Си Жиньпиний "цэвэрлэгээ" цэргийн хүрээллийг хамарлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Си Жиньпиний "цэвэрлэгээ" цэргийн хүрээллийг хамарлаа

Си Жиньпиний "цэвэрлэгээ" цэргийн хүрээллийг хамарлаа

Авлигыг улс төрийн гол зэвсгээ болгосон Хятадын дарга Си Жиньпиний цэргийн хүрээлэл доторх “их цэвэрлэгээ” үргэлжилж байна.

Сигийн удирдлага дор өнгөрсөн таван жилийн хугацаанд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 13 мянга гаруй офицер, тэдний дунд 100 гаруй генералыг авлигын хэргээр шалгаж, шийтгэл оноожээ. “Хувьсгалын он жилүүдэд дайны талбарт амь үрэгдсэн армийн генералуудаас ч олон” гэж дээрх мэдээллийг Синьхуа агентлаг онцолж байв.

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жиньпин дэлхий дээрх хамгийн өргөн бие бүрэлдэхүүнтэй армийг шинэчлэн, авлига, хээл хахуулийн сүлжээнээс цэвэрлэж, офицеруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Цэргийн салбарт хийх түүний гол ажил энэ юм.

Гэхдээ нөгөө талаар түүнийг авлига нэрийн дор өрсөлдөгчдөө замаасаа зайлуулж, Хятадын хамгийн хүчирхэг улс төрийн институцийн нэг болох арми дотор өөрийн хүч, эрх мэдлээ бататгах зорилготой ч гэж шүүмжилдэг. Авлигатай тэмцэхийн хажуугаар Сигийн удирдлага дор арми доторх 100 гол албан тушаалтны 70 нь халаа, сэлгээнд өртжээ.

Дэлхийн хамгийн хүчирхэг армийн хамгийн залуу удирдагч гэгдэж байсан Фан Фэнхуй саяхнаас авлига авсан, өгсөн хэргээр шалгагдаж эхэлсэн нь Си Жиньпиний зэвсэгт хүчний салбар дахь авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд шалгагдаж буй хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хэлтсийн даргаар ажиллаж байсан 66 настай Фан овогтыг цэргийнхэн дотроо “баруунтан” хэмээн тодорхойлдог байжээ.

Фан Фэнхуй нь армийн генерал агсан Жан Янтай ойр дотно харилцаатай байсан гэнэ. Тиймээс ч авлигын хэргээр баривчлагдахынхаа өмнө амиа хорлосон Жан генералын хэрэгтэй холбоотойгоор цэргийн прокурорууд Фанг шалгаж эхэлсэн тухай мэдээллийг нэлээд хожуу олон нийтэд зарласан байна.

Хятадын Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн хэлстийн даргаар ажиллаж байсан Жан Ян өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд Бээжин дэх гэртээ өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн юм. Тэрээр Си Жиньпиний таван жилийн өмнө эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд өөрийн амийг авахад хүрсэн цэргийн хамгийн өндөр албан тушаалтан. Үүгээрээ ч дотоодын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Ойрын эх сурвалжийн мэдээллээр мөрдөн байцаагчид түүний гэрт очиж, баривчлахаас нэг цагийн өмнө Жан амиа хорлосон гэдэг.

Баруун талаас Жан Ян, Фан Фэнхуи нар

Жан Ян, Фан Фэнхуи нар хоёул Цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Гуо Бошён, Сю Цайхоу нарын ойрын хүмүүс байжээ. Гуо, Сю нар авлигын эсрэг аяны хүрээнд цэргийн цол наймаалцсан болон бусад авлигын хэрэгт шалгагдаж байсан юм. 75 настай Гуо Бошён 2016 оны долдугаар сард бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн бол Сю Цайхоу 2015 онд авлигын хэргээр шалгагдаж, хоригдож байхдаа хорт хавдрын улмаас нас баржээ.

 

Хятадын тав дахь үеийн удирдагч Си Жиньпин авлигатай тэмцэх бодлогын хүрээнд төрийн өндөр алба хашиж байсан цөөнгүй эрхмүүд авлигын хэргээр ял сонссон. Цэргийн салбарт ч ялгаагүй. Дээр нэр дурдагдсан цэргийн удирдагчдаас гадна Ма Фашян, Зянь Жунхуа, Чэнь Жиэ гээд зэвсэгт хүчний салбар дахь нөлөө бүхий албан тушаалтнуудыг дурдаж болно.

Тэгвэл, өнгөрсөн хугацаанд Хятадад авлигын хэргээр шалгагдаж, шийтгэл хүлээсэн цэргийн удирдагчид хэн байв?

СЮ ЦАЙХОУ

Хятадын дарга Ху Жинтаогийн үед Цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Сю Цайхоу бол авлигын хэрэгт холбогдсон Хятадын цэргийн хамгийн өндөр албан тушаалтан юм. Армийн генерал асан 2012 онд тэтгэвэртээ гарчээ. Сюг авлигын хэрэгт холбогдуулан 2014 оны гуравдугаар сард шалгаж эхэлсэн бөгөөд тэр жилийн зургадугаар сард Коммунист намаас хөөгдсөн байна. Түүнд эрүүл мэндийн шалтгаанаар ял тулгаагүй бөгөөд 2015 оны гуравдугаар сард давсагны хорт хавдрын улмаас нас баржээ.

Албан тушаал ахиулах нөхцөлтэйгээр авлига авсан, гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан, мөн өөрийн биеэр авлига авсан нь тогтоогдсон учир хожим түүнийг нас барсны дараа цолыг нь хураажээ. Түүний Бээжин дэх гэрээс маш их хэмжээний бэлэн мөнгө олдсон, бүгдийг тоолж дуусгахад бүтэн долоо хоног зарцуулсан, гэрт нь хадгалагдаж байсан их хэмжээний бэлэн мөнгө, эд хөрөнгө, үнэт эдлэл, эртний эдлэлийг 12 ачааны машинаар зөөвөрлөсөн гэх мэдээлэл гарч байсан юм.

 

МА ФАШЯН

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн дэд адмирал асан Ма Фашян авлигын хэрэгт холбогдож, 2014 оны арваннэгдүгээр сард амиа хорложээ. Тэрээр Бээжин дэх цэргийн өндөр байгууламжаас үсэрсэн байна.

Тухайн үед Ма Тэнгисийн цэргийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч комиссараар ажиллаж байжээ. Түүнийг Сю Цайхуа, Гуо Бошён нартай ойр дотно харилцаатай байсан гэгддэг.
 

ЗЯНЬ ЖУНХУА

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний Өмнөд тэнгисийн флотын хошууч адмирал Зянь Жунхуа нь Ма Фашяныг нас барахаас хоёр сарын өмнө зочид буудлын барилгаас үсэрч, амиа егүүтгэжээ. Тэрээр 2014 оны есдүгээр сарын 2-нд Жөзян мужийн Жоушань хотод нас барсан боловч түүнийг нас барсан тухай албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Зянь Жунхуа мөн л Сю Цайхуа, Гуо Бошён нартай холбоотой байсан гэгддэг.
 

ЧЭНЬ ЖИЭ

Армийн генерал цолтой Чэнь Жиэ өнгөрсөн жил нойрны эм тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байдалтай олджээ. Тэрээр Ардын чөлөөлөх армийн Агаарын хүчний улс төрийн асуудал эрхэлсэн дарга, ХКН-ын Төв хорооны гишүүн асан, генерал Тянь Сюситэй ойр харилцаатай байжээ. Улмаар Тянь генералыг авлигын хэргээр шалгаж эхлэх үед Чэнь нойрны эм хэтрүүлэн хэрэглэж, амиа хорлосон байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж