Трамп 1.8 сая цагаачдад АНУ-ын иргэншил санал болгоно

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Трамп 1.8 сая цагаачдад АНУ-ын иргэншил санал болгоно

Трамп 1.8 сая цагаачдад АНУ-ын иргэншил санал болгоно

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн хилийн дагуу ханан хэрэм босгох санхүүжилтийг Конгрессоор батлуулахын тулд 1.8 сая хууль бус цагаачдад АНУ-ын иргэншил санал болгохоор төлөвлөжээ.

Энэ асуудлаар ирэх даваа гаригт Ардчилсан намтай хэлэлцээ хийх бөгөөд үүний өмнө Трампын ахлах зөвлөх дээрх төлөвлөгөөг дэмжиж ажиллахыг Бүгд Найрамдах намын гишүүддээ уриалсан байна.

Цагаан ордноос дээрх хуулийн төслийг ирэх даваа гаригт /2017.01.29/ танилцуулах аж. Хилийн дагуу хана босгоход шаардлагатай 25 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдэх асуудлаар Ардчилсан намтай тохиролцохын тулд дээрх төлөвлөгөөг боловсруулсан байна.

Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Стифен Миллер уг төлөвлөгөөг “тун боломжийн санал” гэж тодотгожээ.

Хуулийн төсөлд тусгаснаар АНУ-д хууль бусаар оршин сууж буй бичиг баримтгүй 1.8 сая хүнд 10-12 жилийн хугацаанд шатлалтайгаар иргэншил олгох гэнэ. Үүнд, Барак Обамагийн үед хэрэгжиж байсан DACA буюу АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүүхдүүдийг албадан гаргахыг хориглосон хөтөлбөрийн хүрээнд 700 мянган хүн АНУ-ын иргэн болох боломж бүрдэх аж. Тэднийг “Dreamers” буюу “Мөрөөдөгчид” гэж нэрлэдэг байна.

Түүнчлэн DACA хөтөлбөрт хамрагдаагүй 1.1 сая бичиг баримтгүй хүн АНУ-ын иргэншил авах хүсэлт гаргах боломжтой болох юм.

Харин “гинжин нүүдэл” гэгддэг АНУ-ын иргэншилтэй бол ах дүү, төрөл саднаа батлан дааж, тус улсын виз мэдүүлдэг байдлыг зогсоож, зөвхөн эцэг эх, үр хүүхдээ хамруулдаг болгохоор төлөвлөжээ. Трампын эртнээс шүүмжилж ирсэн лотто хэлбэрээр виз олгодгийг ч мөн бүрмөсөн зогсоох гэнэ. Тодруулбал, дэлхийн улс орнуудаас жил бүр 50 мянган хүнд АНУ-д оршин суух эрх олгодог “Ногоон карт” хөтөлбөрийг цуцлах юм байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж