Дэлхийн газрын тосны хамгийн том нийлүүлэгч Саудын Араб эдийн засгаа солонгоруулахын тулд шат дараатай бодлого хэрэгжүүлж эхэлсний нэг нь энэхүү “элсэн дээрх хот” юм.
Түүхий нефтиэс хараат байдлаас гарахын тулд тус улсын Засгийн газар элсэн цөлд шинэ хотууд сүндэрлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Тэдгээрийн нэг нь хэдийн бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн Knowledge Economic City нэртэй төсөл юм.
2020 онд барьж дуусгахаар төлөвлөсөн шинэ хот нь Улаан тэнгисийн эргээс 100 орчим км зайд орших Медина хотын ойролцоо сүндэрлэж байгаа юм. Саудын Арабын Хөрөнгө оруулалтын ерөнхий газрын дарга Амр Даббах энэ төслийн талаар анх 2006 онд зарлаж байв.
Нийт 7 тэрбум ам.долларын төсвөөр босох уг хот 4.8 хавтгай дөрвөлжин км талбайг хамрах аж. Хотын мастер төлөвлөгөөнд дэлгүүр, үйлчилгээний газар, оффисын барилга, орон сууц гээд шаардлагатай бүхнийг багтаажээ.
Хот дотор орон сууцны зориулалттай дөрвөн хороолол байна. Тус бүртээ цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, дасгалын талбай, сүм, дэлгүүр, усан сантай байх гэнэ. Нэг хороололд ижил загвартай 900 тохилог байшин байхаар шийджээ.
Түүнчлэн хот дотор нэг том худалдааны төв байрлана. Түүнд тансаг зэрэглэлийн автомашины үзүүлэнгийн танхим, ресторан, кафе, дэлхийд алдартай хоолны сүлжээ газрууд ч нээгдэх ажээ.
Саудын Засгийн газар энэ хотыг барьснаар 20 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолсон байна. Мөн хотыг 150 мянга орчим оршин суугчтай байхаар төлөвлөсөн бөгөөд оршин суугчид нь өндөр хурдны галт тэргээр Мекка, Жидда хотууд руу зорчих боломжтой гэнэ.
С.ЦЭЛМЭГ