Завханы зарим суманд өвөлжилт хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

Завханы зарим суманд өвөлжилт хүндэрчээ

Завханы зарим суманд өвөлжилт хүндэрчээ

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар өнгөрөгч баасан гаригт (2018.01.26) Улаанбаатар хотод боллоо. Цаг уурын орчны шинжилгээний газарт болсон энэхүү уулзалт семинарт 21 аймгийн Ус цаг орчны газрын албаны дарга нар болон төлөөлөгчид оролцсон юм.

Уулзалтын үеэр Завхан аймгийн Ус, цаг уурын орчны шинжилгээний газрын дарга Б.Мөнгөнцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Завхан аймагт өвөлжилт ямар байна вэ?

-Он гараад хүйтний эрч чангарч нийт нутгаар цастай байна. Цас ихтэй сумаар буюу нутгийн хойд хэсгээр 50-51 хэм хүрч хүйтэрлээ. Зарим нутгаар тодруулбал, Тэс, Баянтэсэд 51-52, Цэцэн-Уул суманд 53 хэм хүртэл хүйтэрсэн байгаа. Хангай уулархаг нутгаар 43-49 хэм хүрсэн. Малын өвөлжилт хүндэрч эхэлсэн. Зарим нутгаар зун зуншлага тааруу байсан болохоор өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

-Өвөлжилт хамгийн хүндрэлтэй байгаа ямар сум байна вэ?

-Баруун талын буюу говийн сум болох Ургамал, Завханмандал, Дөрвөлжинд өвөлжилт хамгийн хүнд байгаа. Зун гантай байсан учраас малын бэлчээрийн даац маш тааруухан, нэмэлт тэжээлийн дутагдалтай. Мал бэлчээрт гарахад их хүндрэлтэй болсон.

-Аймгийн хэмжээнд цаг агаарын мэдээлэл авахад хэр бодитой байна вэ? Алслагдсан сумдад хүрч ажиллах боломж ямар байна вэ?

-Цаг агаарын мэдээ мэдээлэл авахад шуурхай болсон. Орон нутагт яаралтай цаг агаарын сэрэмжлүүлэг хүргэхэд харьцангүй хурдан боллоо. Нарийвчилсэн мэдээлэл гарч байгаа болохоор саадгүй ажиллаж байна. Техник технологийн багаж хэрэгсэл шинэчлэх шаардлагатай болсон. Мөн машин ашиглалтын хугацаа дууссан зэрэг хүндрэл бий.

-Өвлийн цагт аялал жуулчлал дагаад уулчид явах боломж хэр байна вэ?

-Манайханд одоогоор уулчдын талаарх мэдээлэл бага байна. Отгонтэнгэр ууланд болсон ослоос хойш ууланд авирах иргэдэд цаг агаарын мэдээлэл шуурхай хүрч байгаа. Монгол орны хамгийн хүйтэн цэг бол Завхан аймаг. Харьцангуй өндөр бүс нутаг учраас темпатурын хэлбэлзэл ихтэй байдаг. Цэцэн-Уул, Идэр, Тэсийн сав голын бүс нутгаар хүйтрэх нь эрчимтэй ажиглагддаг. Тиймээс өвлийн цагт аялал жуулчлалаар явах нь эрсдэлтэй байдаг болохоор мэдээ мэдээлэл аваад явдаг байх.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж