“Монгол ур чадвар-2018” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

“Монгол ур чадвар-2018” тэмцээн эхэллээ

“Монгол ур чадвар-2018” тэмцээн эхэллээ

Мэргэжлийн боловсролын сургуулийн салбарын нэр хүндийг дээшлүүлэх, МСҮТ-үүдэд гагнуурын мэргэжлээр суралцагчдын ур чадварыг ахиулах, урамшуулан дэмжих, олон улсын түвшинд хүргэх, шилдгүүдийг сонгох зорилготой “Монгол ур чадвар-2018” гагнуурын тэмцээний нэгдүгээр шат энэ сарын 25-27-ны өдрүүдэд Герман-Монголын МСҮТ дээр явагдаж эхэллээ. Тэмцээнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, “Хасу вегаватт” ХХК хамтран, олон улсын тэмцээний стандарт дүрмийн дагуу, “Дэлхийн ур чадвар” тэмцээний шалгуураар зохион байгуулдаг юм.

Тэмцээн гагнуурын гурван төрлөөр /цахилгаан III/ SMAW, хагас автомат-135/GMAW, аргон-141/GTAW/ явагдаж байна. Энэ жилийн тэмцээнд хот, хөдөөгийн 27 сургуулийн 31 оролцогч мэргэжлийн ур чадвараа сорьж эхэлсний дотор хоёр эмэгтэй оролцогч байгаа нь анхаарал татаж байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь хоёр шатаар явагдаж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Бразил, Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдсон “Дэлхийн ур чадвар” тэмцээний хоёр оролцогч багтжээ. Тэмцээнд оролцогчдын ур чадварыг эвдэх, үл эвдэх сорил /рентген зураг/-ын аргаар таван шүүгч дүгнэж байр эзлүүлнэ.

Энэхүү эхний шатны тэмцээнээс шилдэг хоёр оролцогч шалгарч, улмаар 2019 онд болох хоёрдугаар шатны тэмцээнээс ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох оролцогч үлдэх юм. Тэмцээний шилдгээр шалгарсан хоёр оролцогчийг Оюу толгой ХК ивээн тэтгэж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд бэлддэг уламжлалтай.

Эх сурвалж: ХНХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж