NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн ‘ОНЦЛОХ’ ярилцлагыг хүргэж байна
Б.Хоролмаа: Охины утсаар ярьсан байршлыг ч тогтоогоогүй
Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай охин алга болсноос хойш 80 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйсангүй. Охиноо хаа нэгтээ амьд байгаа, хэзээ нэгэн өдөр ороод ирнэ гэж сэтгэлээ сэмэртэл хүлээж суугаа ээж эрэл суралд нь нэмэр болох арга хайн, Улаанбаатарт иржээ. Түүнийг Б.Хоролмаа гэдэг.
-Манай редакцид ярилцлага өгөхийг зөвшөөрч, ирсэн танд баярлалаа. Танд маш хэцүү өдрүүд өнгөрч байгааг ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Дорноговь аймгийн Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гарч, таны охиныг эрэн хайх ажиллагааг явууллаа. Ямар нэгэн сэжүүр огт гараагүй гэж үү?
-Охин минь алга болоод хоёр сар хагасын хугацаа өнгөрлөө. Одоог хүртэл ямар ч ул мөр олдоогүй байна. Цагдаа нар хэргийн сэжүүр л хайдаг юм байна. Сүүлдээ тэд нар өөрсдөө ч гайхаж эхэлж байна. Өмнө нь хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч байсан, тэр бүхэнд ямар нэгэн байдлаар сэжүүр олддог. Гэтэл энэ тохиолдол гайхашрал төрүүлж байна гэж байсан. Хотоос очсон цагдаа нар бүгд оны өмнөхөн буцсан. Одоо Замын-Үүд сумын цагдаа нар охиныг минь хайх ажлыг үргэлжлүүлж байгаа. Хотоос томилогдсон цагдаа нар арав, арваннэгдүгээр сард бүтэн ажилласан. Замын-Үүд сумын айл болгоноор орсон. Машин шүргэж, мөргөөд замын хажууд орхисон байж болзошгүй гэж үзээд, Замын-Үүд сумаас Сайншанд орох замын хоёр талыг бүхэлд нь самнасан. Би хувиараа Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн, Улаан-Уул сумын төвөөр явж хайсан. Энэ хугацаанд харамсалтай нь ямар ч сураг гарсангүй.
-Замын-Үүд сумын иргэдээс тайлбар, мэдүүлэг авсан гэсэн. Ямар хүмүүстэй голчлон уулзсан бол?
-Хэн хэнээс, хэдэн удаа мэдүүлэг авсан талаар бол цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц гээд хэлээгүй. Охин маань арваннэгдүгээр сарын 2-ны өдөр алга болсон. Тэр өдрийн 12.00 цаг өнгөрч байх үед хашаанаасаа гараад явж байхыг нь нэг гудамжинд байдаг айлын хүн харсан байгаа юм. Гудамжны үзүүрт сургууль руу явдаг автобусны буудал байдаг. Мөн тэнд зогсож байхыг нь харсан хүн байгаа. Уг нь Замын-Үүд хөл хөдөлгөөн ихтэй газар. Гэтэл миний охиныг үзэж харсан өөр хүн энэ хоёр гэрчээс өөр олдоогүй. Хичээлийн цагаар гудамжинд хүмүүс хэр олон байдгийг судлахаар цагдаа нар өөрсдөө явж үзсэн. Хөл хөдөлгөөн их. Өглөөний анги тарлаа, зөрөөд үдээс хойш хичээллэх анги нь орж байдаг. Тийм үед сургууль руугаа явж байсан хүүхэд өөр хүмүүстэй таараагүй байна гэхээр гайхаад барахгүй юм. Нутгийн ард түмэн харсан, үзсэнээ хэлбэл цагдаад байнга дуудагдах байх гэж төвөгшөөж байж магадгүй ээ. Хоёрхон хүн л охиныг харсан талаараа мэдээлэл өгсөн.
-Та тэр өдрийн 18.00 цагт охиноо алга болсон талаар сумынхаа цагдаад мэдэгдсэн байсан. Яг тэр өдөр Д.Сэржмядагийн гэрээсээ гараад явсан мөрийг тогтоож, олсон юм болов уу?
-Нөхөр бид хоёр охиноо алга болдог өдөр Сайншанд явсан байсныг би хэвлэл мэдээллийнхэн болон цагдаагийн байгууллагад мэдээлж байсан даа. Замын-Үүдэд буцаж ирээд, охиноо алга болсныг мэдсэн даруйдаа цагдаад хандсан. Сумын цагдаа нар бол эхлээд мөр хайгаагүй. Бүгд л бужигначихсан. Тэгээд хамаг мөр алдагдсан. Тухайн үед миний охиныг хайж байсан нутгийн иргэд, цагдаа нарын сэтгэл нь сайхан юм даа. Тэр үед мөр мөшгих тухай бодохтой манатай байсан байх. Магадгүй, яг тэгэхэд хэрэгтэн эсвэл хэрэгтэнтэй холбоотой хүн тэр хавиар явж, эрлийн ажиллагаа хаагуур хийгдэж байна, цагдаа нар ямар хэсгийг самнаж байна гэдгийг мэдэж авсан ч байж ч болох. Ингэж хүртэл бодож үзсэн. Юм юм л бодогддог юм байна. Охин алга болсон эхний гурав хоногт Замын-Үүд сумынхан машинтайгаа нааш, цааш маш их холхисон. Тэгсээр дүүгийнхээ мөрийг харж, хайсан эгчийнх нь мөр ч алга болсон. Улаанбаатараас цагдаа нар ирээд хэлж байсан "Яагаад эхлээд алга болсон Д.Сэржмядагийн мөрийг шалгасангүй вэ, яагаад огцом ийм самналт хийв" гэсэн
ЖАН СЕБАСТЬЯН ЖАК: МОНГОЛЧУУД ГҮНИЙ УУРХАЙН ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮД БОЛОХ БОЛОМЖТОЙ
Рио Тинто группийн албан ёсны төлөөлөгчийн газар даваа гаригт /2018.01.22/ Монгол Улсад нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон тус группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Мөнхтүшиг нартай ярилцлаа.
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Рио Тинто групп Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газраа нээлээ. Энэ талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Д.Мөнхтүшиг:
–Оюутолгой бол 100 гаруй жил ажиллах хүчин чадалтай уурхай. Энэ том төсөл дээр Монгол Улсын Засгийн газар Рио Тинто групптэй хамтран ажиллаад удаж байна. Түүнээс гадна, Рио Тинто Монгол Улстай хамтран ажиллах маш их боломж байна гэж бид харж байна. Тодруулбал, IT болон уул, уурхайн хайгуулын салбарыг нэрлэж болно. Энэ тал дээр бодит ажил хэрэг болоод явж байгаа зүйл бий. Жишээлбэл, Монголиа Дэливери Центр гээд IT байгууллага байна. Энэ байгууллага нь Рио Тинтогийн олон улсад явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг IT компани юм. Монгол Улсын IT компаниуд дэлхийн зах зээлд гарахад хэцүү байдаг. Иймээс энэ чиглэлд бид хамтран ажиллах боломжтой.
Жан Себастьян Жак:
-Монгол Улс Рио Тинтогийн хувьд маш чухал орон. Миний бие өчигдөр /2018.01.21/ Оюутолгойн гүний уурхайд ажиллаад ирлээ. Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа гэхээр хүмүүс Оюутолгой гэж ойлгодог. Бодит байдал дээр бол маш олон салбарт бид хамтран ажилладаг. Бидэнд IT үйлчилгээ үзүүлдэг салбар компани бий. Тус компани нь Рио Тинтогийн дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй уурхайн, бизнесийн бүх салбар, компаниудад хүсэлтийнх нь дагуу IT, мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлдэг. Мөн Монгол Улсад уул уурхайн хайгуулын баг ажиллуулж байна. Үүнтэй холбоотойгоор, дараа дараагийн томоохон орд газрыг илрүүлэх, дэлхийн түвшний уурхай нээж, бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна. Гуравт, Монголд ажиллаж байгаа монгол уурхайчдын ур чадвар бидний хувьд маш чухал гэдгийг онцолмоор байна.
Сүүлийн үед уул уурхайн салбарт яригдаж буй блокчлон олборлолт хийх технологийг Оюутолгой дээр ашиглаж байна. Энэ бол дэлхийн цөөхөн компани эзэмшдэг нарийн технологи юм. Иймээс Оюутолгой дээр бэлтгэгдэж буй залуучууд 7-10 жилийн дараа Рио Тинтогийн хэмжээний гүний уурхайн хамгийн шилдэг инженерүүд болох боломжтой. Үүндээ ч би итгэлтэй байна.
Эдгээр залуучуудыг бэлтгэснээр зөвхөн Оюутолгой гэлтгүй Рио Тинтод ч гэсэн хэрэгцээтэй боловсон хүчин болох юм. Тэд алсдаа Рио Тинтогийн бусад томоохон орд газарт ажиллах, олон улсын уурхайчдаас туршлага солилцох өргөн бололцоо бий. Хүнийг хөгжүүлэх, хүний ур чадварыг ашиглана гэдэг бидний үйл ажиллагааны гол цөм юм.
Манай удирдлагын багийнхан өнгөрсөн долоо хоногт Сингапурт ажиллалаа. Сингапурт Рио Тинто группийн борлуулалт, маркетингийн төлөөлөгчийн газар бий. Тэнд ажиллаж буй монголчуудын тоо улам бүр нэмэгдэж байна. Энэ мэтчилэн Рио Тинтогийн удирдлага, маркетинг, борлуулалтын чиглэлд ажиллаж буй монгол залуу улам олон болж байна. Гэвч техникийн чиглэлийн ажил дээр хараахан олон улсын түвшинд ажиллах хэмжээнд хүрч чадахгүй байна. Иймээс дэлхийн шилдэг уурхайчдыг бид Монголоос төрүүлэн гаргах бүрэн боломжтой гэж харж байгаа юм.
‘ТӨР ЦАХИМ ҮНЭМЛЭХТЭЙ ИРГЭНЭЭС НОТАРИАТЫН БАТАЛГАА НЭХДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ’
-Улсын бүртгэлийн болон холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж байна. Хуулийг яаравчлан хэлэлцэхээр оруулж ирснийг сөрөг хүчин эсэргүүцэж байсан. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд улсын бүртгэлтэй холбоотой хуулийн төслүүдийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна уу?
-Улсын бүртгэлийн ерөнхий хууль анх 2009 онд батлагдсан. Хууль гарснаар улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болсон. Бүртгэлийн байгууллагуудыг нэгтгэж, нэг иргэн нэг бүртгэлтэй байх боломжийг бүрдүүлж, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулна гэдэг нь нэг удаагийн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй. Тиймээс нийгэмд шинээр үүсэж буй харилцааг зохицуулахын тулд хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Миний хувьд хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий хэмээн үзэж байгаа. Учир нь өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн бүртгэл цахим болсон. Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэхийн тулд цахим хувилбарыг бүрэн утгаар нь ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэний бүхий л мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн байхад тухайн иргэнээс өөрийнх нь мэдээллийг дахин шаардах хэрэггүй гэсэн үг. Иргэн төрийн байгууллагуудаар гүйж, өөрийн мэдээллээ цуглуулах биш, төрийн байгууллагуудын мэдээлэл гүйж байх ёстой. Тухайлбал, халамж, даатгал, татвар, замын цагдаа, зэрэг байгууллагууд мэдээллийг хоорондоо солилцож, иргэнд чирэгдэл учруулах ёсгүй. Ийм л тогтолцоонд шилжихийн тулд дээрх хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий.
-Төрийн байгууллагууд нэгдсэн мэдээллийн төв системтэй болно гэсэн үг үү?
-Төрийн үйлчилгээ үзүүлж буй бүхий л байгууллагын мэдээлэл нэгдсэн нэг баазад цугларч мэдээлэл солилцооны төвтэй болох нь чухал. Энэхүү төвд төрийн байгууллагын аль ч ажилтан нэвтэрч мэдээлэл авдаг байх ёстой. Гэхдээ хаанаас хэн хэзээ холбогдож, ямар мэдээлэл авсан гэдэг нь бүртгэгдэх ёстой. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдал хангагдана. Мэдээллийг хаалттай болон нээлттэй гэж ангилах ёстой. Нээлттэй мэдээллийг зөвхөн төрийн байгууллагууд ашиглах бус банк санхүүгийн байгууллага ч ашиглах боломжийг олгох хэрэгтэй. Ийм л тогтолцоог бий болгохын төлөө төр ажиллах ёстой.
-Цахим үнэмлэхтэй болсон ч түүнийгээ ашиглаж чаддаггүй гэх шүүмжлэл их байдаг?
-Иргэдийн ихэнх үйлчилгээ улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл байдаг. Тэгэхээр бүртгэлийн нэгдсэн систем бий болгох боломж нь бий. Харин түүнд нэвтрэх иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг авах эрхийг нь нээж өгөх ёстой. Долоон жилийн өмнө монголчууд цахим үнэмлэхтэй болсон. Энэ үнэмлэх 72 GB багтаамжтай, бүхий л мэдээлэл орох боломжтой. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд цахим үнэмлэхээ бүрэн ашиглаж чадаагүйгээс иргэдэд маш их чирэгдэл учрууллаа. Иргэн өөрийн биеэр байхад нотариатаар иргэний үнэмлэхээ баталгаажуулахыг шаарддаг байдлыг зогсоох хэрэгтэй. Улсын бүртгэлийн байгууллага энэ чиглэлээр санаачлагатай ажиллаж, техник, технологийн давуу талыг ашиглах бүрэн боломжтой. Зарим зүйлийг нь хуулиар зохицуулах бүрэн боломжтой.