Д.Мурат: Утаа бууруулах ганц боломж нь цахилгаан станц юм

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Д.Мурат: Утаа бууруулах ганц боломж нь цахилгаан станц юм

Д.Мурат: Утаа бууруулах ганц боломж нь цахилгаан станц юм

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний үр ашиг, хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016, 2017 оны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. 

Энэ төслийн хүрээнд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар  өргөтгөл хийх асуудал багтсан юм. Өмнө нь Дарханы ДЦС өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийх байсан ч ажил хийгдээгүй тул Монгол Улсын Засгийн газар, Герман улстай хамтарч хэрэгжүүлэхээр болжээ. Уг ажилд 11 сая еврогийн санхүүжилт хийх шаардлагатай юм байна. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар 6,5 сая евро, Германаас 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах талаар гэрээнд тусгаж, 2016 онд байгуулсан. Монголын тал 3,4 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан байна. Үлдэгдэл 5 сая еврог 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, эхний 10 жилийн төлбөрөөс чөлөөлөх талаар германы талтай гэрээ байгуулжээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:

-Эдийн засгийн байнгын хороогоор яагаад ороогүй юм бэ. Улаанбаатар хот өөрийнхөө цахилгааныг хангаж чадахгүй, ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч худалдан авдаг гэж сонссон. Буцаагаад илүү гарсан цахилгаанаа ОХУ руу хямд өртгөөр гаргадаг юм биш үү. Улаанбаатар хот асуудалтай байхад яагаад заавал Дарханд хэрэгжүүлж байгаа юм бэ. Нэг МВт зардал хэд гарч байгаа юм. Шөнийн тарифыг орой 20.00 цагаас эхлүүлэх боломж байна уу. Шөнийн цаг хэдээс эхэлж байна вэ? 

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Эдийн засгийн байнгын хороогоор ороогүй тухайд УИХ-ын Тамгын газар хуулийн дагуу зохион байгуулж байгаа болов уу. Энэ төсөл 2012 оноос эхэлсэн. Явц дунд нь гацаж байсаар одоо оруулж ирж байгаа юм. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

-Манай эрчим хүчний салбар өөрийгөө зохицуулах бие даасан салбар биш учраас ОХУ-аас эрчим хүч авдаг. Шөнийн цагаар эрчим хүчний илүүдэл гардаг учраас ОХУ руу шилжүүлэхээс өөр арга байдаггүй. Энэ бол эрчим хүчний нарийн технологи учраас бид турбинаа унтраахгүйн тулд илүүдлээ ОХУ руу шилжүүлж байгаа.  Энэ жил 170 МВт авч түүхэнд анх удаа өндөр ачаалалтай ажиллаж байна. Өмнө 40-50 МВт авах шаардлага гардаг байсан. Оргил ачаалал 18.00-21.00 цагийн үед байдаг. Оргил үед ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлага гардаг. 

Нэг кВт 190 төгрөг байгаа. Цахилгаан станц барих дэлхийн зах зээлийн үнэ 1-1,2 сая ам.доллар байдаг. Герман, Япон зэрэг өндөр технологитой оронд 1,6-1,8 сая ам.доллар байдаг. Манайд хамгийн хямд өртгөөр Эрдэнэтэд 48 МВт станц юм. Үнэхээр хямд 1 МВт 900 ам.доллараар барьсан байна лээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ:

-Утаа бууруулах ганц боломж бол цахилгаан станц юм. Бага хугацаатай, бага өртөгтэй гэр хороололд 6-8 МВт цахилгаан станц барих боломж байна уу. Ялангуяа манай баруун аймагт ОХУ-аас оруулж ирж байгаа цахилгааны импортыг багасгаж, өөрсдөө цахилгаан станцтай болох бүрэн боломж бий. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

-Д.Мурат гишүүн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хүний хувьд зовлонг мэдэж байна. Айл өрхөд халаалтын систем барих эрсдэлтэй. Нэг хөлдөхөд хот даяар хөлддөг. Тиймээс аймгуудын хувьд дулааны 10 станц барих  асуудлыг судалж байна. 
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж