Л.Болдбаатар: Хүүтэйгээ хамт дуулна гэж бодсонгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Л.Болдбаатар: Хүүтэйгээ хамт дуулна гэж бодсонгүй

Л.Болдбаатар: Хүүтэйгээ хамт дуулна гэж бодсонгүй

“Хар нүдэн бүсгүй”, “Холын тэнгэр аав”, “Босоо хийморьтой эр хүн” зэрэг олон дуугаараа монгол түмний зүрх сэтгэлд хоногшсон дуучин Лосолын Болдбаатар уран бүтээлийн тоглолтоо нэгдүгээр сарын 23, 24-ний өдөр үзэгч түмэндээ өргөн барьсан. Бөхийн өргөөнд болсон “Санахын гэгээ” тоглолтод түмэнд түгсэн олон дуунууд эгшиглэсэн юм.

Тоглолт бүр гэнэтийн бэлэгтэй байдаг. 14 дэх удаагийн тайлан тоглолтоо хийсэн гавьяат жүжигчин Л.Болдбаатар хүү Ганбатын хамт ая дуугаа өргөлөө. Тэд энэ удаа “Босоо хийморьтой эр хүн” ;дууг хамтран дуулсан нь гэнэтийн бэлэг байсан юм.

Л.Болдбаатар “Миний хүү том болсон байгаа биз. Сайхан дуулж байна уу? За би ингээд халаагаа өгнө дөө.’ гэж танхимд цугласан олныг хөгжөөгөөд авсан.

Гавьяат мөн ‘Хүүтэйгээ хамт дуулна гэж бодож явсангүй” гэдгээ хэлж, хүүгээ хэрхэн том болсныг ард түмэндээ харууллаа.

Анх удаа тайзан дээр гарч аавынхаа олонд түгээсэн дууг дуулсан Болдбаатарын Ганбаттай цөөн хором ярилцлаа. Энэ жил 18 настай тэрбээр Япон улсад суралцах бодолтойгоо хэлж байв.

-Аавынхаа тоглолтод дуулах санаа хэзээ төрсөн бэ?

-Би аавын дуунуудыг дуулах дуртай. Энэ жилийн тоглолтод дуулах гэж тэгтлээ их бэлтгэсэнгүй. Аав хамт дуулах санал тавьж, бид дуулсан.

-Цаашид аав шигээ дуулах сонирхолтой юу?

-Ёстой хэлж мэдэхгүй юм байна. Аав, бид хоёр ярьж байгаад гэнэт дуулахаар болсон. Энэ их гэнэтийн л юм байлаа. Миний хувьд цаашид дуулах эсэхээ сайн мэдэхгүй байна.

-Спортод хэр сонирхолтой вэ? 

-Сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Бөхийн спортыг одоохондоо сонирхоогүй ээ. Би Увс аймагт сурч байгаад нийслэлийн 13-р сургууль, Баян-Өлгий аймаг дахь Монгол-Туркийн сургуулийг өнгөрсөн жил төгссөн. Баян-Өлгийн сургуульд таван жил суралцсан. Одоо мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа.

-Б.Ганбатын хувьд япон хэлэндээ анхаарч байгаа гэсэн. Хэзээ арлын орныг зорих гэж байна?

-Ирэх дөрөвдүгээр сард Японд очино. Одоохондоо хэлний бэлтгэлд сурч байгаа. Үргэлжлүүлж сурна.

-Аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүдээсээ хуваалцаач?

-Анх удаа олон түмний өмнө тайзан дээр гарах тийм амар байсангүй. Аавын минь дууг дуулж, дэмждэг ард түмэнтэйгээ хамт байх сайхан санагдлаа. Жаахан сандарсан. Хамт дуулсан нь дурсамжтай мөчийн нэг болон үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж