Нефтийн үнийн өсөлтөөр дамжуулж, нийгмийг турхирав

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Нефтийн үнийн өсөлтөөр дамжуулж, нийгмийг турхирав

Нефтийн үнийн өсөлтөөр дамжуулж, нийгмийг турхирав

Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн тул шатахууны зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Онцгой албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Энэ асуудалтай холбогдуулж, өнөөдөр “Босоо хөх Монгол” бүлгэмийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэв лайв хийж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ирэх долоо хоногийн даваа гаригт нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулах шаардлагыг холбогдох газруудад тавина. Хэрэв үнийг буулгахгүй бол дараагийн дайралтыг зоригтойгоор хийнэ. Монополь болсон бэрдийн сэтгэлтэй хулгайч нарт төр төмөр нүүрээ харуулдаггүй юм бол нударгаа бид харуулна. Улс гүрнээр нь,  төр засгаар нь дарамтлуулдаг байж таарахгүй. Эсэргүүцлээ илэрхийлнэ. Ингэж даврахгүй, бид нараас тэд нар тэжээгддэг гэдгээ санах хэрэгтэй.

“Петровис” бол хамгийн заваан компани. Ц.Оюунгэрэл чи их дээшээ цойлж байна. Ялын мэс хүзүүнд чинь тулгах цагт ямар өчүүхэн гэдгээ мэдрэх болно. Дараагийн дайралтыг зоригтойгоор хийнэ. Довтлох газар луугаа довтолно. “Петровис”,  “Тэс петролиум”, “Магнай трейд” гэх мэт монополь болсон, төрөө шантаажилж мөнгө авдаг хүмүүс рүү ямар нэг акц хийх ёстой. Даварлаа хэтэрлээ. Монополь компанийн бүх юманд хориг тавъя.” гэж нийгмийг турхирлаа.

Харин “Петровис” компанийн захирал Ц.Оюунгэрэл энэ асуудалд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мөн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Петровис гэдэг компанийн шатахуун түгээх станц Улаанбаатар хотод байгаа 210 ШТС ын 18 хувь юм шүү дээ. Шатахуун импортлох эрхтэй 90 гаруй компани байна. Тэгсэн мөртлөө цөөн хэдэн компани уруу дайраад муулаад байх юм.

Жижиг ШТС- үүд нь Улаанбаатарт үйлчлэхээ болиод манай ачаалал 3-4 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн оны 10 сараас шатахууны үнийн талаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавиад шийдэхгүй явсаар ийм байдал үүссэн. Шалгадаг судалдаг байгууллагууд нь хэдэн сар дараалан шалгаад үнэн байна л гэсэн. Одоо “Шунхлай” , “М-Ойл” л ард түмнээ бодоод бусад нь ард түмнээ бодохгүй бна гэсэн тархи угаалт байгаа нь бидний бизнесийг улс төрийн тоглоом болгох гэсэн оролдлого гэж бодож байна. Хямд шатахуунаар хангаж байгаа газраасаа бензинээ авах боломж нь нээлттэй байгаа. Ерөнхий сайд шатахууны үнийг чөлөөлнө гэдгээ удаа дараа хэлсэн. Энэ бол чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн маш зөв бодлого гэж бодож байна.

Манай компани сум болгонд хүрч үйлчилдэг 2000 гаруй хүн ажиллуулдаг. Ихэнх компаниуд зардал багатай, ашиг ихтэй газар ШТС барьчихаад үнэ нэмэгдэхээр ганцхан манийгаа мялаад байдаг жишиг тогтжээ. Өнөөдөр нэгэн төрийн бус байгууллагаас ФБ ээр лайв хийгээд энэ бүхэнд “Петровис” буруутай, Оюунгэрэлийн хоолойг хэрчинэ гэсэн байх юм. Уул нь “Петровис” гэдэг компанийг би ганцаараа эзэмшдэггүй юмсан. Миний хоолойг хэрчихээр манай улсын нийгэм , эдийн засгийн тулгамдсан олон асуудал шийдэгддэг юм байх даа. Ийм байдлаар бизнес эрхлэгчдэд хандахаар хийе бүтээе гэсэн сайхан бодлууд сарних юм даа. “Петровис” компани шиг газрын тос олох хайгуулын ажилд 10 гаруй жил нөр их хөдөлмөр , хөрөнгөө зарж байгаа нэг ч шатахуун импортлогч байхгүй нь үнэн. Нефть боловсруулах үйлдвэрийн чинь түүхий эдийг олох санаатай ажиллаж байгаа. Монголчууд цөөхүүлээ байж ингэж нэг нэгнээ үзэн ядах нь хамгийн эмгэнэлтэй юм. Гэхдээ манай ирээдүй болсон залуучууд огт өөр том мөрөөдөлтэй, тэдний үе удахгүй ирнэ” гэжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж