Д.Оюунхорол: Засгийн газар бодит үнэнтэй эвлэр

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: Засгийн газар бодит үнэнтэй эвлэр

Д.Оюунхорол: Засгийн газар бодит үнэнтэй эвлэр

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын Ерөнхий сайдад хандан тавьсан шатахууны үнэ, нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой асуулгын хариуг сонсож байна. 

Засгийн газар нефтийн үнийн асуудлаар шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй найман удаа уулзжээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Засгийн газар шатахууны асуудлыг шийдсэн гэж байна. Шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзсан. Онцгой албан татварыг тэглэсэн ч алдагдалтай байна гэсэн. Тэгэхээр татвар тэглэсэн ч үнийг энэ хэвээр нь барих боломжтой юу. Үүнээс гадна шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд бараа үйлчилгээний үнэ 1 хувиар өсдөг судалгаа гарсан. Гэтэл өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 100, 1000 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨТХГ/ хэрхэн анхаарч байна вэ?

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

-Нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг 10 гаруй жил яригдсан. Үйлдвэр барихаас өөр замгүй. Дотоодод үйлдвэр байгуулагдсан ч дэлхийн зах зээлийн ханшаар шатахуун нийлүүлнэ гэсэн заалттай. Манайд хоёр газар нефть олборлож байгаа. Алтан зарчим бол нефть боловсруулах үйлдвэр барих явдал юм. Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барина. Энэтхэг улстай зээлийн гэрээ хийж, ТЭЗҮ-ийг гуравдугаар сарын эцэст тодорхой болгоно. Боловсруулах үйлдвэр баригдсанаар 1,2 тэрбум ам.долларыг дотооддоо шингээж, дагалдах үйлдвэрүүд ч хөгжинө. 

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва:

-А-80,АИ-92 үнэ нэмэгдээгүй. Гэвч зарим бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх асуудал ажиглагдсан. Хувийн такси 1000-аар явсан тохиолдол гарсан. Харин такси үйлчилгээний компаниуд үнэ тарифаа өөрчлөөгүй байсан. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-‘Роснефть’ АИ-92 шатахууны үнийг 45 ам.доллар, дизель түлшийг 27 ам.доллараар нэмнэ гэж сонссон. Хэрэв энэ үнэн бол цаашид татвараа дахиад нэг өөрчлөх үү, татаас өгөх үү, ам.долларын ханшийг зохицуулах уу?

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

-Дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоодоггүй. Үнийн асуудлаар урьдчилан доргиох нь зах зээлд эрэлт нэмэгдүүлж, зохиомол хомсдол бий болгох эрсдэлтэй. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү өртөг нь 1 тэрбум долларт багтаж байгаа юу. 645 км хоолой ямар өртгөөр бүтэх, хэдэн жил барих вэ. Хос хоолой юу,  усаа хаанаас авах вэ. Усны асуудал хүнд байгаа гэж сонссон. Үр ашгийн тооцоо ямар байгаа вэ?

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

-ТЭЗҮ нарийвчилсан үндэслэл гуравдугаар сард бэлэн болно. ТЭЗҮ дээр үнийн асуудлыг урьдчилан ярих боломжгүй. Хэрэв бид урьдчилан тооцоо хийгээд мэдэгдчих юм бол үнэ өсөх магадлалтай гэж болгоомжилж байгаа. Усны асуудлаар Сайншанд, Бор хөөвөр зэрэг газрууд усны нөөцтэй гэдгийг тогтоосон. 

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн тооцоог одоо хэлэхэд эрт байна. Учир нь нарийвчилсан ТЭЗҮ бэлэн болоогүй байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Засгийн газарт шатахууны үнэ зохицуулалт байсаар байтал яагаад нийгмийг бухимдуулсан хурц асуудал болгосон юм бэ. Нефтийн асуудал ямар ч маргаангүй шийдэгдсэн гэж байна. Татварын асуудал чинь албан ёсоор гарсан уу. Хоёрдугаарт А-80 хэрэглээнээс гарч байгаа. Гэтэл бид өнөөдөр хамгийн хэрэгцээ багатайг нь татвараас тэглэх тухай яриад сууж байна. Асуудал шийдэгдээгүй байхад яагаад хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байгаа юм бэ. Та бүхнийг ингээд ярьж байхад гадаа бензинд дараалаад байж л байна шүү дээ. Салбарт нь ийм асуудал үүсээд байхад сайд нь 20 гаруй хоног гадагшаа томилолт гээд явчихсан. Засгийн газар бодит үнэнтэй эвлэрээд дорвитой ярих ёстой. Би өнөөдөр шатахуун импортлогчидтой уулзсан. Тэд 20 хоногийн өмнө хандахад төрийн байгууллагын төлөөлөл ирээгүй, зохицуулах зөвлөл хуралдаж чадаагүй гэж байна. Төрийн төлөөлөлтэй уулзахаар үнэ нэмэхгүй л гэдэг талаар ярьж байна. Гэтэл өнөөдөр шатаахууны нөөц 30 хоног байна гэж байна. Тэд болохоор ийм нөөц байхгүй гэсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр, нүүрс, алтны үнэ өндөр байна. Бид уул уурхайн компаниудад үнээ бууруулахын тулд татаас өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа. АИ-95 болон АИ-98 шатахууны татварыг бууруулах шаардлагагүй гэж үзсэн. Цаашид нэг тонн шатахууны үнэ 60-70 ам.долларт хэлбэлзэх байх. Импортлогч компаниудыг буруутгах зүйл байхгүй. Гэхдээ шүүмжлэлтэй асуудал байна. Компаниуд ХДЖЕ-ын аргыг хэрэглэж байх нь хамгийн зөв зүйл юм. 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж