Эх хэлнийхээ эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ эмгэгийг эдгээе!

Хэсэг хүн “Тэр дөрвөн үсэг хоол нэхэж байгаа биш, байж л байг л дээ, хэнд гай болоод байгаа юм бэ!” гээд байна. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болж, хэл ам удаад байгаа “Й, Щ, Ъ, Ь” дөрөв хэнд ямар гай тарьсныг хэлэхийн тулд хэрэгтэй хэрэггүйг нь тогтоох хэмжүүр зохиоё гэж бодлоо.

Эхний хэмжүүр нь хэл бичгийн боловсрол муутай нөхөд хэрэглэхгүй байж мэдэх явдал. ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн 2010 онд дэлхийн 180 орноос Гүржийн хүн амын 100, Америк, Англи, хойд, урд Солонгосын 99, Оросын 99,5 хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэж судлан тогтоожээ. Харин манайхны 97,3 хувь нь уншиж, бичиж чаддаг гэнэ. 2.7 хувийг эзлээд байгаа үзэг цаас нийлүүлж үзээгүй нөхдөөс “арай илүү боловсролтой” нэрээ бичиж чаддагуудын төлөөллөөр “Танай гуанзнаас борщ авъя. Бас нэг аяга цай нэмье.” гэсэн ярвигтай өгүүлбэр бичүүлж үзлээ. Тэгсэн “Танаи гунзнаас боорош аваиа. Бас нэг аига цаи нэмэиэ.” гэж бичиж байна шүү. Нөгөө “нэртэй” дөрвөн үсгийг огт мэдэхгүй байгаа нь энэ. Гэхдээ “Ъ”-ийг  “а, о, у”-аар, “Ь”-ийг “э, ө, ү”-ээр, “Й”-г “И”-ээр, “Щ”-г Ш, Ч хоёроор орлуулаад, ямар ч эгшиг гээлгүй монгол бичиг шиг бичээд байх шинжтэй байна. Бичсэнийг нь би лав ойлгоод байгаа юм. Орлуулах үсэгтэй байна гэдэг огт хэрэггүй байж болохыг харуулах биш үү.

Хоёр дахь хэмжүүр нь үндэсний монгол, өргөж авсан кирил  гэсэн 2 бичигтэй бид өрөөлийн латин гэдэг гурав дахь үсэгтэй болоод байгаа. Өөр хэл бичигтэй казах, тувагууд маань энэ гурав дээр өөрийн бичгээ нэмээд дөрвийн дөрвөн бичгээр төвдөлгүй бичдэг болсон. Цахимаар харилцах, гар утсаар мээсэждэх, гудамжны хаяг унших, телевиз үзэх, сонин гарчиглахад өдөр бүр хэрэг болдог латин үсэгт “Й, Щ, Ъ, Ь” байхгүй. Гэлээ ч “Naiziinhaa gert gariinh ni boorshiig idej baina. Hairt ni zalgay.” гээд гацалгүй бичээд, гайхалгүй ойлгоод байгааг бодоход нөгөө дөрвөөр дутахгүй бололтой.

Гурав дахь хэмжүүр нь дарга цэрэг, дээд доод, эрдэмтэй эрдэмгүйгээрээ ялгаагүй энэ дөрвөөс болж элдэв янзаар бичиж, талцаж хуваагдаад байна аа.Гийгүүлэгч, Я-ын төрлийн үсгүүдийн дунд байгаа ямар нэг юмыг тэмдэглэх үүрэгтэй хатуугийн тэмдэг(ъ) “явая-явъя, олоё-олъё” гэж “а, о”-д ажлаа алдах нь элбэг. Явж явж дунд нь байгаа ямар нэг юм нь яалт ч үгүй “а, о” болохоор яахын аргагүй хатуугийн тэмдэг(ъ)-ийн буруу. Хатуугийн тэмдэг(ъ)-тэй  ижил үүрэгтэй ч эм үгэнд л байх зөөлний тэмдэг(ь) бас “э, ө”-ийн эрхэнд нь халдаад “ирэе”-ийг “ирье”, “өгөе”-ийг “өгье” болгоод байгаа болохоор ингэж бид алдаад байгаа юм.

Зөөлний тэмдэг(ь) “тари” мэтээр бичдэг байсан эртний “И”-ийн ажлыг бас булааж “тарь” болгосноос болж “тарЬдаг, тарЬсан, тарЬя” гэснээ “тарИна, тарИв” болж нэг үгэнд “И болно, болохгүй” гэсэн эсрэгцсэн хоёр дүрэм зохиолгосон. Гадныханд тал засаж зөөлний тэмдэг(ь)-ийг аваагүй бол бүгдийг нь адилхан “таридаг, тарисан, тария, тарина, тарив” гээд тархиа эргүүлэхгүй л байх байсан даа.

Бүтэн И-ийн ажлыг булаасан хагас И(й) ч бас л хэрэггүй. Яагаад гэвэл эгшгийн дараа байгаа сайн”-ы хагас И(й) “ирэх”-ийн  эхэнд байгаа бүтэн И-ийн хагасаар хэлүүлж байгаа юм ер байхгүй, яг ижил, бүтэн дуудагдаж байгаа.  Бүүр сүүлдээ хагас И(й) гуай “йог, йод, йогурт” гээд хагасаа мэдэхгүй үг эхлүүлж, хамаг хүний толгой эргүүлээд байна. Гэхдээ л “иог-ёг, иод-ёд, ёгурт” гэж бүтэн И, Ё хоёроор бичдэг хүн хамаагүй их байгаа нь бас л нэг юм хэлээд байгаа юм. Энэ мэт толгой эргүүлэхээс цаашгүй үсгүүдийн хэрэг байна уу, ер нь?

“Егөөтэй 99 тайлбар” номын Хэрэггүй үсгийн хэмжүүр” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж