АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланья нар Цагаан ордон дахь хурлын өргөөгөө чимэглэх зорилгоор Гуггенхеймийн урлагийн музейгээс Винсент Ван Гогийн зураг түр хугацаанд зээлэх хүсэлт гаргажээ.
Харин Гуггенхеймийн музейн эрхлэгч Трампын хүссэн Ван Гогийн 1888 оны “Landscape with Snow”нэртэй бүтээлийг зээлэх боломжгүй хэмээгээд оронд нь “АНУ” хэмээх 18 каратын алтан жорлон санал болгож, е-мэйл илгээсэн байна. Музейн эрхлэгч Трампын хүсэлтийн хариуд “Бид энэхүү ховор, нандин бүтээлийг Цагаан ордонд удаан хугацаагаар түрээслэх саналыг дуртай хүлээн авмаар байгаа боловч хосгүй үнэтэй, бас хэврэг учраас бүтээлийг яаж байрлуулах, арчлах зааварчилгааг чанд мөрдсөн тохиолдолд л зөвшөөрнө” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар Цагаан ордны дугуй танхимыг өөрсдийнхөөрөө тохижуулахын тулд урлагийн бүтээлүүдийг түр хугацаагаар түрээслэх тохиолдол байдаг. Кеннедийнхэн Цагаан ордонд байх хугацаандаа Эжен Делакруагийн “The Smoker”-ыг түрээсэлж байсан бол Обамагийнхан Марк Ротко, Жаспер Жонс нарын бүтээлийг илүүд үздэг байсан юм.
Трампт санал болгосон алтан жорлон бол 2016 онд Гуггенхеймын музейд нээгдсэн “Америк” нэртэй үзэсгэлэнгийн гол бүтээл юм. Уран бүтээлч Каттелан энэхүү бүтээлээ “Нийгмийн баялгаас тэгш хүртэж чаддаггүй 99 хувьд зориулсан нэг хувь” хэмээн тайлбарласан юм. “Ресторанд хоёр зуун долларын хоол идэх, хоёр долларын “хот дог” идэхийн ялгаа байхгүй. Адилхан баас болно” гэжээ.
Эх сурвалж: the Washington post