Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 7-ны сонгуулиар 500 гаруй мянган сонгогчийн саналаар хүссэн суудалдаа хүрсэн Ерөнхийлөгч Х.Баттулга хүссэн эрх мэдлийнхээ төлөө Ерөнхийлөгчийн засаглал гэх онолыг сурталчилж явна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нийслэлийн дүүргүүдээр явж ажилласан бол өдгөө орон нутгийн иргэдийн санал шүүмжлэлийг сонсч яваа билээ.
Дөрвөн парламент дамжин яригдсан Үндсэн хуулийг шинэчлэх үүрэг УИХ-д 65 суудалтай МАН-ыг бүлэгт өгөгдсөн үүрэг даалгавар болчихоод байна. Үндсэн хууль гэх асар том хэрнээ “миссийн тэмцээн”-ий мэдээнээс ч бага шейрлэгддэг энэхүү сэдвийг Ерөнхийлөгчийн зүгээс хөөсрүүлж, хөөрөгдөж олон нийтийн анхааралд хүргэж байгаа нь сайшаалтай. Гэвч, 1992 оны Үндсэн хуульд Монгол Улс парламентын засаглалтай байна гээд заачихсан, Үндсэн хуулийг өөрчлөх эсэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч ч, ард түмэн ч гаргахгүй. Энэ нь УИХ-д үнэмлэхүй олонх МАН-ын бүлгээс шууд хамаарна.
Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн засаглалыг хөндөж, хөөрөгдөх явдал байнга гардаг. Харин ч энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд оруулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг түргэтгэж, Монголд парламентын сонгодог засаглалаас өөр ухрах зам үгүйг үг, үйлдлээрээ харуулж байгаа Ерөнхийлөгчид талархая.
Гучин гэр бүл гэх нэрийн дор үндэсний хөрөнгө оруулагчдаа гадуурхаж, хүрз, жоотуугаар нүүрсээ ухаж, эр эмгүй цэрэгт татаж, төмөр замаа цэргийн хүчээр барьж, улс орноо хөгжүүлнэ гэсэн гэнэн мөрөөдөл ярьж, Ерөнхийлөгчийн засаглалыг ихэд хүсэмжилж яваа Төрийн тэргүүний байр, байдал Монголд супер Ерөнхий сайд төрүүлэх үйл явцыг, Үндсэн хуулийг өөрчлөх гол зорилгыг улам эрчимжүүлж мэдэхээр байна.
Ялангуяа сонгуулийн сурталчилаа, пи-ар, имижээсээ огт салахгүй байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндөгдөж мэдэхээр болжээ. Гэхдээ энэ нь мэдээж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд огт үйлчлэхгүй. Учир нь М.Энхболдын парламент Үндсэн хуулийг шинэчлэлээ гэхэд 2020 оны парламентаас, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас л хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр том эрх мэдэлтэй, сүүлчийн Ерөнхийлөгч нь Х.Баттулга байж мэдэх нь.
Хэрэв Монгол Улс засаглалын хямралыг зогсоож, Ерөнхий сайд, УИХ дарга, шүүх гээд бүхий л үйл ажиллагаанд хошуу, хуруу хутгах болсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, УИХ, Засгийн газраа байр байранд нь тавъя гэвэл төрийн тэрүүнийг бүх ард түмнээс сонгодог тогтолцоог халж, гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнд танхимаа өөрөө бүрдүүлдэг эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй.
Өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгууль Монголын нийгмийг хэрхэн талцуулж, эвдрэлцүүлсэн үр хөврөл өдгөө хүртэл үргэлжилж байгааг өнөөдөр ч сошиалаас харж болно. Монголд нүүрлэсэн талцал хагарал нь эв нэгдлийг сахигчаас эхлэлтэйг шүүмжлэх хүмүүс олон болжээ Эндээс харвал Ерөнхийлөгчийн анх дэвшүүлсэн “Монгол ялна” уриа үнэ цэнээ улам алдаж, Ерөнхийлөгчийн рейтинг улам бүр уруудсаар байгаа юм.
Юутай ч холын зорилго өвөртлөн, улс төрийн угсраа цохилтууд хийж буй Ерөнхийлөгчийн мөрөөдлийг биелүүлж, Х.Баттулгад хүссэн эрх мэдлийг нь өгөх эсэх, эсвэл супер Ерөнхий сайдыг төрүүлэх замаар парламентын сонгодог тогтолцоог төгөлдөржүүлэх үгүйг МАН-ын 65 шийднэ.
Төмөр зам, Сайншандын аж үйлдвэр гэх олон бүтээгүй мөрөөдлүүдээ, эр эмгүй цэрэгт татах, хоёр сая төгрөгийн цалинтай батлан хамгаалах байгуулах зэргээр үргэлжлүүлж яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын ганц гол амбиц Ерөнхийлөгчийн засаглал болжээ гэхэд буруудахгүй биз.
Харин ч Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглал гэж сэвэх тусам Монголд сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлж, төгөлдөршүүлэх нь зөв юм байна гэсэн ойлголтыг үг үйлдлээрээ нотолж, төрүүлэх болсон нь хамгийн гоё.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ