Таны хүүхэд өдөрт 1650 төгрөгөөр юу иддэг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Таны хүүхэд өдөрт 1650 төгрөгөөр юу иддэг вэ?

Таны хүүхэд өдөрт 1650 төгрөгөөр юу иддэг вэ?

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн тарах цаг дөхөж эцэг, эхчүүд хүүхдээ авахаар хүрэлцэн ирсэн байв. Оройн 17.00 цагийн үест цэцэрлэгийн хаалга нээгдэж эцэг, эх, эмээ, өвөө нар хүүхдээ, ачаа, зээгээ авахаар тус тусын анги руу яаран орлоо. Балчирхан үрсийн нүүрэнд мишээл тодорч хувцсаа өмсөхөөр яаравчилна. Тэд ээж, аавтайгаа шулганан өнөөдрийн хийсэн зүйлсийнхээ тухай ярилцана.

Эцэг, эхчүүдийн дунд “Манай хүүхэд хоолондоо цадахгүй байна” гэсэн яриа олонтоо өрнөдөг.  Үнэхээр ч өдөрт 1650 төгрөгөөр өнөөдрийн үнэ ханшаар ямар хоол авч идэх билээ.

Энэ жил улсын хэмжээнд 256 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагджээ. Нийслэлийн боловсролын газраас 2016 онд 70 цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхчүүдээс санал авахад 70-аад хувь нь хүүхдийн хоолны мөнгийг нэмэх шаардлагатай. Үүний тодорхой хувийг эцэг, эхчүүд гаргая гэж ярьсан байгаа юм. Гэтэл хүүхдийн хоолны мөнгийг нэмэх асуудал өнөөдрийг хүртэл яригдсан ч ажил хэрэг болсонгүй. Хэрэв хүүхэд өөрт тохирсон илчлэгийг өдрийн хоолноосоо авч чадахгүй бол өсөлт хөгжилт, сэтгэн бодох чадварт муу нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг .

Ингээд бодит байдалд 1650 төгрөгөөр хүүхэд ямар хоол иддэгийг бид тус цэцэрлэгээс сурвалжилсан юм.  Эхлээд бид цэцэрлэгийн ахлах тогооч, эцэг эхчүүдээс саналыг сонслоо. 

"Хоолны мөнгийг нэмж өгөөч ээ” гэсэн санал тавьсан

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Б.Үүлэнсолонго

-Багш нарын зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх тухай санал гаргасан гэж сонссон. Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудалд төр, эцэг, эхчүүдийн аль аль нь анхаарах шаардлагатай. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны үзардлын 41 хувийг төр, үлдсэнийг нь эцэг, эх нь хариуцдаг байсан. Харин 2009 оноос энэ тогтолцоог өөрчилж төрөөс хоолны мөнгийг нь 100 хувь хариуцдаг болсон. Нэг хүүхдэд ногдох хоолны зардал төрийн өмчит цэцэрлэгүүдэд 1,650 төгрөг, сувиллын, тусгай 24 цагийн цэцэрлэгт 2,400 төгрөг /ЗГ-ын 2012 оны 106 дугаар тогтоол/, Хоолны зардлын дундаж норматив байдаг.

Хүүхэд өдөртөө авах ёстой илчлэгийн 70-80 хувийг цэцэрлэгийн хоол хүнснээс авах ёстой гэж үздэг. Гэтэл өнөөгийн байдлаар 1650 төгрөгийн хоолны зохицуулалтыг хийж байна. Хүүхэд хоол, хүнсээр дамжуулан өдөрт авах ёстой илчлэгээ хангалттай авч чадахгүй байгаа юм. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр саяхан манай багш нар зөвлөгөөн хийсэн юм. Уг зөвлөгөөнөөр багш санал нэгдэн “цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмж өгөөч ээ” гэсэн саналыг тавьсан. Бид энэ саналын дагуу багш нартайгаа ярилцаж одоогийн байдлаар зөвлөмж гаргаад явж байна.

-Энэ асуудлаар эцэг, эхийн байр суурийг сонссон уу?

-Хүүхдийн хоолны илчлэг нормыг хангаж чадахгүй бол хүүхдийн өсөлт хөгжилтөд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй. Тиймээс хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлье гэсэн санал ирсэн. Нэгэнтээ төрөөс олгож байгаа мөнгөний үлдэгдэл хязгаартай учраас зохих хувийг эцэг эхээс нь гаргадаг байх санал гаргуулсан. Үүний дагуу БСШУЯ-аас судлаад төлөвлөгөө гарган хуульд нэмэлт оруулах, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар ажиллаж байна. Бид зөвлөмжийнхөө эцсийн хувилбарыг гаргасан. Одоо иргэдээс санал авах ажлыг хийх гэж байна. Энэ асуудлаар иргэдээс зайлшгүй санал авах ёстой гэж үзэж байгаа. Эцэг эхүүд ч гэсэн хүүхдийнхээ хөгжил төлөвшилт анхаарлаа хандуулах ёстой юм.


Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оын 4 сарын 08-ны 113 дугаар тушаалын дагуу тооцон олгож байна. Хүүхдийн байгууллагуудад хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлдэн, үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд 1,200 ккал, 4-6 настай хүүхдэд 1,600 ккал, 7-10 настай хүүхдэд 2,000 ккал, 11-14 настай хүүхдэд 2,100 ккал, 15-18 настай хүүхдэд 2,300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцно гэж заажээ. 

 Хоолонд орж буй материалын үнэ өсөх тусам
авах илчлэг буурдаг 

42-р цэцэрлэгийн ахлах тогооч Д.Бадмаа

-Хүүхдүүд өдөрт ямар хоол иддэг вэ?

-Өнөөдрийн хувьд өглөөний цайндаа буцалсан ус, маслотай талх болон боорцог өгсөн. 11 цагт жүүс, жимсний төрлийн жүүснүүд ордог. Аль эсвэл хөөрүүлсэн сүү тараг өгдөг. Манайх хүүхдүүдэд кальцийг түлхүү өгөх зорилгоор сүү, цагаан идээг ихэвчлэн өгдөг.

Харин өдрийн хоолонд үндсэн хоол буюу нэгдүгээр хоол гурилтай шөл, хоёрдугаар хоол ногоотой хуурга талх, цай багтана. Өдрийн хоолоо 12.00-12-30 минутын хооронд хүүхдүүддээ өгдөг. Хүүхдүүд унтаж боссоны дараа хөөрүүлсэн сүү, сүүнд буцалгасан будаа, аарц гэх мэтийг өгдөг. Өдөрт давтамжаар дөрвөн удаа хооллодог.

-Хоолны материалын үнэ өссөн шүү дээ. Энэ үед хүүхдүүд өөрт тохирсон шим тэжээлтэй хоол хүнс идэж чадаж байна уу?

-Яг үнэндээ олигтой шим тэжээл авч чадахгүй байна. Гадуур хоолны материал их өндөр үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл, хоолонд орж буй материалын үнэ нь өндөрсөх тусам илчлэг буураад байдаг. Заримдаа 600 ккл хүртэл буурдаг. Хоолны материалыг 1650 төгрөгт багтаагаад, илчлэгээ гүйцээе гэхээр хаанаа ч хүрэлцдэггүй. Ингэхээр хүүхэд өдрийн хоолноос хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаггүй.  Сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилт гээд бүгдэд нөлөөлнө шүү дээ  Хоолны материалын үнэ өсөх тусам улам хүндэрдэг. Ер нь нэг хүүхдийн хоолны зардлыг өдөрт 1650 төгрөгт тааруул гээд бариад  байх нь хэцүү шүү дээ. Зарим өдөрт 1800-2000 төгрөг  хүрч, төсөвлөснөөсөө зардал нь өндөр тусдаг.  

-Хоолны цэсийг хэрхэн гаргадаг вэ?

-Манай цэцэрлэг 14 хоногоор хоолны цэсээ зохиодог. Цэсээ зохиосны дараа гэрээт байгууллагад захиалга өгөөд долоо хоног бүр хүнсээ татаж авдаг.

-Хүүхдүүд хоолоо нэмж иддэг үү?

-Ер нь нэмүүлдэг шүү. Хүүхдүүд маань их хөөрхөн. Багш нар нь бага багаар нэмээд л өгч байгаа. Бид нар хүүхдүүддээ тааруулаад л хоолыг өгч байгаа. Багш нарын хоолны асуудал бас хэцүү л байдаг. Бүтэн 10 цаг ажиллаж байж хоолгүй хүүхдүүдийнхээ хоолноос хумслах ч үе байна.

-Таны зүгээс эцэг, эхээс хоолны нэмэлт мөнгө хураая гэдэгтэй санал нийлж байна уу?

-Эцэг, эхээс зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой. Бага насны хүүхдийн эрүүл байх үндэс суурь нь цэцэрлэгт тавигдаж байгаа. Эрүүл байхын тулд зөв хооллох хэрэгтэй. Тэгэхээр хоол хүнсний нэмэгдэл, чанарт анхаарахын тулд эцэг эх хүүхдийнхээ хоолны мөнгөний тодорхой хувийг гаргах нь зөв юм.  Ер нь хоолын мөнгийг нэммээр байгаа юм. 

-Хуурай идэх юм хоолны хажуугаар өгөх үү?

-Өгөлгүй яах вэ. Үйлдвэрийн боорцог авахаар өндөр үнэтэй ширхэг нь бага ирдэг. Тиймээс бид өөрсдөө гал тогоондоо хийдэг. Аль болох хүүхдийн өсөлтөд тохирсон хоол хүнсээр хангахыг хүсдэг.

-Нэг хүүхдэд өдөрт хэчнээн грамм мах оногддог вэ?

-2014 оны 113-р тушаал гэж байдаг. Түүнд зааснаар 2-3 насны хүүхдэд 100 грамм мах, 4-6 насны хүүхдэд 130 грамм байдаг. Тэгээд ясны хорогдол гэж гаргадаггүй. Өнөөдөр гэхэд манай цэцэрлэгт 93 хүүхэд ирсэн. Гэтэл 10 кг мах авсан. Үүгээр хоол хийж, бүгдэд нь хүргэнэ гэдэг хэцүү шүү дээ.

-Материалаа хаанаас сонгодог вэ?

-Нийслэлээс тендерт гарсан дөрвөн байгууллага бий. Тэдний нэг нь “Багачууд хүнс” компани юм. Манай цэцэрлэгийн хувьд 14 хоногт хоолны цэсээ сонгоод няравтаа өгчихдөг. Нярав маань захиалгаа ханган нийлүүлэх байгууллагаас хоолны материалаа авна.

М.Алтантогос Сүхбаатар дүүргийн иргэн  

Манай хүүхэд 42-р цэцэрлэгийн дунд бүлэгт явдаг. Хоолны хувьд хааяа эцэг эхчүүдэд амсуулж үзүүлдэг. Төрөл бүрийн л хоол өгдөг санагддаг. Хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхүүчдээс гаргаж, чанартай хоол хүнсээр хангадаг  болъё гэх асуудал яригдаж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ олон хүүхэдтэй өрхийн хувьд амаргүй.

Хоолны чанараас гадна порцыг нь нэмэх шаардлага бий. Манай хүүхэд заримдаа цадаагүй юм шиг байдаг. Тиймээс хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээс гаргуулахыг дэмжиж байна. Хүүхдэдээ хэрэгтэй л зүйл өгч байвал хоолны мөнгө нэмэхийг дэмжих эцэг эхчүүд зөндөө бий шүү дээ.

Ц.Энхбаяр Баянзүрх дүүргийн иргэн

Хоолны мөнгийг нэмэхэд болохгүй юм байхгүй. Анх цэцэрлэгт өгч байхад манай хүүхэд орой их өлссөн орж ирдэг байсан.  Тухайн үед гэрийн асаргаанаас гараад шууд цэцэрлэгт орсон болохоор өлсдөг байсан байж магадгүй  Миний хувьд хүүхдэдээ шим тэжээлтэй, жимс хүнсний ногоо өгье гэж боддог. Ер нь зарим цэцэрлэгүүд багш нартайгаа ярьж тохироод хоолны мөнгө нэмэрлэдэг юм билээ. Тэр жишгээр явбал эцэг эхчүүд ч дэмжих байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж