Монголын ноолуурыг Хятадын биржээр арилжаална

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Монголын ноолуурыг Хятадын биржээр арилжаална

Монголын ноолуурыг Хятадын биржээр арилжаална

Хөдөө аж ахуйн бирж өнөөдөр /2018.01.26/ БНХАУ-ын Тяньжин Бохай таваарын биржтэй анхны хамтын ажиллагааны гэрээг байгуулж, хоёр талын төлөөлөл гэрээнд гарын үсэг зурлаа.


Уг хамтын ажиллагааны урьдчилсан гэрээг 2017 оны есдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд, одоогоор дотоодын 10 орчим аж ахуй нэгж гэрээ хийгээд байна.  Энэ бол 2018 онд хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулах эхлэл гэдгийг албаныхан хэлж байв.

“Хил дамнасан анхны арилжаагаар ямааны ноолуурыг арилжаална”

БНХАУ-ын “Бохай” таваарын биржийн захирал Вү Кели

Энэ үеэр БНХАУ-ын “Бохай” таваарын биржийн захирал Вү Кели хэлэхдээ “Бохай” бирж нь зөвхөн спот гэрээ арилжаалдаг. Бирж маань үйл ажиллагаагаа эхлээд найман жил болж байна. Өнгөрсөн хугацаанд олон төрлийн түүхий эд, бараа таваарыг арилжаалж, нийт 20  их наяд юаний арилжааг хийсэн. Хамтын ажиллагааны гэрээний дагуу хамгийн эхэнд Монгол Улсын Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ирэх дөрөвдүгээр сард ямааны ноолуурыг арилжаална. Цаашдаа түүхий эдийн чанар, үнэ тогтворжоод ирвэл арилжаагаа өргөжүүлэх болно” гэв. 

Монголын Хөдөө аж ахуйн биржээс хамгийн гол нь стандартын шаардлага хангасан чанартай түүхий эдийг нийлүүлж, арилжаалах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн хоршоодыг бэхжүүлэх чиглэлд малчин гишүүнтэй хоршоог дэмжих туршилтын ажлыг хийх гэж байгаа бөгөөд 2018 онд ноолуураас гадна арьс шир, мах арилжаалахаар төлөвлөжээ.  

“Ноолуурын үнийг дурын худалдаачин өсгөж, бууруулах боломжгүй болно”

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар

“Монгол Улсын Хөдөө аж ахуйн биржийн хувьд нэлээд ач холбогдолтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Өмнө нь Монголд БНХАУ-ын үйлдвэрүүдийн төлөөлөл ирж, Монголын ченж нараас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг худалдаж авдаг байсан. Гэтэл одоо хоёр улсын хил дамнасан арилжааг биржээр дамжуулан хийснээр БНХАУ-ын бизнес эрхлэгчид “Бохай” биржтэй шууд холбогдож, захиалгаар онлайнд байршуулсан түүхий эдийг зах зээлийн үнээр Монголоос захиалан авах боломжтой болох юм.

Монгол Улс дэлхийн ноолуурын үйлдвэрийн хэрэгцээний 40 хувийг нийлүүлж байна. Нөгөө талаараа малчид, хоршооныхон 2017 оноос эхлэн урьдчилсан гэрээг эхлүүлэхэд түүхий эдээ нийлүүлэх боломжтой болсон. Малчдын хувьд ноолуурын үнэ өнгөрсөн жилээс буурахгүй гэсэн хүлээлттэй байгаа.  Энэ нь Монголын хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн бүтээгдэхүүний чанарт эерэг нөлөө үзүүлнэ.  Ноолуур, ноосны үнэ тогтвортой болж, дурын худалдаачин ноолуурын үнийг өсгөж, бууруулах боломжгүй болно” гэдгийг Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар ярилаа. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж