Баян-Өлгий аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Баян-Өлгий аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар өчигдөр (2018.01.26) Улаанбаатар хотноо боллоо. Цаг уурын орчны шинжилгээний газарт болсон энэхүү уулзалт семинарт 21 аймгийн Ус цаг орчны газрын албаны дарга нар болон төлөөлөгчид оролцсон юм.

Уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газрын дарга П.Жанаргүлтэй ярилцлаа.

-Баян-Өлгий аймагт өвөлжилт ямар байна вэ?

-2017 оны 10, 11 сард олон жилийн дунджаас бага цас орсон. Оны сүүлээр буюу арванхоёрдугаар 28-ны өдрөөс эхлэн нэгдүгээр сарын 6-ны хооронд нийт сумдын нутгаар цас орж, цасан бүрхүүл тогтсон. Шөнөдөө 25-36 хэм, өдөртөө 20-25 хэм хүртэл хүйтэрч байна. Нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүйтний эрч чангарсан. Шөнөдөө 30-35 хүртэл хүйтэрч байна. Булган сумын нутгаас бусад нутгийн төв суурин газарт 5-10 см, зарим газарт 15-30 см зузаан цастай байна.

2017 оны зуны саруудад бэлчээрийн ургамал муудаж, гантай байсан нутгууд нимгэн цастай байгаа ч бэлчээрлэх боломжгүй болсон. Тиймээс өдрөөс өдөрт малын хорогдол нэмэгдэж байна. Мөн ямаа хээл хаях байдал нийт сумдуудад ажиглагдаж байна. Бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлсон дүнгээр ихэнх нутгаар бэлчээр хүрэлцэхгүй гэсэн мэдээлэл гарсан учраас цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй.

-Мал хил давах нь хэр байна вэ? Мөн бэлчээрийн даац хүндрэлтэй байгаа гэсэн?

-Мал хил давах асуудал байхгүй байгаа. Бусад аймгийн нутагт мал оторлож байна. Гэхдээ тухайн газарт ч гэсэн бэлчээрийн даац муу байна. Ховд аймгийн Мянгад, Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн суманд мал оторлож байна. Мөн Увс аймгийн Бөхмөрөн суманд мал оторлож байгаа.

-Аймгийн ус цаг орчны хүрээлэнгийн ажлын байдал ямар түвшинд явагдаж байна вэ? Орон нутагт хүрч ажиллах хангамж хэр байна вэ?

-Манай аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газарт 83 хүний орон тоотой. 13 сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Зарим нь цаг уурын өртөө харуул, ус судлалын харуул гэсэн сүлжээгээр явагддаг. Алслагдсан байдлаасаа шалтгаалж үйл ажиллагаа явуулахад алслагдсан байдлын үнэ тариф нөлөөлдөг. Аймгуудын алслагдсан болон ойр аймаг гэдэг утгаар нь төсөв хуваариладаггүй. Ийм учраас хамгийн бэрхшээлтэй зүйл бол төсвийн хүндрэл байна. Цаг уурын 24 цагийн ажиллагаатай байдаг учраас мэдээлэл авах бүрэн боломж байгаа. Сагсай сумын Даян багт интернет ороогүйн улмаас мэдээлэл хоцрох асуудал гардаг. Бусад салбарын хувьд ямар ч асуудалгүй мэдээлэл шуурхай ирнэ.

-Казахстаны талаас дэмжлэг тусламж байдаг уу?

-Үгүй. Казахстан улс Оросын техник технологиор явдаг. Оросын техник өндөр өртөгтэй. Монголын цаг уурын байгууллага Олон улсын байгууллагатай хамтарч ажилласаны үр дүнд автоматчилагдсан учраас Казахстантай харилцах шаардлага байдаггүй. Эндээс нэгдсэн тоног төхөөрөмжөөр хангагдаад явж байгаа.

-Өвлийн цагт Алтай таван богдод гарах уулчдын мэдээлэл байдаг уу. Энэ талаар тодруулж өгөөч?

-Цаг уурын байгууллагын Японы төслийн шугамаар Алтай таван богд ууланд мөсний судалгааны ажил хийгдсэн. Энэ төслийн ажил 2003 оноос эхэлж, 2014 онд алба ёсны байнгын ажиллагаатай болж, дулааны улиралд хийгдэж байгаа. Энэ судалгаа шинжилгээний ажлын үр дүнг Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд танилцуулахаас гадна бүх холбогдох хурал цуглаан, байгууллагынхаа вэб сайтаар дамжуулж мэдээлж байна.

Алтай таван богд 4000 метрээс дээш өргөгдсөн учраас байнгын цастай байдаг. Уулын орчимд цасны хуримтлал үүсдэг учраас машин явах боломжгүй. Өвлийн авиралт гэдэг сонирхлын журмаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл аваад хийгддэг авиралт бий. Гэхдээ харьцангуй бага авиралт болно. Зуны улиралд хийгддэг шиг авиралт байхгүй. Өвөл авирах боломж муу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж