“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Гучин тавдугаар бүлэг
ЮЙ ЧУАНЬ ОХИН НЯЛХЫН ЭЭДМИЙГ БИЕЭР АМСАЖ, ИН ЭР ОХИН ТЭРГҮҮЛЭГЧИЙН ХАВТАГЫГ УРНААР СҮЛЖИВ
Өгүүлэх нь: Бао Чай, Дай Юйгийн дооглосныг сайн мэдсэн боловч ээж, ах хоёрыгоо бодож явсан болохоор эргэж үг хэлэлгүй шууд цааш явав. Дай Юй цэцгийн дэргэд зогссон янзаараа И Хун юань хүрээлэн тийш харвал, Ли Вань, Ин Чүнь, Тан Чүнь, Ши Чүнь болон зарц охид хүрээлэн рүү ороод, тал тал тийш явцгаана. Харин Фөн Же харагдахгүйд: “Тэр юунд Бао Юйг эргэж ирсэнгүй вэ. Ажил ихтэй ч гэсэн эв зүйг нь олоод очиж, сүүлд нь Лао тайтай болон бусад тайтайгийн сайшаалыг олох л ёстой. Өдийд ирээгүйг бодвол нэг шалтгаан гарсан хэрэг” гэж тааварлаад ийш тийш харвал гэнэтхэн эрээн мярааныг өмссөн сүрэг хүн хүрээлэнгээд ирж явав. Лавлан харвал Жя Мү, Фөн Жег түшиж, араас нь Шин Фүрэнь, Ван Фүрэнь нар дагаж Жөү Инян болон охид бэрүүд араас нь явж байв. Дай Юй тэднийг харан толгой дохиж, эцэг эхтэй хүмүүсийн сайхныг бодоод нулимс унагав. Төдөлгүй Шюэ Има, Бао Чай нар ч хүрч ирэв. Гэнэт Зы Жюань араас нь: “Авхай харьж эмээ уу. Ус хөрчихлөө” гэсэнд Дай Юй:
-Чи яах санаатай юм бэ. Дандаа л шаардаж байх юм. Миний эм уух чамд ямар хамаатай юм бэ? гэсэнд цаадах нь:
-Ханиах чинь гайгүй боллоо шүү дээ. Эмээ уулгүй яахав. Хэдий таван сарын халуун цаг ч гэсэн, хар өглөөгүүр гараад чийгтэй газар зогсоод удаж болохгүй. Хэрсүү нь дээр шүү. Одоо эмээ уугаад амар гэв. Дай Юй хөлөө чилсэнийг мэдүүт шивэгчнээ түшээд гэртээ орохоор явав. Хүрээнд ортол газраар л нэл хулсны сүүдэр сүлжилдэн, хөвд хөлмөг бүрхсэнийг хараад: “Ши Шян Жи” бичиг дээрх “Гүн далд газар явах хүн байна уу. Хөлмөг хигдэр дээрх цагаан шүүдэрт жим зам” гэсэн хоёр өгүүлбэрийг санагалзан сэмхэн гуниад санаа алдан: “Шуан Вэнь хэдий торгон заяатай боловч бас бэлбэсэн эх, өнчин дүүтэй байлаа. Одоо Дай Юй миний торгон заяанд бэлбэсэн эх, өнчин дүү ч үгүйг яая даа” гэж бодоод нулимас унагах гэтэл саравчин доторх тоть түүнийг хараад: “Жир” гэж буусанд хэрдхийн цочив. Тэрбээр: “Чи үхлээ эрж байна уу. Толгой бүрхтэл тоос унагалаа” гэсэнд тоть дээш нисэн жаазан дээр гараад: “Шюэ Янь, орхиулаа хурдан сөх, авхай ирлээ” гэв. Дай Юй зогсоод жаазыг тогшиж: “Тэжээл нэмсэн үү” гэж асуусанд мөнөөх тоть Дай Юй гээс илүү санаа алдаад: “Одоо намайг цэцэг оршуулахад хүмүүс тэнэг гэж байна. Хожим намайг үхэхэд хэн ирж оршуулна вэ” гэж уншив. Тэд сонсоод хөхрөлдөв. Зы Жюань инээж:
-Авхайгийн дандаа уншдаг шүлгийг энэ яаж цээжилсэн юм бол гэсэнд Дай Юй жаазыг авахуулж, саран цонхны гаднах гохноос өлгүүлээд, гэртээ орж саран цонх дотор суув. Эмээ уугаад харвал, хүрээний доторх хулсны сүүдэр цонхноо тусахад дотор сүүдэртээд бүх юм жихүүн хүйтэн санагдана. Дай Юй уйтгараа сэргээх арга олох гэж цонхны дотроос тоть шувуутай тоглож, ямагт уншдаг шүлэг дууллаа түүнд заасныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Бао Чайг харихад гэзгээ самнаж суусан ээж нь, инээж:
-Чи ийм эрт ирэхдээ гэзэг үсээ самнасан биз гэхэд Бао Чай:
-Таны биеийг асуух гэж ирлээ. Намайг явсны дараа ах дахиж үймүүлсэн үү гэж асуув. Тэгээд ээжийгээ налж суугаад уйлав. Ээж нь ч дагаад уйлснаа:
-Охин минь битгий гомд. Би тэр муу нүглийн үрийг мэдье. Чи минь, тайван бай. Ингэж байгаад иймээ тиймээ болчихвол би чинь хэнийгээ харж суух юм бэ гэж ятгав. Шюэ Пань гаднаас сонсчихоод санд мэнд орж ирээд Бао Чайд гар хавсран ёсолж:
-Дүү минь ээ, намайгаа өршөө! Өчигдөр архи уугаад их орой ирсэн. Замдаа ч бас юмнуудтай наалдаад, гэртээ ирэхэд бүр согтоод, юу юу гэж чалчсанаа ч мэддэггүй. Чиний минь уурлах зөв өө гэв. Нүүрээ дараад уйлж байсан Бао Чай ингэж хэлэхэд нь сэргэж:
-Чи энэ шог яриагаа хураагтун! Чи дотроо бүсгүйчүүл биднийг хичнээн их үзэн яддагийг чинь би мэднэ. Чи аргалж байгаад биднийг зайлуулж санаагаа амраах санаатай гэсэнд ах нь сандарч:
-Дүү минь чи юунд ийм юм ярина. Чи чинь ийм хартай үг хэлдэггүй л байсандаа гэсэнд ээж нь, өлгөж аваад:
-Чи хэзээ ганц дүүгээсээ “Хардсан үг” олж сонссон бэ. Чи ер нь солиорч байгаа байхаа гэв. Шюэ Пань:
-Ээж та битгий уур хүргээд байгаарай. Дүү минь ч битгий гомд. Үүнээс хойш би тэдэнтэй архи уухгүй. Болох уу гэсэнд Бао Чай:
-Одоо л ухаарч байна уу гэсэнд Шюэ Има:
-Чи энэ муу зангаасаа салбал луу хүртэл өндөглөх байлгүй гэсэнд хүү нь:
-Намайг тэдэнтэй дахиад архидвал дүү чи, нүүр рүү нулимаарай. Намайг хүн биш, адгуус гэж хараагаарай. Би ганц биеэ бодоод, ээж дүү хоёроо өдөр болгон зовоож яаж болох вэ. Ээж минь тулдаа л уурлаж байгаа юм. Дүүгийнхээ сэтгэлийг хайхрахгүй бол би хүн биш болно. Эцэг минь өнгөрсөн учраас би эхийгээ элбэрэхгүй байж болохгүй. Охин дүүгээ хайрлахгүй байж болохгүй. Би ингээд ээжийгээ уурлуулаад, охин дүүгээ гомдоогоод байвал мал адгууснаас ч дор болно гээд нулимас бөмбөрүүлэв. Ээж нь хүүгээ ийн хэлэхийг сонсоод сэтгэл нь уярч эхлэв. Бао Чай:
-Чи ер нь яагаад ээжийг аашилж, уйлуулж байдаг юм бэ гэж асуусанд ах нь:
-Үүнийг ярихаа больё. Дүүд цай өгөөч гэсэнд дүү нь:
-Би цай уухгүй. Ээжийг угааж арчиж дуусахаар бид дотогш орно гэсэнд ах нь:
-Дүүгийн хүзүүний оньсыг алтдах болжээ гэсэнд Бао Чай:
-Шар гэрэл гарч байгаа л бол алтдаад яахав гэсэнд Шюэ Пань:
-Дүү минь, дээл хувцсаа ч солих болж. Ямар өнгө, цэцэгтэйг авах бол надад хэлээрэй гэсэнд Бао Чай:
-Тэнд бэлэн байгаа хувцсаа өмсөж амжихгүй байхад нэмж аваад яахав гэтэл ээж нь хувцсаа сольж, үс гэзгээ янзлаад гарч ирэв. Тэд явсаар, Бао Юйг эргэхээр яваад И Хун юань хүрээлэнд очвол баахан эмгэд, охид бэрүүд гудмаар дүүрэн байхыг хараад, Жя Мү нар ирснийг мэдэв. Тэр хоёр дотогш орж хүмүүстэй мэндлээд, орон дээр хэвтэж байгаа Бао Юйд ойртож очив. Шюэ Има:
-Бие нь яаж байна даа гэж асуусанд Бао Юй өндийж:
-Сайн болж байна гэснээ залгуулаад та нарыгаа зовоосон нь даанч миний буруу боллоо гэв. Шюэ Има толгойг нь түшиж хэвтүүлээд:
-Юү хэрэгтэй байгаагаа надад хэлээрэй гэсэнд Бао Юй:
-Яриа юү байхав, хүсэх юмаа хэлэлгүй яахав гэсэнд Ван Фүрэнь:
-Юү идмээр байна. Би хариад аваад ирье гэвэл хүү нь:
-Юм идэхийг хүсэхгүй юмаа. Харин тэр лянхуаны шөл овоо амттай байсан шүү гэв. Фөн Же инээж:
-Сонсоцгоов уу. Юм идэх дургүй ч гэсэн, түүнийг идмээр байгаа нь овоо шүү гэсэнд Жя Мү:
-Очоод хийгээд өг, хийгээд өг гэв. Фэн Жэ инээн:
-Буурай минь битгий яар. За байз, түүний хэвийг чинь хэн хийлээ дээ гээд нэг эмгэнд: “Гал тогооны газар очоод асуугаад ир” гэсэнд тэрбээр гарч одов. Нилээд удсаны дараа мөнөөх эмгэн ирээд:
-Гал тогооны хүн дөрвөн зүйлийн хэв байсныг цөмийг хураалгасан гэнээ гэсэнд Фөн Же:
-Нээрэн тийм шүү, санаж байна. Түүнийг хэнд өглөө байз. Тэр ер нь цайн гэрт бий байх гээд хүн явуулж асуулгасанд тэнд үгүй байв. Тэгтэл алт мөнгөн эдлэл хариуцдаг хүн авч ирэв. Шюэ Има тосож аваад үзвэл нэг жижиг хайрцагт тохой урт, ямхын хэртэй дөрвөлжин, дөрвөн зүйлийн мөнгөн хэв байв. Бас буурцгийн чинээ удвал цэцэг, тэргүүлэгч цэцэг, лянхуан тоорцог, зангууны зургийг сийлсэн гуч дөчин зүйлийн маш нарийлаг хэв байв. Жя Мү, Ван Фүрэнийг харж инээгээд:
-Танай ордон гайхамшгийн туйлд хүрчээ. Нэг аяга шөл хийхэд ийм олон янз байдаг гэнэ. Нүдээр үзээгүй бол би эднийг юүнд хэрэглэдгийг мэдэхгүй юм байна гэв. Фөн Же бусдаас урьтах гэсэн мэт:
-Авга эгч та мэдэхгүй. Энэ бол дээр үеийн зоог бэлтгэж байхдаа бодсон арга. Чухам ямар гурилаар хэвлэж байсныг мэдэхгүй. Шинэхэн лянхуан навчсын сэнгэнэсэн үнэрийг шингээгээд сайн шөлөөр хийнэ. Намайг идэхэд төдий л сайн амт мэдэгдээгүй. Хэн үүнийг дандаа идээд байхав даа. Тэр үедээ, эзэнд шөл өгөхдөө л нэг удаа хийгээ биз. Тэр яагаад түүнийг бодож олсон юм, хэн мэдлээ гээд мөнөөх хэвийг тосож аваад нэг эхнэрт өгөөд:
-Даруйхан хэдэн тахиа мушгиж, дээр нь өөр зүйлийг нэмээд, арван аяга шөл хийж авчир гэж гал тогооны гэрт хэлэгтүн гэв. Ван Фүрэнь:
-Тийм их юм хийж яах юм бэ гэсэнд Фөн Же:
-Учир байна. Энэ юмыг байнга хийхгүй. Энэ өдөр Бао Юй дүү санаж оллоо. Ганц түүнд өгөөд Лао тайтай, авга эгч, тайтай нарт өгөхгүй бол муухай юм болно. Энэ далимд, ахиухан хийлгэж ирээд бүгдээрээ идэцгээе. Би ч мөн энэ далимаар нэг шинийг амсаатахъя гэв. Жя Мү инээгээд:
-Самж бичин чиний ухааныг яая даа. Ордны зоосоор олонд тал засахдаа… гэтэл бүгд нирхийтэл хөхрөлдөв. Фөн Же: “Энэ яадаг юм. Энэ өчүүхэн зүйлээр би ч гэсэн ачлал барьж чадна” гээд эргэж мөнөөх эхнэрт:
-Тогооны гэрийнхэнд, гагцхүү амттай сайн хийхийг хичээ гэж хэлээрэй. Мөнгийг миний дансанд тэмдэглээд аваг гэсэнд эхнэр за гээд гарч одов. Бао Чай:
-Би энд ирээд хэдэн жил боллоо. Хоёр дугаар бэргэн сэргэлэн их ухаантай нь харагддаг. Тэгэхдээ Лао тайтайгаас яаж илүү гарах вэ дээ гэсэнд Жя Мү:
-Эвий минь дээ, би өтөлсөн болохоор яаж үүнээс илүү байх вэ. Харин энэ Фөн охины насан дээр бол үүнээс давсан байж мэднэ. Одоо энэ минь, надаас дутуу байсан ч хамаагүй болж байна. Чиний Иниянгаас хол дээр шүү. Иниян ч үнэхээр хөөрхий, модон хүн мэт үг хэл ч үгүй, хадам эцэг эхийнхээ өмнө нурмайгаад л сууна. Фөн охины хамар ам хурц. Сайндаа хүний хайрыг татна уу гэж хэлэв. Бао Юй инээж:
-Ийм бол үг дуугүй нь хайрлагдахгүй нээ гэсэнд Жя Мү:
-Үг дуугүй нь, үг дуугүй ээ хайрладаг газар бас бий. Ам хамартай нь мөн нэг жигшилтэй газар байна. Харин ч үг дуугүй нь үл хүрнэ гэв. Бао Юй:
-Энэ даруй мөн тийм болой. Их бэргэн үг хэл цөөтэй байтал Лао тайтай мөн Фөн эгчтэй адилхан санаж байна. Хэрэв зөвхөн ам хэлтэйг санахад хүрвэл өдий олон эгч дүү нарын дотроос зөвхөн Фөн эгч, Линь охин дүү хоёрыг санана гэсэнд Жя Мү:
-Эгч дүү нар гэвэл би нагац тайтайгийн нүүр дээр зориуд магтах биш, манай гэрийн дөрвөн охины хэн нь ч Бао охинд үл хүрнэ гэв. Шюэ Има сонсоод сандарч:
-Лао тайтай та энэ үгийг ташуу хэллээ гэв. Ван Фүрэнь:
-Лао тайтай надад Бао охиныг сайн гэж дандаа магтдаг юм шүү. Үнэнээсээ магтдаг гэсэнд Бао Юй өдөж Лао тайтайгаар Дай Юйг магтуулах гэсэнд санаанаас гадуур юм болж Бао Чайг магтсан шүү гээд далимд нь түүний зүг хараад инээв. Цаадах нь Ши Рэньтэй юм ярьж байв. Гэнэт хүн ирж тэднийг хоолонд урьсанд Жя Мү босоод Бао Юйд: “Биеэ сайн сувилуул” гээд зарц охидод: “Сайн сувил” гэж захиад Фөн Жег сугадан гараад:
-Шөл болсон уу гэж асууснаа, та нар юу идэхээ над хэл. Би Фөн охиноор хийлгүүлж авчраад цөмөөр идье л дээ гэв. Шюэ Има инээж:
-Лао тайтай бас түүнийг шоглоно. Тэр үргэлж юм авчран хүндлэх боловч төдий л их идэхгүй юм гэсэнд Фөн Же инээж:
-Авга эгч ингэж хэлж болохгүй. Манай буурай эмээ, хүний махыг бол исгэлүүн гэж голно доо. Тийм биш бол намайг хэдийн барьж идэх байжээ гэв. Хүмүүс хөхрөлдөв. Бао Юй ч инээдээ барьж чадсангүй. Ши Рэнь: “Эр найнайгийн ам ч үнэхээр аймаар айхтар юмаа” гэв. Бао Юй гар сунган Ши Рэнийг татаж:
-Чи дандаа зогсоод хөл чинь өвдөж байгаа биз. Энд суу гээд дэргэдээ суулгав. Ши Рэнь: “Би хэлэхээ мартжээ. Бао авхайг хүрээнд байхад түүнд хэлж Ин Эрийг ирүүлээд хэдэн тууз хүргүүлэхгүй юмуу” гэсэнд цаадах нь: “Сануулсан чинь сайн боллоо” гээд өндийж цонхоор гадагш: “Бао эгчээ, хоол идсэний дараа Ин Эрийг ирүүлээд хэдэн тууз хүргүүлж өгнө үү, завтай юү” гэсэнд Бао Чай эргэж хараад: “Мэдлээ. Мөд түүнийг явуулъя” гэв. Жя Мү нар сайн сонсоогүй учир цөм зогсож: “Юу болов” гэж асуусанд Бао Чай хэлээд өгөв. Жя Мү, за хүү минь, түүнийг явуулаад дүүдээ хэдэн тууз хүргүүлээд өг. Чамд зарах хүн хэрэгтэй бол миний тэнд зүгээр суудаг зарц охин олон бий. Чи дуртайгаа дуудан аваач гэв. Шюэ Има хөхөрч: “Түүнийг дуудаад ирвэл боллоо. Бас юуны зарах вэ. Тэр өдөржин зүгээр сууж алиалж байгаа юм чинь” гэв. Тэд ийн ярилцсаар явж байтал хаднаас хумсны будаг түүж байсан Шян Юнь, Пин Эр, Шян Лин нар тэднийг хараад угтан ирэв. Ван Фүрэнь, Жя Мүг ядруузай гээд дээд байшинд залсанд дуртайяа зөвшөөрөв. Зарц охин түрүүлэн гүйж суудал засуулах болов. Тэр үед Жао Инян өвчнөөр шалтаглаж байсан тул ганц Жөү Инян хөгшин эм зарц нартай хамт яаран орхиул өлгөж, түшлэг засаж, дэвсгэр дэвсэв. Жя Мү, Фөн Жегээр түшүүлэн орж ирээд суудал эзэлсэн хойно Бао Чай, Шян Юнь нар доор сууцгаав. Ван Фүрэнь цай барин ирж Жя Мүд барьсаны дараа бусдад барив. Жя Мү: “Энэ ах дүүсийн чинь эхнэрүүд байхад чи цай барьж гүйгээд яана. Чи суу, хэдэн үг сольё” гэв. Вэн Фүрэнь суунгуут Фөн Жед: “Лао тайтайгийн будааг энд авчруулж өг” гэсэнд цаадах нь зарц нарыг дуудуулав. Ван ФүРэнь: “Авхайнуудыг ирүүл” гэв. Удаж удаж Тань Чүн, Ши Чүнь хоёр л ирэв. Ин Чүнь бие муу учир будаа идэхгүй гэсэн ажээ. Дай Юй, хоол өнжиж иддэг болохоор түүнийг авчирсангүй.
Төдөлгүй хоол ирж, бүгд зассан ширээнд суув. Фөн Же алчуурт боосон баахан савх барьж зогсоод:
-Буурай Шюэ Има хоёр найр тавилцах хэрэггүй. Миний хэлэхийг сонсвол боллоо гэсэнд Жя Мү: “Бид хэзээний ийм юмаа” гэв. Фөн Же савхнуудыг тарааж тавиад, Бао Юйд ногоо зууш авч өгнө. Төдөлгүй лянхуагийн навчны шөл ирсэнд цөм дор бүрнээ үзээд Бао Юйгийнхийг хүргүүлэв. Бао Чай, Ин Эр хоолоо идсэнийг мэдэх учир: “Эр Еэ чамаар тууз хүргүүлнэ гэсэн шүү, оч оч” гэсэнд Ин Эр, Юй Чуань хоёр явах болов.
-Энэ халуун юмыг тэр хол газар яаж аваачих юм бэ?
-Чи бүү зов. Надад арга байна.
-Ямар арга байдаг юм бэ чамд
-Чи харж л бай…
Тэр хоёр ийн ярилцаад, нэг хөгшнийг дуудан, шөл, будааг нэг хөвхөн саванд хийлгэж бариулаад дагуулж өөрсдөө зүгээр явцгааж байв. И Хун Юаний үүдэнд очоод, савтай юмаа мөнөөх хөгшнөөс аваад дотогш орцгоов. Бао Юйтэй хөхрөлдөн наадаж байсан Ши Рэнь, Чю Вэнь, Шө Юэ гурав, нөгөө хоёрыг орж ирмэгц сандран босоод хоолыг нь тосож авав. Юй Чуань нэг мухар сандалд суувал Ин Эр айгаад суусангүй. Сандал тавьж өгсөн ч зогссоор байв. Түүний ирсэнд Бао Юй баярлав. Тэрбээр Юй Чуанийг хараад, түүний эгч Жинь Чуанийг санаад гэмшиж, түүнтэй ярилцав. Ин Эрийг хайхрахгүй байхад юм бодуузай гэж бодоод Ши Рэнь нөгөө өрөөнд хөтлөн оруулж цай өгөв. Энэ хооронд Шө Юэ аяга, савх авчирч хоол идэхэд бэлдэнэ. Бао Юй хоол идэхгүй Юй Чуаньтай л ярьж байв. Түүнээс: “Ээжийн чинь бие сайн уу” гэсэнд, уурсах янз гарган, эгцэлж харахгүй байснаа “сайн” гэж ганц үг сулхан хэлэв. Бао Юй ч эвгүйцэв. Тэгээд хүчлэн инээмсэглэж “Хэн чамаар надад юм хүргүүлэв” гэсэнд цаадах нь: “Найнай, тайтай нар байх аа” гэв. Бао Юй түүний уруу царайтай байхаар нь Жинь Чуаньтай холбоотойг мэдээд сайхан аргадая гэж бодсон боловч олон хүн байхаар болсонгүй. Тэгээд тэднийг ийш тийш зарж явуулаад Юй Чуаньтай ярив. Цаадах нь ойшоохгүй янз үзүүлсэн ч Бао Юй аяар нь, аятайхан ааштай байсан учир сүүлдээ ааш зангаа засав. Бао Юй: “За эгч минь, тэр шөлөө аваад аль. Би амсаж үзье” гэж гуйв. Юй Чуань: “Би ерөөсөө хүнийг асарч тэжээж чаддаггүй. Тэднийг ирэхээр шөлөө уу” гэв. Бао Юй инээж:
-Би чамаар тэжээлгэх гэсэн юм биш. Босож чаддаггүй болоод гуйсан юм. Чи түүнийг авч надад авчраад уулгачихвал, хариад будаагаа идэхэд чинь амар болох болов уу л гэсэн юм. Би чамайг их удаасан тул чи өлсөж л байгаа. Чи хөдлөхөө залхуурч байгаа бол би нэг юм шүд зууж байгаад авчихъя гээд орноосоо буух гэж тэлчигнээд ёо гэж дуу алдав. Тэгэхээр нь Юй Чуань тэсэлгүй босоод: “Хэвтэж бай, хэвтэж бай. Аль төрлийн үйлдсэн нүглийн үр нь, одоогийн энэ төрөлд боловсорч байхыг би аль нүдээрээ үзэх ёстой юм” гэсээр хөхөрч аягатай шөлийг нь авч өгөв. Бао Юй инээгээд:
-За эгч минь, чи уурлавал энэ гэрт уурлаарай. Лао тайтай бусад тайтай нартай таарвал эвтэй сайхан бай. Мөн энэ мэт аашлахад хүрвэл чи харин зэмлүүлнэ шүү гэсэнд цаадах нь:
-Шөлөө уу. Чи надад олон сайхан үг хэлэх хэрэггүй. Би цөмийг мэднэ гээд Бао Юйг шалж байгаад хоёр аяга шөл уулгав. Бао Юй зориуд “Амтгүй юм” гэв. Юй Чуань ярвайж: “бурхан минь- гээд: “энэ шөл амтгүй бол өөр ямар юм амтай байх юм бэ” гэсэнд Бао Юй:
-Ямар ч амтгүй. Чи итгэхгүй байгаа бол амсаад үзэхгүй юү гэсэнд Юй Чуань үнэхээр хэлсэнээ батлах гээд амсаж үзсэнд Бао Юй инээгээд: “За одоо амттай болчихлоо” гэлээ. Юй Чуань өөрийг нь хуурч шөл оочуулах гэснийг ойлгоод:
-Чи нэгэнт уухгүй гэсэн болохоор, одоо амт орсон ч чамд өгөхгүй гэв. Бао Юй аргадан гуйж, цаадах нь өгөхгүй гэж байтал шивэгчин охин ирж: “Бао Эр Еэгийн гэрийн хоёр мөөмөө ирлээ” гэж мэдэгдэв. Бао Юй нийлэн шүүгч Фү Шийн гэрийн мөөмөө ирсэнийг мэдэв. Тэр Фү Шы бол Жя Жөнгийн шавь байсан, Жя овогтны нэр сүрд эрдэж ирсэн бөгөөд Жя Жөн ч бусад шавь нараасаа илүү дотно үздэг тул тэр ч үргэлж хүн хар илгээж нааш цааш явалцаж иржээ. Бао Юй угаасаа мунаг эр, мунхаг эмийг жигшдэг байтлаа өнөөдөр яахин энэ хөгшнийг оруулав гэвэл үүнд нэг учир байсан ажээ. Бао Юй энэ Фү Шы, Чю Фан гэгч нэгэн хаш мэт сувд адил сайхан охин дүүтэй бөгөөд өнгө зүс, эрдэм чадал бүрэн төгссөн хүн гэж сонссон тул хэдий нүдээр үзээгүй боловч алсаас санаархаж ихэд биширчээ. Тийн учир тэднийг оруулахгүй бол Фү Чюфанг гомдоох тул санд мэнд оруулжээ.
Тэр Фү Шы бол гэнэт баяжсан хүн бөгөөд Фү Чюфан нь өнгө зүстэй, цэцэн сэргэлэн төрсөн тул тэрбээр энэ охин дүүгээрээ их үүдний язгууртантай ураг төрөл болох гэж бодоод одоо болтол хүнд өгөхгүй байгаа бөгөөд охин дүү нь хорин гуравтай ажээ. Гэтэл хүн сүй тавиагүй, их үүдний язгууртангууд бол ядуу дутмаг, үндэс суурь нь бэхжээгүй гээд гуйгаагүй байгаа ажээ. Фү Шы, Жя овогтонтой дотно байдаг тул дотроо бас нэг бодлоготой ажээ. Өнөөдөр илгээсэн хоёр эмгэн нь, ухаан мэдлэггүй тул Бао Юйтэй уулзаад олигтой хоёр үг олж хэлсэнгүй. Юй Чуань, үл таних хүмүүс ирсэнд Бао Юйтэй ч ярихаа болиод аягатай шөлөө барьсаар зогсоно. Бао Юй хоол идсэн нэртэй, хоёр эмгэнтэй ярьсаар байх зуураа Юй Чуаний гараас шөлөө авах гээд цалгиулчихав. Инж охид ирж аягыг авч асгасныг арчив. Бао Юй гараа халсаныг тоолгүй Юй Чуаниас: “Чиний гар түлэгдээгүй биз” гэж зүгээр байгаа хүний гарыг асуусанд инээлдэв. Юй Чуань:
-Өөрөө түлэгдэх гэж байж, яагаа ч үгүй байгаа надаас асуудаг нь юу билээ гэсэнд Бао Юй түүний гарт шөл хүрээгүйг мэдэв. Бао Юйг хоол идсэний дараа гараа угаагаад цай уух зуур хоёр эмгэн явав. Чин Вэнь нар тэднийг үдэж явуулав.
Мөнөөх хоёр эмгэн цааш явахдаа Бао Юйн тухай хөөрөлдсөөр цаашлана. Нэг нь:
-Энэ айлын Бао Юйг зүс нь сайхан боловч ухаан нь мунхаг, “Үзэхэд сайхан боловч идэхэд амтгүй” гэж хүмүүс ярьдаг нь буруугүй бололтой. Үнэхээр мунхаг байдал харагдлаа. Өөрийнхөө гарыг халж байхад бусдын гарыг өвдөв үү гэж асууж байгаа чинь тэнэг бишүү… гэхэд нөгөөх нь:
-Намайг дээр нэг ирэхэд, гэрийнхэн нь мунхаг шинжтэй гэж ярьж байсан юм. Нээг их бороонд усан хулгана болтлоо норчихоод хажуудаа байгаа хүнд “Бороо орох нь гэрт ор” гэж хэлсэн гэнэлээ. Үнэхээр инээдтэй хэрэг шүү. Дэргэдээ хүнгүй бол дандаа ганцаараа ярьж, инээж, уйлдаг гэнэлээ. Хараацай хараад түүнтэй ярьж усанд загас харахаар түүнийг дуудаж, огторгуйн од сарыг харахаараа санаашран гонсойх буюу умар тумар дүдэгнэнэ. Өчүүхэн ч зориг байхгүй, муусайн сэгсгэр охидод хүртэл дарлуулна. Эдийг хайрлахаар утас учиг ч хаяхгүй, үрж бүрэлгэхээрээ мянга түмэн ланг тоохгүй, хачин хүн гэхчилэн ярина. Тэр хоёр ийн ярилцсаар хүрээнээс гарч явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Ши Рэнь хүн явахыг хүлээж байгаад Ин Эрийг дагуулж ирээд Бао Юйгээс: “Ямар тууз сүлжүүлэх юм бэ” гэж асуусанд тэрбээр Ин Эрийг харж инээгээд:
-Сая би үгэндээ болоод чамайг мартжээ. Надад хэдэн хавтага хийж аль гэж гуйх гэсэн юм гэсэнд цаадах нь:
-Юу хийх хавтага вэ гэж асуув. Бао Юй:
-Юу ч хийсэн хамаагүй. Янз бүрийн хавтагыг дууриагаад хэдийг сүлжээд аль гэв. Ин Эр алга хавсран хөхөрч:
-Энэ яаж болох вэ. Харсанаа л дууриагаад сүлжээд байх юм бол арван жил болсон ч барагдахгүй гэсэнд Бао Юй:
-Охин минь, чи завтай байгаа тул түүнийг сүлжиж өг гэхэд нь Ши Рэнь инээж:
-Яалаа гэж бүгдийг нэг мөсөн хийж барах вэ. Урьдаар чухал хэрэглэхийгээ хэдийг хийлгээд ав гэсэнд Ин Эр:
-Чухал гэсэн нь юу гэсэн үг вэ. Сагс, заарын цацаг, тэлээ мэт гэсэн үгүү… гэсэнд Бао Юй:
-Тийм, тэлээ сүлжтүгэй гэхээр нь Ин Эр:
-Тэлээг ямар өнгөөр сүлжих юм бэ гэж асуусанд Бао Юй:
-Гал улаан өнгөөр гэв. Ин Эр:
-Тийм бол хар тор сайхан тохирно доо. Эсвэл хөх өнгө… сая өнгийг дарж чадна гэсэнд Бао Юй:
-Боргоцойн өнгөнд ямар өнгө таарах вэ гэв. Ин Эр:
-Түүнд чинь, тоорын улаан таарна гэхэд Бао Юй инээж:
-Энэ сая тод хурц болно. Боловсон зөөлөн өнгөн дээр хурц тод өнгө нэмснийг бас нэгийг сүлжчих гэсэнд Ин Эр:
-Сонгинын ногоон дээр удын шар өнгө тааруулбал харин боловсон зөөлөн өнгө болно гэв. Бао Юй:
-За боллоо. Тоорын улааныг нэг, сонгинын ногооныг нэг сүлжчих. Ин Элээ ямар ямар хээ байдаг юм бэ гэж асуув. Ин Эр:
-Утсан хээ, шатан хээ, хошуулжин хээ, хатны бэл, хааны туухай, удын навч, тэргүүлэгч цэцэг… гээд л бий дээ гэсэнд:
-Чи тэр гуравдугаар авхайд сүлжиж өгсөн чинь, ямар хээтэй вэ гэж Бао Юйг асуухад Ин Эр:
-Тэр чинь бөөн тэргүүлэгч гэдэг юм гэв. Бао Юй:
-Сайхан хээ байсан даа.. гэтэл Ши Рэнь утас аваад ирэв.
Цонхны цаана нэг эмгэн ирж “Авхай нарын хоол бэлэн боллоо” гэж хэлмэгц Бао Юй, “Та нар хоолоо идээд ир” гэв. Ши Рэнь:
-Зочин байж байхад орхиод явна гэж үү гэж асуусанд Ин эр утасны ороолдоог гарган “Юуны бас зочин гийчин болчихвоо. Та нар хурдан яваад ир” гэсэнд тэд явцгаав. Хоёр бяцхан инж үлдээв. Бао Юй, Ин элийн утас ороохыг сонирхон харж энэ тэрхнийг ярилцаж байв.
-Одоо хэдтэй болж байна вэ.
-Арван тав
-Ямар овог вэ.
-Хуан овогтой
-Энэ овог, нэр хоёр сайхан таарчээ. Үнэхээр Хуан Ин Эр1 болно.
Бао Юйг ингэж хэлсэнд Ин Эр инээсээр: “Миний нэр угтаа хоёр үсэгтэй. Жинь Ин гэдэг байсан. Авхай амны ая дагахгүй гэж Ин Эр гэж дуудсаар ийн нэршжээ гэсэнд Бао Юй: “Бао эгч ч мөн чамайг санасанд орно. Хожим Бао эгч хайрлавал чи дагаж очиход хүрнэ дээ” гэв. Ин Эр жуумалзаж байв. Бао Юй: “Аль нэгэн буянтан, танай эзэн боол хоёрыг буулган аваачих болов уу гэж би үргэлж Хуань эгчтэй чинь ярилцдаг юм” гэхэд Ин Эр инээж: – манай авхайд, ертөнцийн хүнд ховор байдаг хэдэн сайн чанар байдгийг чи мэдэхгүй. Өнгө зүс ч бага хэрэг гэв. Түүний эевэргүү зөөлөн, ээнэгшингүй сайхнаар инээхийг хараад Бао Юйн сэтгэл нэгэнт хөвсөлзсөний дээр нэн бас Бао Чайн нэрийг сонссонд аятайхан болов. Тэгээд Бао Юй: “Түүнд ямар сайн чанар байдгийг чи надад хэлж өг” гэсэнд Ин Эр:
-Тэгье, тэгье. Чи харин түүнд хэлж болохгүй гэсэнд Бао Юй:
-Юу гэж хэлэх вэ гэтэл гадаа “Юутай анир чимээгүй байх юм бэ” гэх сонсогдсонд эргэж харвал Бао Чай ирж байлаа. Бао Юй суухыг урив. Бао Чай “Юу сүлжиж байгаа юм” гэж Ин Эрээс асуув. Ин Эр гараа харвал хагас төө хэртэй сүлжсэн байв. Тэгээд Бао Чай:
-Энэ олигтой юм биш байна. Жоохон хавтага шив дээ. Хашаа хавтагалаад ч зүүж хүрэхгүй юм шив дээ гэсэнд, энэ ганц үгнээс санаа аваад Бао Юй алга ташин хөхөрч:
-Эгчийн хэлэх зөв өө. Би мартчихаж. Ямар өнгөөр хийвэл зүгээр вэ гэтэл Бао Чай:
-Хүрэн өнгө л лав дэмий. Гал улаан бас болохгүй байх. Шар өнгө тодгүй. Хар бол бүр яаж болох вэ. Би бол… чи тэр алтан утсаа авчирч хар утастай ширхэгчлэн нийтгээд хавтага сүлжвэл их сайхан болно гэв. Бао Юй баярлаж, Ши Рэнийг дээрээс алтан утас авчир гэж хэлүүлэв. Тэгтэл Ши Рэнь, Бао Юйд өгөх хоёр аяга ногоо бариад орж ирээд түүнд: “Өнөөдөр сонин юм болж байна. Сая тайтай хоёр аяга ногоо ирүүлжээ” гэсэнд Бао Юй: “Өнөөдрийн ногоо их болохоор бүгдэд өгч идүүлье гэж байгаа юм байлгүй” гэтэл Ши Рэнь:
-Тийм бишээ. Надад нэр зааж өгсөн. Бас Баог очиж мөргөгтүн гэсээн. Энэ харин сонин байгаа биз гэв. Бао Чай инээгээд:
-Чамд өгсөн юм бол чи ид. Сэжиглэх хэрэггүй гэсэнд Ши Рэнь:
-Ерөөсөө ингэж байгаагүй болохоор л эвгүй санагдаад байгаа юм гэсэнд Бао Чай жуумалзаад:
-Иймхэн юманд эвгүйрхэх юү байхав. Үүнээс илүү эвгүйцэх юм гарах л байлгүй гэхээр нь Ши Рэнь үг дотор үг байдгийг мэдэхийн хамт Бао Чай ерөөсөө хүнийг явуулдаггүйгээс гадна тэр өдөр Ван Фүрэнь баахан бурсныг санаад дуугарсангүй. Ногоогоо Бао Юйд үзүүлээд, гараа угаачихаад мөнөөх утсыг авчрахаар гарч явав. Төдөлгүй буцаж ирээд Ши Рэнь алтан утсыг Ин Эрд өгчилгөв. Тэгтэл Шюэ Пань, Бао Чайг дуудуулав. Түүнтэй зөрөөд, Шин Фүрэний тэндээс хоёр инж Бао Юйд өгүүлсэн жимсүүдийг хүргэж ирээд: “Босож, гишгэж болж байвал агийг маргааш ирж уйтгараа сэргээ. Тайтай дурсан санагалзаж байна” гэж хэлүүлжээ. Бао Юй: “Алхаж гишгэж болбол очиж тайтайгийн амрыг эрнээ. Өвдөх нь гайгүй болж л байна. Тайтай санаа амар байгтүн” гэж хэлээрэй гээд тэр хоёр инжийг суулгаж Чю Вэнийг дуудан: “Саяын жимсний хагасыг Линь авхайд аваачиж өг” гэв. Цаадах нь за гээд гарах гэтэл хүрээнд Дай Юйн дуу гарав. Бао Юй санд мэнд “Урьж оруулагтун” гэж бархирав. Юу болсныг мэдье гэвэл дараах бүлэгт унштугай!
Тайлбар:
Хуан Инэр-Ин Эр хэмээх нэрийг орчуулбал, гургалдай гэсэн үг ажээ. Хуан овгийг орчуулбал шар гэсэн үг юм. Тийнхүү овог нэр нь нийлбэл, шар гургалдай болно. Дараагийн мөрний Жинь Инийг орчуулбал алтан гургалдай гэсэн үг болно.
Холбоотой мэдээ