Булган аймагт зуд нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Булган аймагт зуд нүүрлэжээ

Булган аймагт зуд нүүрлэжээ

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны 2018 оны семинар өнөөдөр (2018.01.26) Цаг уурын орчны шинжилгээний газарт болж байна. Энэхүү семинарт 21 аймгийн Ус цаг уур орчны газрын албаны төлөөлөгчид оролцож байгаа юм. 

Энэ өвөл олон аймагт цас их хэмжээгээр орж, хүйтний эрч чангарснаас өвөлжилт хүндэрчээ. Тухайлбал, Дорнод аймгийн сумдаас хамгийн хүндрэлтэй байгаа нь Халхгол сум юм. Аймгийн төвөөсөө 300 км-т алслагдсан уг сум цагаан зудархуу байдалд орсон. 

Завхан аймгийн цас ихтэй бүс нутгаар хүйтний эрч 50-55 хэм хүрч хүйтэрсэн бол Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумдад өвөлжилт хүндрээд байна. 

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувь цагаан зудтай байна. Аймагтаа хамгийн ойр оршдог Асгат сум хамгийн хүнд буюу цагаан зудын байдалд орсон. Онгон, Халзан сумдад өвөлжилт мөн хүндхэн болжээ.  

Ингээд Булган, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга болон Ус цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлстийн дарга нартай ярилцсанаа хүргэе.  

МОНГОЛ ОРНЫ УУДАМ НУТАГ ДЭВСГЭРТ 300 СТАНЦ БАГАДНА

Ус цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлстийн дарга Л.Оюунжаргал:

Монгол орны хэмжээнд цаг агаарын хэмжилт хийж байгаа станц 300 орчим байна. Үүний 150 нь автомат станц болсон. Гэхдээ Монгол орны уудам нутаг дэвсгэрт 300 станц гэдэг бол багадна. Станцыг өргөтгөх асуудал чухлаар тавигдаж байна. Мөн Улаанбаатар хотын хувьд зуны хүчтэй аадар бороо, үерийг урьдчилан мэдээлдэг гол төхөөрөмжийн хугацаа нь дуусчихсан. Үүнийг шинэчлэх шаардлагатай болсон. 

Богино хугацааны цаг агаарын мэдээлэлд иргэд таатай ханддаг. Харин урт хугацаа буюу нэг сар, гурван сар болон зургаан сараар гарах мэдээлэл тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ нь Монгол орны төдийгүй дэлхийн нийтэд гарч байгаа асуудал. Учир нь сүүлийн жилүүдэд гарч байгаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор урьдчилан мэдээлэхэд хүндрэлтэй байдлууд гарч байна.


БУЛГАН АЙМГИЙН АРВААД СУМ ЗУДЫН БАЙДАЛТАЙ БАЙНА

Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга Жаргалсайхан

Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга Жаргалсайхан:

Булган аймгийн ихэнх нутгаар цагаан зудтай байна. Засгийн газрын 2016 оны ган зудыг үнэлэх 286 тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэллээ. Одоогоор Дашинчилэн, Рашаант, Баяннуур, зүүн талаараа Орхон, Хангал, Бугат, Бүрэгхангайн ихэнх нутгаар, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Могодын зарим нутгаар хатуурсан, нягтарсан зузаан цастайгаас зудын байдалтай байна. Сэлэнгэ сум зудархуу байгаа. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөлтэй болсон. Өнгөрсөн зун аймгийн нийт нутгийн 40 хувь нь гантай, 50 хувь нь гандуу байснаас бэлчээр хүрэлцэхгүй болж, ургамал ургац муу байсан. Мөн өнгөрсөн 11, 12 болон нэгдүгээр сарын 20-ны байдлаар олон жилийн дунджаас ахиу цас орсон нь улам хүндрэх нөхцөлтэй болчихлоо. Сүүлийн өдрүүдэд болж байгаа хүйтний эрч томоохон сав газруудад шөнөдөө 36-44 градус, өдөртөө 24-28 градус байна. Энэ сарын сүүлээр хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Ирэх хоёрдугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1-1,5 градусаар дулаан, бусад нутгаар дундаж байна.


ХАЛХГОЛ СУМ ЦАГААН ЗУДАРХУУ БОЛСОН

ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУРЫН ОРЧНЫ ГАЗРЫН ДАРГА М.АЛТАННАВЧ:

Дорнод аймгийн нутгаар өвөлжилт хэвийн байгаа. Аймгийн төвөөс 300 км-т алслагдсан Халхгол суманд цагаан зудархуу нөхцөл байдалтай байна. Баян-Уул, Цагаан-Овоо, Сэргэлэн сумдуудад цас бага орсон. Цасгүй байна гэдэг малчдад хүндрэлтэй. Одоогийн байдлаар харын зудад (цасгүй) орох нөхцөл байдлын хэмжээнд хүрээгүй. Энэ нь цаашид бас сөрөг талтай. Цасгүй байна гэдэг нь хавар түймэр гарах эрсдэл өндөр болж, эртнээс малчин, иргэдэд сэрэмжлүүлэгийг хүргүүлэх нь чухал байдаг. Урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол өгдөг учраас сэрэмжлүүлэх тал дээр анхаарч байгаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж