У.Мөнх-Эрдэнэ Ази тивийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ Ази тивийн аварга боллоо

БНСУ-ын Инчён хотноо Азийн аварга шалгаруулах тэмцээний рингэнд 64 кг-ын жинд тулалдсан Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ аваргын алтан медаль хүртлээ. Өмнө нь тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр аваргын төлөө рингний эзэн орон БНСУ-ын тамирчин Пак Сан Хьюктэй тоглож, илт илүүрхэн 21:8 /8:2; 7:2; 6:4/ харьцаатай буулган авлаа.

Азийн аваргын рингэнд эхний тулаандаа Японы боксчин Юүта Жүкүмориг 22:6 харьцаатай төвөггүй буулган авсан тэрбээр хүрэл медалийн төлөөх тулаанд Казахстаны Алмасбек Алибековыг 18:11 харьцаатай, улмаар өчигдөр Энэтхэгийн тамирчин Балвиндер Бенвалыг 22:13 харьцаагаар илүүрхсэнээр мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Ийнхүү дэлхийн аваргын хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын алтан медаль шагналын цуглуулгадаа нэмлээ.

64 кг-ын жингийн медальтнуудад Монголын олимпийн боксын холбооны
ерөнхийлөгч, Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг шагналыг
нь гардуулсан бөгөөд У.Мөнх-Эрдэнэ гавьяат ийнхүү холбооныхоо ерөнхийлөгчөөс тивийн аваргын
алтан медалийг зүүж,  Инчёны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.

Харин 56 кг-ын жинд тулалдсан Д.Отгондалай мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр эхний тулаандаа Японы тамирчин Шохей Журакүг 24:5 харьцаатай илт
давуу буулган авч, улмаар Киргизстаны тамирчин Медер Мамакеевийг
18:16-гаар ялснаар хүрэл, БНСУ-ын И Жин Ёнг 12:9 харьцаагаар буулган
авснаар мөнгөн медалийн болзол хангасан юм. Харамсалтай нь, шийдвэрлэх тулаанд Тажикистаны боксчин Анвар Юнусовт 13:10 харьцаатай ялагдсанаар медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

Мөн Иорданы боксчин Мохаммад Алассиг 25:13 харьцаатай ялж, гараагаа амжилттай хийсэн Т.Чулуунтөмөр хүрэл медалийн төлөөх тулаанд Киргизстаны тамирчин Нурсултан Осмоновыг 25:11-ээр, мөнгөн медалийн төлөө Туркменистаны Нурсахат Паззиевийг 16:11 харьцаатай буулган авсан юм. Харин  финалын төлөөх тоглолтод Узбекистаны Шухроз Абдуллоевтай тоглож, 20:9 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Түүнчлэн 69 кг-ын жинд Б.Түвшинбат өчигдөр болсон хагас шигшээ тулаанд ялагдсанаар хүрэл медаль хүртсэн билээ.

Ийнхүү Монголын баг тамирчид П.Сэрдамба /49 кг/, Н.Төгсцогт /52 кг/, Д.Отгондалай /56 кг/, З.Энхзориг /60 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/, Х.Мандахбаяр /-91 кг/ нарын найман тамирчны бүрэлдэхүүнтэй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ жилийн тивийн аваргыг өндөрлүүлж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж