Д.Хаянхярваа: Ерөнхий сайд компаниудад сэдэл өгчихлөө

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Ерөнхий сайд компаниудад сэдэл өгчихлөө

Д.Хаянхярваа: Ерөнхий сайд компаниудад сэдэл өгчихлөө

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын Ерөнхий сайдад хандан тавьсан шатахууны үнэ, нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой асуулгын хариуг сонслоо. 

2018 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80-60 хоног, АИ-92 болон АИ-95 – 41 хоног, дизель түлш 38 хоног, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Монгол Улс 2014 онд-1,3 сая тонн, 2015 онд – 1,2 сая тонн, 2016 онд – 1,2 сая тонн, 2017 онд – 1,5 сая тонн шатахуун импортоор авсан байна. Цаашид түлш жижиглэн худалдааг зах зээлийн үнэтэй уялдуулах, евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр барих ажлыг Засгийн газраас эрчимжүүлнэ гэж Засгийн газар мэдэгдэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд бараа үйлчилгээний үнэ 1 хувиар өсдөг судалгаа гарсан гэдгийг онцлов. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-ОУВС-тай тохирсон учраас энэ хүрээнд шийдэхгүй бол төсвийн алдагдал нөхөх 700 сая ам.доллар, өр авлагын асуудал бий. Өнгөрсөн жил бид өрийн дарамтад ороод зээлжих зэрэглэл буурч, дампуурч болзошгүй байдал хүрсэн. Биднийг хүнд байдлаас аварч байгаа энэ байгууллагын буруугаас шатахууны үнэ нэмэгдсэн гэж хэлж болохгүй. Машинуудын хувьд АСЕМ-аар та нарын авсан машин зарагдахгүй байсан учраас энэ Засгийн газар ашиглаж байгаа. Энэ Засгийн газар нэг ч машин нэмж аваагүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:

-Нефтийн үнэ нэмэгдэх үндсийг бодох хэрэгтэй. Эдийн засгийн хувьд бүх үнийг чөлөөлөөд явах боломж байхгүй. Төрийн зохицуулалт хийх гарцаагүй шаардлага байна. Төрийн томчууд хэлж байгаа үгээ бодох хэрэгтэй. Ерөнхий сайд бондын өр төлөх үеэр, БНСУ-д явж байх үеэрээ нефтийн үнийг чөлөөтэй болгоно гэж яриад байна лээ. Чөлөөлнө гэж хэлээд байвал цаад компаниуд сэдэл аваад, үнээ нэмэх юм руугаа явж байна. Одоо цахилгааны суурь үнийг чөлөөлнө гээд яваад байна. Монголын ард түмэн үүнийг дийлэхгүй. Ямар ч асуудалд ултай суурьтай хандахгүй бол дараас, нэрмээс болж байна гэдгийг би хэлмээр байна.

Хоёрдугаарт, дизель түлшийг тансаг хэрэглээ гэж тайлбарлаад байгаа нь буруу шүү. Гуравдугаарт, Засгийн газрын гишүүд ул суурьтай ханд. Г.Занданшатар гишүүн сая шуурхай арга хэмжээ авч шатахууны үнийг барьсан гэж байна. Гэтэл олон түмний дотор бухимдал үүсгэн байж, арай гэж арга хэмжээ авсан шүү. Г.Занданшатар та хийж байгаа ажил руугаа ор. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Монголчууд мах, гурил, бензин, гар утас байхгүй бол болохоо больчихсон. Тиймээс шатахууны үнэ төр засгийн анхааралд байсаар ирсэн. Үнийг зохицуулах ч үүрэгтэй. 2013 оны арванхоёрдугаар сард нэг баррель нефть 113 ам.доллар байсан. Энэ үед Н.Алтанхуягийн Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд үнэ тогтвортой байсан. Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед нэг баррель нефть 38 ам.доллар болсон. Энэ үед шатахууны үнийг буулгаагүй. Учир нь онцгой албан татвараа нэмэгдүүлж, шатахуун импортлогчид өмнө нь үүссэн алдагдлаа нөхөхийн тулд үнээ буулгаагүй юм. Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сард нэг баррель нефть 54 ам.доллар болж, нэг ам.доллар 2500 төгрөгтэй тэнцсэн. Сүүлийн таван жилд хамгийн хямд өртгөөр Ж.Эрдэнэбатын Засгийн газар өгч чадсан. Импортлогчид алдагдалтай байна, цаашид ингэж зарах бололцоо байхгүй гэдэг. Одоо бид өөр арга хайж асуудлаа шийдэхээс өөр аргагүй. Тиймээс цаашид үүсэх үр дагавраас гарц хаймаар байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

-Төр шатахууны асуудлыг бүрэн шийдээд байгаа юм биш. Түлшний асуудлаар улстөржих болсон хамгийн том алдаа нь төрийн тогтолцоо юм. Төр зах зээлийг зохицуулж чадахгүй. Тиймээс зайлсхийх ёстой. Өнөөдөр Засгийн газар зохицуулалт хийх хэлбэрээс бид зайлсхийх ёстой. Бусад улсад хэрхэн зах зээлийн зарчмаар явдаг вэ гэхээр төр хамгийн бага татварыг аваад зах зээлийг чөлөөтэй нээж өгдөг. 

Үүгээр УИХ-ын өнөөдрийн хуралдаан өндөрлөв. 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж