"Сүхбаатар аймгийн 60 гаруй хувь нь цагаан зудтай байна"

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

"Сүхбаатар аймгийн 60 гаруй хувь нь цагаан зудтай байна"

"Сүхбаатар аймгийн 60 гаруй хувь нь цагаан зудтай байна"

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар өнгөрөгч долоо хоногт (2018.01.26) Улаанбаатар хотод болсон. Цаг уурын орчны шинжилгээний газарт болсон энэхүү семинарт 21 аймгийн Ус цаг уур, орчны газрын албаны дарга нар болон төлөөлөгчид оролцсон юм. Энэ жилийн хувьд өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудын нэг нь Сүхбаатар аймаг гэгдэж буй. Тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Х.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.


 

-Сүхбаатар аймагт өвөлжилт ямар байна вэ?

-Аймгийн хэмжээнд эрт цас орсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн цасан бүрхүүл тогтсон. Арваннэгдүгээр сард таван удаа цас орсон бол арванхоёрдугаар сард 10, он гараад нэг сард 15 удаа ороод байна. Цасны зузаан 10-15 см, зарим газраар буюу нутгийн баруун хэсгээр харьцангуй бага 5-8 см байна. Засгийн газрын 2016 оны ган зудыг үнэлэх 286 тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлдэг. Энэ үзүүлэлтээр зургаан суманд цагаанаар зудархуу байгаа бол аймгийн төвдөө хамгийн ойр байдаг Асгат сум цагаан зудтай байна. Нийт нутгийн 60 гаруй хувь нь цагаан зудтай буюу цагаанаар зудархуу байдалтай байна. Аймгийн Онцгой байдлын шийдвэрээр хүндэрсэн газруудад өвс тэжээл хүргэж байгаа.

-Өвөлжилт хүндрэлтэй байгаа ямар сумд байна вэ?

-Онгон, Халзан суманд өвөлжилт хүндхэн байна. Хилийн бүсийн нутаг буюу Эрдэнэцагаан, Онгон, Дарьганга нутгуудад цас ахиу орсон. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг харж байхад цасны өндөр харьцангуй бага мэт харагдаж байгаа ч явган шуурга их байна. Байнгын явган шуургатай учраас цасыг улам нягтралшуулж, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болсон. Өнгөрсөн зуны эхэн саруудад бороо бага байсан ч сүүлийн саруудад ахиу хэмжээний бороо орсон. Хэдийгээр зуншлага сайхан болсон ч гэлээ өмнөх оныхтой харьцуулахад бага. Бэлчээрийн даац хэтэрсэн байсан. Бусад аймгуудтай харьцуулахад бол зуншлага сайн гэсэн үзүүлэлттэй.

-Аймгийн цаг уурын газарт дутагдаж байгаа ямар зүйл байна вэ?

-Одоогоор аймгийн хэмжээнд 64 хүний орон тоотой ажиллаж байна. 13 сум, дөрвөн өртөө болон есөн харуултай. Өртөө 24 цагаар ажиллах бол харуул гурван цагийн хугацаатай байдаг. Цаашид өртөөг нэмэх хэрэгтэй. Гамшгийн аюутай үзэгдлийн үед мэдээллийг шуурхай хүргэх үүднээс өртөөний тоог зөвхөн манай аймаг гэхгүй бусад аймагт ч ахиулах шаардлага байгаа. Бид 13 салбартай гэхэд зөвхөн хоёр автомат станцтай байна. Тэгэхээр цаашид автомат станцын тоог нэмэх шаардлагатай болж байна. Автомат станцын давуу тал нь минут тутамд мэдээллийг хадгалж авах давуу талуудтай.

-Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх сард ямар байх вэ? Цагаан сарын дараа Шилийн богд уулыг зорих иргэд олон байдаг шүү дээ?

-Хоёр, гуравдугаар сард цас ордог. Зарим үед цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах төлөв байдаг. Ирэх сараас эхлэн хүйтний эрч суларна. Шилийн богд руу цас ихтэй байгаа. Иргэд шинийн найм дөхөөд ирэхээр Дарьганга нутаг руу зорчих нь их байдаг. Явган шуурга ихтэй учраас цаг агаарын урьдчилсан мэдээллийг сайн авч байж, Шилийн богд руу зорчих хэрэгтэй.

Сүхбаатар аймгийн Асгат сум. 2018.01.21-ний байдлаар

Сүхбаатар аймгийн Асгат сум. 2018.01.21-ний байдлаар. 

Сүхбаатар аймгийн Асгат сум. 2018.01.21-ний байдлаар. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж