Германы экс-канцлер Шройдер солонгос бүсгүйтэй гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Германы экс-канцлер Шройдер солонгос бүсгүйтэй гэрлэнэ

Германы экс-канцлер Шройдер солонгос бүсгүйтэй гэрлэнэ

Германы канцлераар сонгогдон ажиллаж байсан Герхард Шройдер солонгос бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Сүйт бүсгүй Ким Со Ён нь түүний орчуулагчаар ажиллаж байсан юм.

Тэд хамтдаа өчигдөр /2018.01.25/ Сөүл хотын Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, энэ жил хуримаа хийхээр болсноо дуулгажээ. Тэдний хайрын романсыг Германы Bunte сэтгүүл анх илчилсэн юм.

Өдгөө 73 настай Шройдер, 47 настай Ким нар хэвлэлийн бага хурлын үеэр ихэд дотно, сайхан харагдсан гэнэ. Шройдерийн хэлсэн үгийг Ким орчуулж, сэтгүүлчдийн асуултад хариулж байжээ. “Хоёр талын гэр бүлийнхэн маань биднийг ойлгож, гэрлэлтийг маань дэмжсэн. Бид гэрлээснээсээ хойш Ханновер, Берлин, Сөүлийн хооронд ирэн очин байх болно” гэж Ким ярьсан байна.

Тэд хурим хийх өдрөө хараахан товлоогүй гэхдээ жирийн солонгос хосуудын адилаар хамтын амьдралаа эхлүүлэхээр шийдсэн гэнэ.

1998-2005 онд Германы канцлераар ажиллаж байсан Шройдер 19 жил ханилсан Дорис Кёпфоос 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Зарим нь түүнийг Кимд сэтгэл алдарч, гэр бүлээ орхиход хүрсэн гэж тайлбарладаг. Кёпф өөрөө ч өнгөрсөн жил фейсбүүктээ салалтын шалтгаан нь солонгос бүсгүй байсан тухай бичсэн юм.

Энэ талаарх сэтгүүлчийн асуултад Шройдер “Би фейсбүүк ашигладаггүй учраас тэр постыг харж байгаагүй. Бас Дорис бидний харилцааны талаар ямар нэг зүйл хэлж байгаагүй” хэмээн хариулжээ. Тэрбээр мөн Ким тэдний салалттай холбоогүй гэдгийг хэлжээ.

2015 онд гуравдугаар сард хуучин эхнэртэйгээ хамт амьдрахаа болихоор шийдэх үед ч тэдний хайр дурлал хэдийн мөхөж, тусдаа өрөөнд унтдаг болсон байсан гэнэ.

Шройдер, Ким нар 2015 оны тавдугаар сард Өмнөд Солонгост болсон хурлын үеэр анх танилцжээ. Ким нэг охинтой, харин Шройдер хоёр хүүхэдтэй ажээ.

 

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж