Задарсан сайдтай Засаг

Хуучирсан мэдээ: 2018.01.26-нд нийтлэгдсэн

Задарсан сайдтай Засаг

Задарсан сайдтай Засаг

Ажилгүй иргэд нь амь зуухын эрхээр харь орныг зорьж, аж ахуйн нэгжүүд нь татварын дарамт дор туйлдаж явахад Засгийн газрын сайд нь 300 сая төгрөгийн үнэтэй “Lexus-570”-аар унаагаа юүлсэн байх юм.

Үнэтэй авто машин унах болсноо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн” гэж тайлбарлав.

Өндөр дээд алба хашиж байгаа хүнээ авто машинаар хангах нь төрийн үүрэг. Гол нь эдийн засаг хүнд байна, улсаараа өрнөөс өрний хооронд амьдарцгааж байна. Тэтгэврийн нас, татвар хоёрыг нэмэхгүй бол олон улсын байгууллагаас санхүүгийн хөтөлбөр татаж чадахгүй гэж ярьсаар хууль батлуулж, иргэд, аж ахуйн нэгждээ ачаа үүрүүлчихээд, эцэс сүүлд нь төвлөрсөн орлогоос нь 300 сая төгрөгийн үнэтэй авто машин унах нь зөв юм уу.

Үнэндээ бол энэ үйлдэл тэнэглэл, төр татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн гараа угааж буйн нэгэн жишээ.

Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг “Lexus-570”-аар Үндсэн хуулийн цэцийг худалдан авлаа гэж буруутган, Ж.Амарсанаа даргыг огцруулж байсан хүн өнөөдөр өөртэй нь холбоотойгоор асуудал хөндөгдөхөд эдлэх ёстой эрх ямбаа эдэлж байна гэх агуулгатай тайлбар хийх. Шударга үнэний туйл царайлдаг Ц.Нямдорж сайдын хувьд энэ нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайд нар нь шинэ машин авч унахад МАН-ынхан тэр чигээрээ сэлэм эргүүлж байлаа. ‘Төсвийн хөрөнгийг үргүй зарцууллаа’ гэж зад шүүмжилсэн. Харин өнөөдөр өөрсдөө эрх барихаар Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа тансаглалыг өмөөрөх янзтай.

Улс төрийн соёл төлөвшсөн, ард түмнээ хүндэтгэдэг улсад бол дээрх тохиолдлоор сайд нь шууд огцрох байсан биз. Харин Монголд ширэн нүүрлээд л сайдын суудлаасаа зуурна. Ерөнхий сайд ч үг хэлж зүрхлэхгүй, хаацайлаад өнгөрнө. Харж л байгаарай. 

Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн ордны баруун бөөрөнд нь шахам байрладаг. Гэтэл  гэр, ажил хоёрын дунд явахын тулд “идэш” нь дийлддэггүй авто машин хөлөглөдөг болсон байх юм. Яамныхан нь ч гэсэн яасан дүүрсэн улс юм.

Эдийн засгийн нөхцөл байдлаа мэддэггүй юм уу гэмээр өндөр үнэтэй машин худалдан авч, сайдаа эрхлүүлэх санаа төрдөг.  

Засгийн газрыг 100 хоног дээр нь рейтингийг нь навс унагасан үйл явдлын нэг нь энэ асуудал болж хувирч байна.

Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар “Засгийн газар санхүүгийн сахилга батыг сахиж ажиллаж байгаа’ гэж сурталчлах. Хэн итгэх юм бэ, одоо энэ үгэнд. 

Үнэндээ бол төсвийн зардлыг бууруулъя, татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацдагыг болиулъя гэвэл наад зах нь Засгийн газрын гишүүд хот дотор том машин унадгаа зогсоох хэрэгтэй.  Хөдөө орон нутагт ажиллах бол  даваа гүвээ, бартаатай зам туулах тул том машины хэрэгцээ гардаг. Энэ тохиолдолд яам нь Засгийн газрын авто бааздаа захиалга өгөөд зохицуулах боломжтой.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед дээрх менежментээр ажиллаад сайд нар нь орон нутагт ажиллаж болдог л байсан.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг танхимын сайд нартаа сургахгүй бол ядарсан ард, аж ахуйн нэгжүүдийн чүүтэй чаатай төлж буй татварын мөнгийг гарын салаагаараа урсгаад дуусгах нь.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж