Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн Мирян хотын эмнэлэгт гал гарч, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 33 өвчтөн галд өртөн нас баржээ. Зүрх судасны чиглэлээр мэргэшсэн Сэжүн эмнэлгийн хүлээн авах тасгаас эхлэн гал авалцсан бололтой.
Галын улмаас 70 хүн түлэгдэж, угаартсан, тэдний 11-ийнх биеийн байдал хүнд байгаа аж. Нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүн мэдээлжээ.
Гал гарах үеэр эмнэлгийн барилга болон зэргэлдээх ахмадын асрамжийн газарт 200 орчим өвчтөн байсан тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна. Тэдний дийлэнхийг галын аюулаас аварч амжжээ.
Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Орон нутгийн цагаар өнөөдөр /2018.01.26/ өглөө 07.30 цагт галын дуудлага ирсэн талаар гал унтраах ангийн дарга Чой Ман Ву мэдээлэл өгчээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр асрамжийн газраас 93 ахмад настныг нүүлгэн шилжүүлж, галын аюулаас аварсан байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ-Ин галын нөхцөл байдлыг тодруулж, ямар арга хэмжээ авч ажиллах асуудлаар яаралтай хуралдаан зарласан тухай Хөх ордноос мэдэгдсэн байна.
Мирян хот нь нийслэл Сөүлээс зүүн өмнөд зүгт 270 км зайд оршдог ажээ. Галд сүйдсэн эмнэлгийн тухайд 2008 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ахмадын асрамжийн газартай хамт цогц үйл ажиллагаа явуулдаг, нийт 200 ортой гэнэ.
Гал гарах үеэр эмнэлгийн байранд 35 ажилтан байжээ.
С.ЦЭЛМЭГ