Монгол Улс 4 улстай дипломат харилцаа тогтооно

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Монгол Улс 4 улстай дипломат харилцаа тогтооно

Монгол Улс 4 улстай дипломат харилцаа тогтооно

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

Энэ төсөл нь Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудал юм. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 оноос эхлэн тавьж эхэлсэн байна. Нийт 45 улсад дипломат харилцаа тогтоох санал тавьж, өнөөдрийн байдлаар 37 улстай дипломат харилцаа тогтоожээ. 

Одоогоор Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, хоёр нь НҮБ-д ажиглагч статустай. Өдгөө дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ.

Ингээд дээрх дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж, батлав. Энэ талаар гишүүд асуулт асуусангүй, тогтоолын төслийг шууд батлав. 

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойш бензин шатахууны асуудалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсоно.
 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж