АТГ-т шалгагдаж байгаа гишүүд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

АТГ-т шалгагдаж байгаа гишүүд хэн бэ?

АТГ-т шалгагдаж байгаа гишүүд хэн бэ?

Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээллээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Гантулга, О.Баасанхүү нарыг шалгаж, заримынх нь хэргийг прокурорт шилжүүлжээ. Энэ тухай мэдээллийг хүргэе.


Сайд Ц.Цогзолмаа:

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа Авлигатай тэмцэх газарт хандан, сайд Ц.Цогзолмаа, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ.

Хяналт шалгалт хийх шатанд 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нэмэлт гомдол, мэдээлэл бичгээр гаргасан байна. Мөн  2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр дахин гомдол гаргажээ. Нийтдээ 3 удаа гомдол өгөөд байгаа аж.

Хяналт шалгалтын хүрээнд С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь Төрийн албаны тухай хууль болон бусад тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шалгуулахаарТөрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн аж. Албан бичгийн хариу нь хараахан ирээгүй байгаа бөгөөд хянан шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын их чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад нэр дэвшин, дэмжүүлсэн байдаг. Улмаар Улсын дээд шүүхэд хандан, МАХН-ын даргаар бүртгүүлэх хүсэлт гаргасан.

Харин нэр бүхий иргэд түүнийг уг хурлыг зохион байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн. Төрийн ордонд аливаа үйл ажиллагаа зохион байгуулахад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурвын аль нэгээс зөвшөөрөл авах ёстой.

Харин О.Баасанхүү гишүүний хувьд хэнээс зөвшөөрөл авч, дээрх хурлыг зохион байгуулсан нь нууцлаг төдийгүй бусдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэн, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан юм.

Энэ хэргийг тус газар шалгаад прокурорт шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ярьснаар бол О.Баасанхүү гишүүн дээрх их хурлыг зохион байгуулах зөвшөөрлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс авсан.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАХН-ын хүчийг сааруулах зорилгоор О.Баасанхүүд дэмжлэг үзүүлж, их хуралд оролцсон төлөөлөгчдийг Баянгол зочид буудалд байршуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулсан юм шиг ойлголт төрүүлсэн гэж буруутгадаг юм.    

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Авлигатай тэмцэх газар дуудан, мэдүүлэг авсан талаар өмнө нь мэдээлэл цацагдсан. Тухайн үед Д.Гантулга гишүүн энэ талаар хэвлэлийнхэнд тайлбар өгөхөөс татгалзсан бол ойр тойрных нь хүмүүс “Шалгагдаагүй” гэдэг мэдээлэл өгсөн ч  үгүйсгэгдлээ.

Прокурорын газраас түүнд холбогдох хэрэгт харьяалал тогтоож өгсөн тул Авлигатай тэмцэх газар Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг шалгаж эхэлжээ. Одоо энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд яваа юм. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж