаг вэ? Загварын томоохон ямар шоунуудад оролцож байв?
-Кино, жүжиг гээд хамтран ажилладаг агентууд байгаа. Тэр дундаа оролцож байсан томоохон шоу гэвэл GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож байсан. Миний хувьд жүжигчний мэргэжил моделийн ажлаас илүү чухал. Тиймээс энэ салбартаа илүү их хөгжихийг хүсэж, зорьдог.
-Таныг Их Британид жүжигчин мэргэжлийг эзэмшсэн гэж сонссон. Анх Англи улсыг зорих болсон тухайгаа ярьвал?
-Тийм ээ. Анх би загварын чиглэлээр өөрийгөө олон улсын тавцанд сорьж үзэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Англи улсыг зорьж байлаа. Багаасаа загвар зохион бүтээж “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээнд амжилттай оролцож байсан. Миний хувьд өөрийгөө илүү том тайзан дээр сорьж үзэхийг хүссэн юм.
-Холливудын кино урлагт хөл тавьсан, тэнд дүр бүтээж байсан гэдгийг монголчууд тэр бүр мэдэхгүй байх. Английн ямар их сургуульд жүжигчин мэргэжлээр суралцсан бэ?
-Английн театрын урлаг маш олон жилийн түүхтэй, жүжигчин бэлтгэх арга зүй нь маш нарийн. Англид “The city Lit” их сургуульд жүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцаад, 2016 онд төгссөн.
-Ямар киноны дүрүүд дээр ажиллаж байв?
-Миний хувьд гол дүр бүтээж амжаагүй байгаа ч томоохон уран бүтээлүүдийн нэгээхэн хэсэг болж чадсандаа баяртай байдаг. Киноны IMDb сайт дээр гарсан “Wonder Woman” /2017/, “In the Name of Ben Hur” /2016/, Ex Machina /2014/ зэрэг арав гаруй кинонд тоглоод байна. Хамгийн сүүлд Холливудад шуугиан тарьсан “Wonder woman” кинонд Дайанагийн төрөлх нутаг Амазоны нэгэн дайчин бүсгүйн дүрд тоглосон. Түүнчлэн нээлтээ удахгүй хийх гэж буй хоёр кино байгаа.
-Хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирсэн бэ? Монголынхоо уран бүтээлчдийн хийсэн киног үздэг үү?
-Би эх орондоо өнгөрсөн зун очсон. Аав, ээжийнхээ нутаг болох Архангай, Баянхонгор аймгуудаар амарч, байгаль ээжээсээ сайхан эрч хүчийг авсан. Монгол кинонуудыг хүүхэд байхаасаа л шимтэн үздэг байлаа. Одоо бодоход кино гарах цагийг тэсэн ядан хүлээдэг байж. Харин Англид ирснээсээ хойш Монголынхоо уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийг тэр бүр үзэж амжихгүй л байна. Гэхдээ зун Монголд байхдаа “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзсэн. Их сайхан кино болсон байна лээ.
-Монголын кино уран бүтээлчдээс хамтран ажиллах санал тавьж байсан уу?
-Монголынхоо уран бүтээлчидтэйгээ хараахан холбогдож амжаагүй. Нэгэн сайхан түүхэн дүрийг хамтран бүтээх цаг ирэх байх аа.
-Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө бий юу?
-Ямар төсөл дээр ажиллахаас шалтгаална. Хэрэв Монголд сонирхолтой төсөл санал болговол очиж ажиллахад бэлэн. Инстаграм ихэвчлэн ашигладаг болохоор Gana Bayarsaikhan, IMDb дээр ganabayarsaikhan гэсэн хаягаар надтай холбогдож болно. Монголд миний агент болох Д.Цэнгэл найзаар маань дамжуулан culturedistributor@gmail.com гэсэн мэйл хаягаар харилцаж болно.
-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу. Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?
-Аав маань зураач хүн байсан. Одоо ээж минь болон гэр бүл минь миний үнэт эрдэнэ дээ. Намайг тууштай дэмждэгт нь үргэлж талархаж явдаг. Ах маань саяхан гэр бүл зохиосон.
-Ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Жүжигчин хүн яг л тамирчин шиг бие болон сэтгэлийн бэлтгэлтэй байдаг. Тэр тусмаа жүжигчний амьдрал маш их өрсөлдөөнтэй өнгөрдөг. Гуравхан хувийн ажлын боломжтой байдаг. Тийм болохоор биеэ дасгалжуулж, дуу хоолойн дасгал хийх, ном зохиол уншиж, судлах, дүрийн шалгаруулалтад оролцох зэргээр өдөр бүр л завгүй өнгөрдөг.
-Холливудын нэртэй жүжигчидтэй мөр зэрэгцэн кинонд тоглосон талаараа сонирхуулахгүй юу. Тухайлбал, ямар жүжигчидтэй ямар уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан бэ?
-Би 2014 онд “Ex Machina” кинонд ажиллахдаа Оскарын шагналт жүжигчин Алисиа Викандер /“Danish girl” киноны туслах дүрийн жүжигчин/ болон Оскар Айзек /Star war/ нартай хамтран тоглосон. Жүжигчин бүр өөрийн гэсэн арга барилтай. Алисиагийн хувьд өөрийн дүрдээ 100 хувь орсон байсан болохоор ойр хавьд нь байгаа хүмүүстэйгээ тэр болгон яриад байдаггүй байсан. Харин Oскар маш энгийн, найрсаг жүжигчин. Надад Jade роботын дүрийг бүтээхэд маш их нөлөөлсөн.
Харин “Ronin 47” кинонд туслах дүр бүтээх хоёр сар гаруй хугацаанд Киану Ривз, Японы алдарт жүжигчин Хироюки Санада, Табанобу Асано, Кери Хироюки Тавага болон Ринко Кикучи нартай хамтран ажилласан. Алдартай жүжигчид их чадварлагаас гадна маш энгийн найрсаг хандаж байсан нь их таалагдсан. Миний хувьд Японы алдарт жүжигчин Хироюки Санадагаас ажилдаа 100 хувь бус 150 хувь зүрх сэтгэлээ өгөх хэрэгтэй юм байна гэдгийг суралцсан. Түүнийг “Last Samurai” кинонд тоглож байхад нь л их чадварлаг жүжигчин гэж боддог байсан.
-Таны тоглосон ихэнх дүрүүд баатарлаг байдлыг илэрхийлсэн, бас тэр хэрээрээ эрсдэлтэй дүрүүд юм шиг санагдсан. Кино зураг авалтын үед тохиолдсон хамгийн хэцүү үзүүлбэрээсээ яриач?
-“Ronin 47” киног хийж байхад өвлийн улиралд хоёр сар орчим шөнийн зураг авалттай байсан. Зураг авалтын хэсэг байрлаж байсан газраас 2-3 цаг явж байж хүрдэг. Үндсэн зураг авалт нь 11-12 цаг үргэлжилдэг байсан. Заримдаа өдөр ажилтай үе таардаг байсан тул унтаж ч амждаггүй байсан. Гэхдээ кино урлагт хайртай болохоор энэ бүхнийг амархан даван туулдаг юм байна лээ.
-Заримдаа шантармаар санагддаг уу?
–Шантрах үе зөндөө гаралгүй яахав ээ. Би “Унавал босоод хормойгоо гүвээд алх” гэдэг монгол ардын үгээрээ хүч залгуулдаг байсан. Хүний амьдралд маш олон шалгуур гарч ирдэг ч гол нь түүнийг давж, зорьсондоо хүрэхийг хүсдэг. Би амьдралдаа харамсахгүй амьдрахыг хүсдэг. Учир нь бид ганц л амьдарна шүү дээ.
-Таны ирээдүйн зорилго, мөрөөдлөөс хуваалцмаар байна?
-Хүн зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөх юм бол зорьсондоо хүрэх нь гарцаагүй юм. Амар, дөт зам гэж байхгүй шүү дээ. Тиймээс би цаашдаа улам их хичээн ажиллаж, олон сайхан дүрүүдийг бүтээх хүсэлтэй явдаг.