Авлига авсан Гаалийн байцаагчид хэн байв?

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Авлига авсан Гаалийн байцаагчид хэн байв?

Авлига авсан Гаалийн байцаагчид хэн байв?

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2018.01.25/ Б.Цэен нарын 34 хүнд холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгчдийнх нь гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд, Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт зургаан удаагийн давтан үйлдлээр хээл хахууль авсан  гэмт хэрэгт нь давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, илтэд хөнгөдсөн хэмээн үзэж, торгох ялыг 2 жил хорих болгон өөрчилсөн. 

Харин Б.Оюунчимэгийн нэг үйлдэлд нь хоёр зүйл ангиар зүйлчилсэн нь буруу учир  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 3 жил хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл энэ хэрэг явдалд яллагдагч нар хэрхэн холбогдсон талаарх мэдээллийг багцлан хүргэе. 

Замын-Үүд дэх гаалийн газарт  тасралтгүй арав орчим жил ажилласан найман байцаагч, иргэдээс авлига авсныг Авлигатай тэмцэх газрын /АТГ/ мөрдөгчид 2016 оны гуравдугаар сарын 30-нд хийсэн гэнэтийн шалгалтын үеэр  үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. 

АТГ гэнэтийн шалгалт хийх болсон шалтгаан нь байцаагчдыг авлига авч байгаа тухай мэдээллийг өмнө нь авсан учраас зорчигч маягаар тус боомт руу нэвтэрч хэргийг илрүүлсэн аж. Тус хэрэгт Замын-Үүдийн гаалийн 7-8 байцаагч, байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан гэх хүмүүс хэрэгт холбогдсоны улмаас 34 хүн шалгагджээ. 

Тэдний иргэдээс авсан хахуулийн үйлдэл 2-6 удаа давтагдаж нэг байцаагч нийт 60 сая төгрөгийн авлига авсныг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны зургадугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Тэд гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалт зохих ёсоор хийлгүй, богино хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь, хэмжээг бууруулахаар амлан, БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачсан бараанд төлбөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, хээл хахууль авсан хэрэгт холбогдсон байна. 

—————————————————————————————————————————–

Баянгол дүүргийн Эрүүгийн Шүүх

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны зургадугаар  сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд авлига, хээл хахуулын хэрэгт буруутгагдсан гаалийн байцаагчдад дараах ялыг оноожээ. Шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулбал,

  1. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч асан Б.Цэенийг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авсан, С.Оюунсүрэнтэй бүлэглэж, АТГ-ын ажилтанд хээл хахууль өгөхөөр завдсан гэм буруутайд тооцож, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял,

  2. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч  асан Б.Оюунчимэгийг давтан үйлдлээр хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жил хасаж 6 жил 6 сар хорих ял,

  3. Замын-Үүд дэх Гаалийн Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга асан Т.Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял,

  4. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч асан И.Наранцэцэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ял,

  5. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч  асан М.Энхтүвшинийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэнийг тогтоож, нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ял,

  6. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч асан Б.Оюунчимэгийг давтан үйлдлээр хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жил хасаж 6 жил 6 сар хорих ял,

  7. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч асан Н.Батжаргалыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 жилийн хорих ял

  8. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч асан Б.Өнөржаргалд Эрүүгийн хуулийн тусгай анги /ЭХТА/-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

—————————————————————————————————————————–

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарыг цагаатгасан байна.Мөн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж :

  •  Б.Цэенд нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн  жил хасч, 4 жил 8 сар хорих,

  • Б.Оюунчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих,

  • И.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих,

  • Т.Мөнхчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил 8 сар хорих,

  • Э.Наранбат, Б.Мөнхболд нарт 1 жил, Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа нарт 8 сар хорих ял тус тус оногдуулжээ.

  • Түүнчлэн М.Энхтүвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12 сая төгрөгөөр торгох ял,

  • Н.Батжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10 сая төгрөгөөр торгох ял, С.Оюунсүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан өөрчлөлтийг оруулжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж