Хойд Солонгосын цэргийг санаандгүй хил давсан гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын цэргийг санаандгүй хил давсан гэж үзэв

Хойд Солонгосын цэргийг санаандгүй хил давсан гэж үзэв

Цэрэггүй бүсээр дамжин Өмнөд Солонгос руу зугтсан Хойд Солонгосын цэрэг хилээр зугтахаас өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто осол гаргасан байсан талаар БНСУ-ын Үндэсний тагнуулын албанаас мэдээлсэн байна.

Өдгөө цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй У Чун Сун нэртэй умардын цэргийн асуудлыг лхагва гаригт /2018.01.24/ хуралдсан Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн Тагнуулын хорооны хуралдаанаар авч хэлэлцжээ. Энэ үеэр тагнуулын албаны хүмүүс У овогт цэргийг согтуугаар автомашин жолоодож, шийтгэл хүлээхээс эмээхдээ санаандгүй Өмнөд Солонгосын хил давсан байж болзошгүй гэж тайлбарласан байна.

“У Чун Сун цэргийн жолооч байсан. БНСУ руу зугтах талаар төлөвлөөгүй байсан бололтой” гэж Үндэсний ассамблейн тагнуулын хорооны гишүүн И Ван Ён сэтгүүлчдэд хэлжээ.

У Чун Сун нь 24 настай, түүний аав Хойд Солонгост дэслэгч хурандаа ба хурандаа цолны дунд олгодог “сан-жва” гэх цэргийн цолтой аж. Өмнө нь түүнийг Хойд Солонгосын Ардын армийн генералын хүү гэгдэж байсан юм.

У овогт цэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард цэрэггүй бүсээр дамжин Өмнөд Солонгост нэвтэрсэн билээ. Хилийн заагт буудуулж, хүнд шархадсан байсныг өмнөдийн талын цэргүүд татаж авчирсан юм. Улмаар түүнийг Сөүл хотын Ажоу их сургуулийн эмнэлэгт хүргэж, эмчлүүлсэн. Харин одоо биеийн байдал нь дээрдсэн тул тагнуулын болон цэргийн албаныхан түүнээс байцаалт авч байгаа аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж