Азийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Азийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчид Монголд ирлээ

Азийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчид Монголд ирлээ

Монголд болох олон улсын тэмцээний салхийг Жюү жицүгийн холбоо хагаллаа. Ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд Монголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улстай хамтран анхдугаар “Ази тивийн нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулах гэж байна.  

“ASIA CONTINENTAL PRO” буюу “Ази тивийн нээлттэй тэмцээн”-д бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Мөн дэлхийн чансааны өндөр оноо бүхий тэмцээн учир олон орны тамирчид оролцох хүсэлтэй байгаагаа уламжилсаар байгаа юм.  Өнөөдрийн байдлаар тэмцээнд 11 орны 540 гаруй тамирчид бүртгүүлээд байна. Тэмцээн өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад насны ангилалд бүс болон жингийн төрлөөр өрсөлдөж  шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болно. Уг барилпаанд хөх бүснээс дээш бүх бүс, жингийн аваргууд оролцох боломжтой.

Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголын Жюү Жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийхээ талаар танилцуулаач?

-Монголын Жюү Жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран дөрөв дэх Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. Үүнээс гадна олон улсын томоохон тэмцээнүүд ч хамтран зохион байгуулж байна. Хамгийн анх бид өнгөрсөн оны наймдугаар сард “Ulaanbaatar pro” нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан. Энэхүү тэмцээн маань жил бүр уламжлал болон зохион байгуулагдана гэдгээрээ онцлог. Мөн нийслэлийнхээ нэрээр нэрлэж, аялал жуулчлалын идэвхтэй үе болох наймдугаар сард зохион байгуулж заншиж байгаа нь олон талын ач холбогдолтой гэдгийг онцлох нь зүйтэй байх. Харин одоо бид “Азийн нээлттэй тэмцээн”-ийг тус холбоотой хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажил жигдэрлээ. Тэмцээн энэ сарын 27-28-нд Спортын төв ордноо болно.

Ерөнхий дөө Арабын нэгдсэн Эмират улсын Жюү Жицүгийн холбоо нь тус спортыг хөгжүүлэх үйлст Азидаа томоохон байр суурьтай ажиллаж байгаа. Тухайлбал, Азийн жюү жицүгийн холбоотой хамтран Дэлхийн олон улсын холбооны таван гранд слам тэмцээнийг зохион байгуулна. Токио, Абу Даби, Рио, Лос анжелес, Лондонгийн гранд сламыг тус тус зохион байгуулах юм. Дээрээс нь энэ оноос эхлэн тивүүдийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж эхэлж байна. Түүний нэг жишээ нь энэхүү Азийн нээлттэй тэмцээн юм.

-Азийн нээлттэй тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор болсон. Энэ ч утгаараа орон орны шилдэг тамирчид тус тэмцээнийг зорьсоор байна…

-Тэгэлгүй яахав. Дэлхийн чансааны өндөр оноо өгч байгаа учраас энэхүү тивийн нээлттэй тэмцээнийг зорих тамирчдын тоо цөөнгүй байна. Дэлхийн чансааны оноогоороо тивдээ эхний наймд шалгарч чадсан тамирчдад ирэх дөрөвдүгээр сард Абу Дабид болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох юм. Бүх зардлыг тэмцээн зохион байгуулагчид даана гэсэн үг.

-Тэмцээнд хичнээн орны тамирчид оролцох вэ?

-Одоогийн байдлаар 11 орны 40 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн. Мөн БНСУ, ХБНГУ-аас тамирчид бүртгүүлээд эхэлж байна. Оролцох орон болон тамирчдын тоо цаашдаа ч улам нэмэгдэнэ байх.

-Монголын Жюү Жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран томоохон тэмцээнүүдийг зохион байгуулсаар байна. Ингэхэд хамтын үйл ажиллагаагаа хэдийнээс эхэлсэн бэ?

-Бид 2014 оны элсний Азийн наадмаас эхлэн Арабын нэгдсэн Эмират улсын жюү жицүгийн холбоотой хамтран ажиллахаар албаны хүмүүстэй нь уулзаж байлаа. Улмаар тухайн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулсан. Энэ ч утгаараа Улсын аварга шалгаруулах тэмцээн маань хүртэл чансааны оноо өгдөг томоохон тэмцээн болсон. Монголын Жюү Жицүгийн УАШТ гадны тамирчдад дөрвөн жилийн турш нээлттэй үргэлжилсэн гэсэн үг.

-Жюү Жицүгийн спорт бүс, нас, жингийн ангилалтай байдаг. Ингэснээр тухайн хүнд яг өөрийнхөө хэмжээний тамирчинтай өрсөлдөх боломж олгодог.  Энэ нь ч тус спортоор хичээллэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэхэд  ихээхэн нөлөөлж байгаа болов уу?

-Жюү жицү нас, бүс, жингийн ангилалтай спорт л доо. Тэгэхээр яг өөрийнхөө хэмжээнд бэлтгэгдсэн тамирчинтайгаа өрсөлдөх боломжийг олгочихож байгаа хэрэг. Энэ нь ч тус спорт дэлхийд хөгжих нэгэн гарч нь болж өгдөг. Дээрээс нь сонирхогчид, тамирчдын хамгийн их олзуурхан хүлээн авдаг зүйл нь энэхүү ангилал юм.

Ерөнхийдөө тус спортоор анхлан хичээллэгчид цагаан бүснээс эхэлдэг. Харин хөх бүснээс дээш бол тамирчдын бүстэй болжээ гэж ойлгодог жишиг бий. Хөх, ягаан, бор, хар гэх бүсний дараалал нь тухайн тамирчний чадвар, чансааг илтгээд явдаг байгаа. Мэдээж жин, нас зэргээсээ хамаарч мөн дахин ангилагддаг. Өсвөрийн насны ангилал нь дөрвөн настайгаас эхэлдэг дээ. Насанд хүрэгчдийн ангилалд 18-30 насны хооронд байхаар заагдсан. Гэхдээ 30 наснаас дээш тохиолдолд ч насанд хүрэгчдийн ангилалд орох нь нээлттэй. Мөн мастерс нэг, хоёр гэсэн ангилал бий. 30-35 насны тамирчин мастерс нэг ангилалд хамаардаг бол 36-40 настай тамирчид мастерс хоёр ангилалд орох боломжтой. Мастерс дөрөв хүртэлх ангилалтай л даа. Гэхдээ манай улсад мастерс нэг, хоёр ангилалд тэмцээнүүд явагдаж байгаа.

Сонирхуулахад жүдо бөхийн хар бүстэй тамирчин жюү жицүгийн хөх бүстэй болох боломжтой байдаг. Анхлан суралцагчид цагаан бүснээс эхлэх ёстой байдаг ч их спортоор хичээллээд хар бүс авчихсан тамирчинд бол хориотой. Тэгэхээр хөх бүснээс эхлэн барилдах бүрэн боломжтой байдаг юм.

-Жюү Жицүгийн спорт хамгийн бэртэл гэмтэл багатай спортын тоонд багтдаг. Энэ тухайд?

-Жюү Жицү нь бэртэл, гэмтэл багатай спорт гэдгээрээ дэлхийд алдартай. Өчиж, боодог гэхээр хүмүүст бэртэл, гэмтэл ихтэй спорт шиг санагддаг байх. Жюү жицүгийн бэлтгэл сургуулилт, дасгалууд нь хэвтээд явагддаг, шидэх зэрэг хүнд техникүүд нь төдийлөн их хийгддэггүй. Хязгаарлагдмал байдаг юм. Өөрийгөө хамгаалах, өчиж болох ашигтай байрлалын төлөө барилддаг. Тиймээс бэртэл гэмтэл жюү жицүгийн тамирчдаас хол байдаг гэж болно.

Хүн нас ахих тусам өнхрөх, хэвтээгээс эргэх зэрэг чухал хөдөлгөөнүүдийг тэр бүр хийгээд байдаггүй. Ерөнхийдөө алхахаас бусад хөдөлгөөнүүдийг хийхээ больчихдог. Харин жюү жицүгийн хэвтээ барилдаанууд нь эдгээр хөдөлгөөнүүдийг хийхийг шаарддаг. Ямар үе яаж ажиллах ёстой тэр бүхнийг л хөдөлгөдөг. Тиймдээ ч хүний хөдөлгөөний хомсдлыг маш сайн арилгадаг давуу талтай. Хөгжингүй орны хүмүүс хэдийнэ энэ нууцыг мэддэг болчихсон учир, хичээллэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Дэлхийд гэлтгүй манай улсад ч эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэн тус спортыг зорин ирэх болсон. Мөн зарим нь хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл мэнддээ анхаарах үүднээс хичээллэж эхэлж байсан бол одоо маш сайн тамирчин болчихсон байх жишээтэй. Манай тамирчдын ихэнх нь албан ажилтай хүмүүс байдаг.

-Монголын Жюү Жицүгийн холбооны салбар клубууд мөн л нэмэгдсээр байгаа. Хөдөө орон нутагт ч чамгүй их клубууд нээгджээ. Одоогоор Жюү Жицүгийн холбооны нийт хичнээн клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-Монголын Жюү Жицүгийн холбоо хоёр жилийн өмнө хамгийн анхны клуб болох “Гаруда”-гаа нээн ажиллуулж байлаа. Үүний араас “Monde” зэрэг клубууд нээгдсэн. Цаашдаа хөдөө, орон нутагт төдийгүй хотын зах руу салбар клубуудээ нээн ажиллуулах төлөвлөгөө бий.   

-Саяхан болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс харахад бага насны хүүхдүүд ихээр оролцож байсан. Энэ нь залуу хойч үеэ сайтар бэлдэж байгаагийн нэг илрэл гэдэг нь дамжиггүй. Мөн эцэг, эхчүүдийн хувьд ч хүүхдээ энэхүү спортоор хичээллэхэд нь их дуртай байдаг юм шиг санагдсан…

-Хөдөө орон нутгаас өсвөрийн тамирчид ихээр ирж оролцож байна. Саяхан болсон УАШТ-нд  220-иод өсвөрийн тамирчид оролцсон. Үүнд Баянхонгор, Увс, Дорноговь, Сэлэнгэ зэрэг арваад аймгийн төлөөлөл болсон тамирчид багтаж байгаа юм. Жюү жицүгийн дүрэм, техникийг сураад, сайтар бэлтгэгдээд ирж байна. Үүнд мэдээж багш, дасгалжуулагчдийн үүрэг оролцоо хамгийн их бий гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Мөн бид өмнөх УАШТ-үүдэд багш, дасгалжуулагчдадаа нэгдсэн сургалт зохион байгуулж дүрэм, техникээ заасны үр дүн ийнхүү гарч эхэлж байгаад тун таатай байна.

Түүнчлэн энэ удаагийн УАШТ-д өсвөрийн тамирчдын нас насны ангиллаараа барилдах олон улсын жишгийг оруулж өгснөөрөө онцлог байсан. Үүнд эцэг, эхчүүд маань ч их сайшаалтай хандсан.

-Монголын Жюү Жицүгийн холбооны цаашдын төлөвлөгөө юу байна вэ. Энэ талаараа сонирхуулаач?

-Жюү жицүгийн цаашдын чиг хандлага бол тодорхой болсон. Энэ онд л гэхэд Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор орохоор болчихсон. Азийн наадам нь дөрвөн жил тутамд зохиогддог. Азийн олимп гэж ойлгож болно. Жюү жицүд олимпоос бусад бүхий л тоглолтод оролцох эрх нь нээгдчихлээ. Мөн жюү жицүгийн спорт маань олимпийн нэгэн төрөл болохоор яригдаж байгаа. Хэрэв олимпийн нэг төрөл болж чадвал өсвөрийн тамирчдад маань том боломж нээгдэж байна гэж ойлгож болно.

Харин Монголын Жюү Жицүгийн холбоо цаашдаа энэхүү спортоо улам дэлгэрүүлж, хөгжүүлэхэд юу юунаас илүү анхаарч байна. Ер нь дэлхийн юуг зорьж байна түүн рүү л бид тэмүүлж, хичээж ажиллах болно. Хөгжсөн хойно нь гэхээсээ илүү хамтдаа хөгжих нь юу юунаас чухал байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж