Оросын 169 тамирчныг олимпод оролцохыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын 169 тамирчныг олимпод оролцохыг зөвшөөрөв

Оросын 169 тамирчныг олимпод оролцохыг зөвшөөрөв

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Оросын 169 тамирчныг ОУОХ-ны тугийн дор жагсаж, Пёнчаны өвлийн олимпод оролцохыг зөвшөөрсөн байна.

ОУОХ-ноос өнгөрсөн арванхоёрдугаар ОХУ-ын баг, тамирчдын өвлийн олимпод оролцох эрхийг нь хассан. Ингэхдээ Сочийн олимпийн үеэр төрийн санхүүжилт, оролцоотойгоор зохион байгуулалттайгаар допингийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж буруутгасан юм. Гэхдээ Оросын тамирчид өөрсдийгөө допингоос ангид, цэвэр гэдгээ баталж чадвал “Оросын олимпийн тамирчин” нэрийн дор өрсөлдөх боломжийг нээлттэй үлдээсэн билээ.

Энэ дагуу Оросын олимпийн хорооноос илгээсэн тамирчдын нэрсийг нягталж үзээд, ОУОХ-ноос 169 тамирчныг зөвшөөрчээ. Нэрсийн жагсаалтыг маргааш /2018.01.27/ буюу олимп эхлэхээс 13 хоногийн өмнө олон нийтэд зарлахаар болсон байна.

“Олимпод оролцох тамирчдын урилгыг Пёнчан хотод 2018 оны нэгдүгээр сарын 27-нд болох Оросын олимпийн багийн төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр гардуулна. Түүнээс өмнө зөвшөөрөгдсөн тамирчдын нэрсийг эцсийн байдлаар олон нийтэд дэлгэх боломжгүй” гэж ОУОХ-ны мэдэгдэлд дурджээ.

 

Оросын олимпийн хорооноос анх 500 тамирчны нэр илгээсэн нь эхлээд 389 хүртэл танагдаж, улмаар 169 болж хасагдсан байна. Анх мэдүүлсэн 500 тамирчны 80-аас дээш хувь нь Сочийн олимпод оролцоогүй, төрийн оролцоотой гэх допингийн хөтөлбөрт огт хамаагүй тамирчид байжээ.

Энэ асуудлаар Оросын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Станислав Поздняков “169 тамирчныг олимпод оролцохыг зөвшөөрсөн. Харамсалтай нь, шилдэг тамирчид маань багтсангүй” гэсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж