Демаркус Казинс энэ улиралд дахин тоглохгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.27-нд нийтлэгдсэн

Демаркус Казинс энэ улиралд дахин тоглохгүй боллоо

Демаркус Казинс энэ улиралд дахин тоглохгүй боллоо

“Нью Орлеанс Пеликанс” баг бүсийнхээ тэргүүлэгч “Хьюстон Рокетс” багийг талбайдаа хожсон боловч гол тоглогч Демаркус Казинсыг бэртэлд алдлаа. Тоглолтын төгсгөлийн мөчид Казинс гэмтэж, улмаар алхаж чадахгүй болсон юм. Тэрбээр гэмтэл авахдаа ямар нэг тоглогчтой мөргөлдөж, шүргэлцсэн зүйл байсангүй.

Улмаар тоглогчдын тусламжтайгаар талбайг орхисон Казинсыг яаралтай нарийн шинжилгээ буюу MRI-д оруулахад зүүн хөлийн ахиллийн шөрмөс бүрэн тасарсан нь тогтоогджээ. Энэ мэдээг авсны дараа “Пеликанс” багийн удирдлага Казинсыг энэ улиралд дахин талбайд гарах боломжгүй гэдгийг албан ёсоор хагас цагийн дараа зарлав.

Ийм хэмжээний гэмтэл бүрэн эдгэрэхэд бараг жил орчим хугацаа шаардлагатайг багийн эмч, удирдлагууд төдийгүй фенүүд хүртэл мэддэг болсон. Тиймээс энэ мэдэгдлийг цочирдож хүлээж авсангүй. Удалгүй ESPN-ий сэтгүүлч Адриан Уожнаровскигийн өгсөн мэдээллээр Казинсыг 6-10 сарын хугацаанд эдгэрнэ гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Гэвч мэс заслын дараа эмч мэргэжилтнүүд нарийн хугацааг тодорхойлох боломжтой болох юм.

Ямартай ч Казинс төдийгүй “Пеликанс” багийн хувьд энэ гэмтэл хүнд цохилт боллоо. Шинэ “ихэр цамхаг”-ийг бүрдүүлсэн тэд плей-оффын байрлалд байсан төдийгүй хавар “аюул тарих” багуудын тоонд зүй ёсоор багтаж байв. Гэвч одоо тэрхүү жагсаалтаас шууд хасагдлаа.

Түүгээр ч зогсохгүй Казинсын ирээдүй хэрхэх вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Казинс гэрээнийхээ сүүлийн жилд тоглож байсан бөгөөд долдугаар сарын 1-нд чөлөөт агент болно. Карьерынхаа хамгийн том, өндөр үнийн дүн бүхий гэрээ хийнэ гэж тооцоолж байсан түүний хувьд энэ гэмтэл тооцоолшгүй, хүнд цохилт болж байна. Мөн хоёрдугаар сард солилцооны цонх хаагдах үеэр аль нэг баг руу явахгүй нь тодорхой болов.

Казинс энэ улиралд 47 тоглолтод оролцохдоо 25.4 оноо, 12.9 самбар дунджилсан бөгөөд 18 сая м.долларын цалин авч байж. Тэрбээр саяхан 44 оноо, 24 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч, NBA-ын талбайд хагас зуун жилд гараагүй өвөрмөц амжилт үзүүлж байсан юм.

 

Б.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж