Бразилын Холбооны шүүхийн шүүгч ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Силвагийн паспортыг нь хураан авч, тус улсаас гарч явахыг хоригложээ. Шүүх ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Силваг тус улсад цэргийн онгоц худалдсан Шведийн нэгэн компанийн өмнөөс хууль бус лобби хийсэн гэх хэргийг шалгаж байгаа юм. Лхагва гаригт давж заалдах шүүх түүний авлигын хэрэгт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн билээ.
Луиз Инасио Лула да Силва өөрийгөө улс төрийн ялын золиос болсон гэж байгаа ажээ. Бразилын нисэх хүчин (FAB) 2013 онд Шведийн “Сааб” компаниас 4.5 тэрбум ам.доллараар 36 сөнөөгч онгоц худалдаж авах гэрээ байгуулсан. Бразилын засгийн газар тухайн үед сөнөөгч онгоц худалдаж авах тендер зарлахад АНУ-ын Боинг, Францын “Дассо” компаниуд өрсөлдсөн ажээ. Нисэх хүчинд онгоц худалдаж авах хэлэлцээ Луиз Инасио Лула да Силвагийн засгийн газрын үед эхэлж, ерөнхийлөгч асан Дильма Руссеффийн засгийн газрын үед гарын үсэг зурсан билээ.
Бразилын дээд шүүх Лулаг сонгуульд өрсөлдөхийг хориглосон боловч мягмар гаригт Лулагийн хөдөлмөрийн нам ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг нэр дэвшүүлсэн. Лулаг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснийг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсан юм.
Лула 2003-2011 оны хооронд Бразилын төрийн тэргүүн байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусах үед тус улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн билээ. Бразилын ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2018 оны аравдугаар сард болох юм. Хэрэв тус улсын дээд шүүх ерөнхийлөгч асан Лулад тавьсан хоригийг цуцлахыг зөвшөөрвөл сонгуульд өрсөлдөх эрхтэй болох гэнэ.
Эх сурвалж: BBC