Хятад, Японы харилцаа шат ахих уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

Хятад, Японы харилцаа шат ахих уу?

Хятад, Японы харилцаа шат ахих уу?

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно шинэ оны эхний айлчлалаа Бээжинд ням гаригт /2018.01.28/ эхлүүллээ. Тэрбээр хоёр орны харилцааг сайжруулах зорилгоор Хятадын талтай хэлэлцээ хийж байна. Хятад, Японы харилцаа хэд хэдэн маргаан, зөрчлөөс шалтгаалан үе, үе хурцаддаг.

Японы эзлэн түрэмгийллийн үед Хятадад учруулсан гай зовлондоо Токио хангалттай нөхөн төлбөр өгөөгүй гэж Бээжин үздэг. Түүнчлэн Зүүн Хятадын тэнгис дэх хэсэг арлын эзэмшлээс шалтгаалан хоёр орон удаан хугацаанд зөрчилдөж байна. Хятадын дарга Си Жиньпин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар өнгөрсөн арваннэгдүгээр сард Вьетнамд болсон чуулга уулзалтыг далимдуулан уулзахдаа хоёр улсын харилцааг сайжруулахаар ярилцжээ. Тэд нэгэндээ дургүй боловч хэн хэнийхээ ашиг сонирхлын үүднээс харилцахаас өөр аргагүй.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хоёр орны харилцаанд олон саад, бартаа байгаа ч үйл явдал эергээр өрнөж буйг Японы талтай уулзсаны дараа мэдэгджээ. Тэд Ази тив болон дэлхийн хэмжээнд тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамгаалах том үүрэг хариуцлагыг хуваалцаж буй гэдгийг Японы Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Тэд хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны асуудлаас гадна Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийг ч авч хэлэлцжээ. Японы талаас Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө орхиход Хятадын Засгийн газраас илүү их шахалт үзүүлэх хэрэгтэй хэмээн шахамдуулдаг. Харин Бээжин нь НҮБ-ын хоригийн хүрээнд Хойд Солонгост арга хэмжээ авсан гэж тайлбарладаг байна.

Гурван талт уулзалтыг сэргээнэ

Үүний зэрэгцээ ирэх хавар Хятад, Өмнөд Солонгос, Япон гурван улсын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ уулзалтад Хятадын дарга Си Жиньпин оролцож магадгүй гэдгийг Японы гадаад хэргийн сайдын бодлогын зөвлөх мэдэгдэв. Энэ уулзалт 2015 оноос хойш тасалдаад байгаа аж. Гурван талт уулзалтын үр дүнд худалдаа наймаа болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бүрэн сэргээж чадсаныг албаныхан онцолж байв. Түүнчлэн энэ уулзалтаар гурван улсын чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээ хэлцлийг түргэвчлэх болон шинэ мега худалдааны бүс байгуулахаар тохиролцсон. Гурван улсын чөлөөт худалдааны гэрээ байгуулах яриа анх 2012 оны арваннэгдүгээр сард гарч, үүнээс хойш албаныхны дунд найман удаагийн уулзалт хэлэлцээ зохион байгуулагдсан байв. Гэвч энэ нь үнэ тарифыг тогтоох болон бусад олон асуудлын улмаас ахиц муутай явж иржээ. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард товтой уулзалтаар гурван улсын чөлөөт худалдааны бүсийг авч хэлэлцэх аж.

Худалдааны үзүүлэлт

Японы гаалийн албаны мэдээлснээр 2017 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд хоёр орны худалдааны эргэлт 214.8 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 7.8 хувиар өсчээ. Японы нийт экспортын 18.6 хувь буюу 95.29 тэрбум ам.долларыг Хятад руу экспорт эзэлжээ. Японы Хятадтай хийсэн худалдааны алдагдал 23.61 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оныхоос 31.2 хувиар нэмэгджээ. Хятад улс нь Японы экспортын хоёр дахь гол чиглэл бол импортын хамгийн том эх сурвалж аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж