Артист Бэллагийн тэсрэлт

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Артист Бэллагийн тэсрэлт

Артист Бэллагийн тэсрэлт

“Бэлла арт” академийн захирал, стилист Бэлла Монголын гоо сайхны ертөнцөд энэ долоо хоногт “Fashion & Artist” үзэсгэлэнгээрээ шуугиан дэгдээв. Тус үзэсгэлэн “Mongolian properties” оффисын “Улаан гэр” галлерейд олны хүртээл болсон юм. “Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй” гэдэг үгийг амьдралд хэрэгжүүлэгч уран бүтээлчийн нүд, сэтгэл, гарын ур гайхалтай зохицсон анхны үзэсгэлэнд стилист Банни, фото зурагчин March 9 нар хамтарчээ.

Бүсгүй хүний дотоод гадаад сэтгэлийн хүчирхэг гоо сайхан, далдын мэдрэмжийг цогцлоосон фото урлангийн гол дүрүүдийг туршлагатай топ модель Г.Уранцэцэг, О.Ариунзул нар бүтээсан байв. 

Дизайнер мэргэжилтэй, Францын гоо сайхны алдарт “Forever” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэйгээр мэйк ап артистын сургалтаар өөрийн ур чадварыг илэрхийлж яваа түүний энэхүү үзэсгэлэн нүд баясгаж, сэтгэл хөглөм агаад олон жилийн мөрөөдөл, төгс төгөлдөрт тэмүүлсэн чин хүслийг илтгэх аж.

Дэлхийн түвшинтэй хөл нийлүүлж, цаг хугацаатай уралдаж сэтгэх, шинийг санаачлахыг урьтал болгодог уран бүтээлчийн түрэмгийлэл эзэрхийлэл бүтээлд нь гүн шингэжээ. Нүүр будгийн урлагийг загвартай хоршуулсон түүний “Fashion& Artist” үзэсгэлэн Монголдоо анхдагч гэдгээрээ бас онцлог.

Бэлла одоогоос жилийн өмнө “Хүмүүст хэрэгтэй зүйл хийе гэж өөрийгөө ард түмний хүн болсон юм шиг боддог. Төлөвлөж байгаа гайхалтай олон санаа бий. Надад асар их нөөц байгаа. Түүнийгээ төгс ашиглахын тулд цаг хугацаанд их харам ханддаг. Би өчигдөр гэхэд л цоо шинэ эскиз гаргасан. Номын дэлгүүр орж хэрэгтэй номууд авсан. Ирээдүйн цаашдын зорилт бол урт хугацааны уран бүтээлд хүч сорих. Нүүр будалт бол цагийн ажил. Үүнээс илүү хөрвөх чадвартай урлагийн төрөлд эрэл хайгуул хийнэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцолж байжээ.

Б.ЭНХ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж