Засаг ОУВС-тай дараах хэлэлцээг хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Засаг ОУВС-тай дараах хэлэлцээг хийж байна

Засаг ОУВС-тай дараах хэлэлцээг хийж байна

Монгол Улсын Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны гурав дахь шатны үнэлгээг хийхээр Олон улсын валютын сан/ОУВС/-гийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна. Тэд 14 хоногийн турш ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм. 

ОУВС-ийн төлөөлөгчид Сангийн яамны удирдлагуудтай өчигдөр хэлцлийн ширээнд суусан, өнөөдөр ч хэлэлцээ хоёр дахь үргэлжилж байна.

Засгийн газрын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш  эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж дүгнэж байгаа. Гэхдээ нөгөө талд дээрх хөтөлбөр хэрэгжих шатанд долоон төрлийн татварыг нэмсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгээд буй.

Тиймээс Засгийн газар ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах зэрэг тодорхой саналууд тавихаар бэлтгэсэн. Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж, энэ талаараа ОУВС-тай зөвшилцсөн гэж тайлбарласан ч албан ёсоор зөвшилцөлд хүрээгүй. Тиймээс Онцгой албан татварын асуудлаар ОУВС-ийханд тодорхой санал тавьж буй.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын татварыг нэмсэн. Үүнд улирлын чанартай ажил эрхэлдэг уул уурхайн салбарынхан орж байгаа учраас оны өмнө иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс Засгийн газраас ОУВС-д 2018 онд татварын нэмэгдлээ хэвээр үлдээж, 2019 оноос татварын нэмэгдлийг тэтгэмж хэлбэрээр буцааж олгох боломжийг эрэлхийлсэн санал тавихаар бэлтгэсэн талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, 1,5 саяас дээш орлоготой уул уурхайн салбарт ажилладаг иргэний 2018 онд нэмж төлсөн татварыг нэг удаад эсвэл гэр бүлд нь бусад хэлбэрээр буцааж олгох боломжтой гэж Сангийн яам үзэж байгаа гэнэ.

Сангийн яамны зүгээс хэлцэл дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн хэлэхэд эрт байна. Ирэх долоо хоногоос тодорхой үр дүн гарах байх гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж