Улаан асрын зүүд (33-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (33-р бүлэг)

Улаан асрын зүүд (33-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Гучин гуравдугаар бүлэг

АХ ДҮҮСЭЭ АРАА ШҮДЭЭ ЗУУН, АМ ХЭЛЭЭР ӨДӨЖ, АЧЛАЛГҮЙ ХӨВГҮҮН, АЛДАЛ НҮГЭЛ ХИЙЖ ЭЦЭГТЭЭ ЖАНЧУУЛАВ

Өгүүлэх нь: Ван Фүрэнь, Жинь Чуаний эхийг дуудан ирүүлж хэдэн хатгуур ээмэг шагнахын хамт “Хэдэн хуушаан залж, буян үйлдэж, сүнс мөрийг нь залтугай” гэж захив. Тэр эх хишигт нь мөргөөд гарч одов.

Бао Юй зочинтой уулзаад буцаж ирэхэд нь Жинь Чуаний амиа хорлосон ичгүүртэй явдал сонсогдоод элэг зүрх нь эмтэрч байтал Ван Фүрэнь зэмлэсэн учир хэлэх үггүй зогсож байв. Бао Чайг орж ирсэн дашрамд, гараад хаашаа явахаа ч мэдэхгүй гайхан байснаа хэд санаа алдаад танхим руугаа явав. Халхавч үүдийг эргэн гартал хажуугаас нэг хүн ирж дотогш орохтой яг таараад нүүр тулан мөргөлдөв. Мөнөөх хүн “Зогс” гэж зандрахад нь Бао Юй ихэд айж харвал, өөр хэн ч биш эцэг нь байсан тул дотор нь палхийж, гараа унжуулан зогсов. Жя Жөн:

-Эв эрүүл байж чи юунд, сүр сүлдгүй царайлан санаа алдаж явна вэ. Түрүүнд Юй Цүнь ирээд чамтай уулзана гэж байхад чи хичнээн удаад одоо л гарч ирж байгаа юм уу. Ирээд бас цог золбоо, үг яриа байхгүй. Сүнсгүй хүн мэт царай гаргана. Чамайг харахад, царай чинь шунал, гуниг гутралын уйтгар бүрхжээ. Юундаа сэтгэл санаа шаналж юу дутаад ингэж гунигтай явна вэ. Шалтгаангүй ингэж аашлахын учир юү вэ гэж асуув. Бао Юй хэлэмгий, түрэмгий боловч энэ хэр Жинь Чуаний төлөө зовж, түүний хойноос үхмээр гашуудаж байгаа учир, эцгийнхээ хэлсэн энэ олон үгний учрыг олсонгүй, дэмий л гөлрөн зогсоно. Эцэг нь анхандаа уургүй байсан боловч хүүгээ үгийн хариугүй бэмбэгнэн байхыг хараад хилэн нь хөдөлж загнахыг завдтал гэнэт гаднах хаалганы хүн ирж: “Шударга дөлгөөн Чинь вангийн ордоноос хүн ирж, Лаоетай уулзах гэнэ” гэж мэдүүлэв. Жя Жөн сонсоод, гайхан түгдэрч дотроо: “Шударга дөлгөөн Чинь вангийн ордонтой ер харилцдаггүй билээ. Гэтэл юун хүн зарж ирүүлэх нь энэ вэ” гэж бодоод, хурдан залж оруулан суулга гээд дотогш орж хувцсаа солив. Буцаж ирээд мөнөөх хүнтэй уулзвал, шударга дөлгөөн Чинь вангийн ордны хамаарагч ноён байсан тул харилцан ёсолсны дараа цай барив. Жя Жөнг үг хэлэхийн завдалгүй мөнөөх ноён урьтаад:

-Доорд түшмэл би танай ордонд ирсэн нь учиргүй биш. Зарлигийг хүлээн, нэгэн явдлыг гуйхаар ирэв. Ван ноёны нүүрийг бодож таныг эзэн мэдэж хайрлахыг аймшиггүй хүснэ. Тийн бөгөөс ван ноён танд тал болох байтугай доорд түшмэл ч баярлан барахгүй болой гэв. Жя Жөн энэ үгсийг сонсоод учир ухааныг нь ололгүй, яаран босож:

-Их хүн та, ван ноёны зарлигаар ирсэн бөгөөс ямар сургаал байхыг үл мэднэ. Их хүн тодорхойлон айлтгаваас шавь би, сургаалын ёсоор хүлээн сэтгэсүгэй гэв. Ордны хамаарагч ноёнтон хүйтнээр инээвхийлж:

-Сэтгэх ч хэрэггүй. Таны ганцхан л үг байвал хэрэг даруй дуусна. Манай ордны Чи Гуань хэмээгч нэгэн дуучин, уул нь ордонд номхон суудаг байсан боловч эдүгээ харин хэдэн өдрөөр харихгүй, хааяагүй эрсэн боловч олсонгүй. Иймийн тул олон газраар байцаан сураглавал, энэ хот доторх олон хүн гэрчилснээр, түүнийг ойрын өдрүүдэд энүүгээр эргэн таны тэр хаш үмхэн төрсөн хөвгүүн лүгээ маш зузаан найртай гэнэ. Доорд түшмэл би үүнийг сонсоод энэ ордон бол бусад лугаа адил биш, дураар очиж, хүнийг авчирч үл болох тул Ван ноёнд мэдүүлсэн бөлгөө. Ван ноён ч: “Хэрэв өөр дуучин бол юу болно хамаагүй. Ганцхан энэ Чи Гуань бол цэцэн сэргэлэн, хичээнгүй номхон, өвгөн миний сэтгэлд асар нийцэх тул энэ хүн энд байхгүй байж үл болно” гэсээн. Иймийн тул танд хүсэх нь, энэ санааг хөвгүүндээ дамжуулан Чи Гуанийг талбиж илгээх болов уу. Энэ нь, нэгд ван ноёны дахин давтан гуйсан сэтгэлийг тайтгаруулах болно. Хоёрт доорд түшмэлийн эрэн сураглах хүчир ажлыг үгүй болгоно гээд босож мэхийн ёслов. Жя Жөн түүний үгийг сонсоод цочин уурлаж: “Бао Юйг дууд” гэв. Бао Юй учрыг мэдэлгүй яаран ирвэл, Жя Жөн:

-Үхэл дайрсан муу боол. Чи гэртээ ном бичиг уншиж суухгүй бол яая гэхэв. Тэгвэл зүгээр байж болно доо. Ёс бус үйл хийх хэрэг юү вэ? Чи тэр Чи Гуань гэгч шударга дөлгөөн ван ноёнд үйлчилдэг хүнийг, бас өөрийгөө ямар зэргийн хүн гэж өдөөн авчирч надад гай тарьж байгаа юм бэ гэж асуув. Бао Юй энэ үгийг сонсуут ихэд айж яаран өчив.

-Би ийм юмыг үнэхээр мэдэхгүй. “Чи Гуань” гэнээ? Тэр чинь юү вэ. Би мэдэхгүй. Нэн “Өдөөн авчрахыг” бүү хэл… гээд уйлав. Жя Жөнг ам нээхээс урьтаад, хамаарагч тэр ноён хүйтнээр инээвхийлж:

-Агь та нуун далдлах хэрэггүй. Гэртээ нууж байх буюу эсвэл түүний хаа байхыг мэдэхүл эртхэн хэлж гаргавал, бид мөн бага зүдрэх тул Агь таны сайныг мартахгүй болой гэсэнд Бао Юй сандран:

-Үнэхээр мэдэхгүй. Андуу сонссон байхаа гэв. Ордны хамаарагч ноён, хоёронтаа хөхрөөд:

-Гэрч баримт бэлээн. Их хүний өмнө хэлж гаргавал, агь зэмлэгдэхэд хүрэх бишүү. Мэдэхгүй гэвэл, түүний тэр улаан тэлээ яагаад чиний бэлхүүсэнд оров? гэж асуув. Бао Юй энэ үгийг сонсоод сүнс нь замхарч, нүд нь бүлтийгээд хэлэх үггүй болов. Дэмий л дотроо: “энэ явдлыг тэр яаж мэдсэн юм бол. Тийм нарийн явдлыг хүртэл ийм тодорхой мэддэг юм бол өөр явдлыг ч далдлахуйяа бэрх юм байна. Иймийн тул үүнийг эртхэн аргалж явуулбал өөр явдлыг задруулахгүй байж болох юм” гэж бодоод:

-Их хүн та, түүний уг үндсийг нэгэнт мэдсэн бөгөөтөл түүний гэр, хүрээ, худалдан авсан тийм их хэргийг яагаад мэдээгүй юм бэ? Сонсож байвал, тэр одоо, зүүн хот дүүрэгт, хотоос хорин газар зайтай Зы Таньбао хэмээх газар хэдэн му тариа бас хэдэн тасалгаа байшин авсан гэнэлээ. Бодвол, тэнд байж мэднэ гэв.Ордны ноён сонсоод инээж:

-Өө тийм бол тэнд лав байх бий. Би явж, эрж үзсүгэй. Байвал яахав. Байхгүй бол дахин ирж сургаалыг сонсоно гээд яаран салах ёс гүйцэтгээд явж одов. Жя Жөн энэ хэр хилэгнэж, нүд нь бүлтийн, ам нь мурийгаад, тэр ноёныг үдэж мордуулах зуураа Бао Юйд: “Бүү хөдлөгтүн. Чамаас асуух үг бий” гээд ноёныг үдэхээр гарав. Тэднийг мордуулчихаад эргээд явж байтал Жя Хуань хэдэн хүүхэд дагуулан үймэлдэн гүйж байв. Жя Жөн зарц хүүхдийг зандраад: “Тэр золигийг хурдан занчигтүн” гэв. Жя Хуань эцгээ үзээд айхдаа, хөл гар нь сулран доош харж бөхийн зогсоно. Жя Жөн:

-Юунд гүйж байна вэ. Чамайг дагуулагч тэр хүмүүс чамайг хайхрахгүй хаачсан бэ. Чамайг дураараа зэрлэг адуу мэт гүйлгэдэг нь юү вэ. Алив тэр сургууль дагаж явагч чинь хаана байна вэ гэж зандарна. Жя Хуань:

-Уг нь би, дураараа гүйгээгүй юмаа. Тэр худгийн дэргэдүүр өнгөрөхөд, худаг дотор нэг шивэгчин унаж үхсэн байсан. Намайг харахад… гээд гараараа заан: “Толгой нь ийм том болж, бие нь ийм бүдүүн болж хөөсөн учраас, айхдаа бид тэгж гүйсэн юм” гэв. Жя Жөн цочиж:

-Зүв зүгээр байтлаа бас хэн худагт харайж ороов? Манай энд ийм явдал гарсан удаагүй шүү. Өвөг дээдсээс аваад, доодост манайхан өршөөл энэрэлтэй явж ирсэн юм. Би бол ойрын жилд, гэрийн явдлыг хариуцахгүй болсноос хойш доодох хүмүүс эрх бариад дураар аашлах тул ийм амь насаа хорлосон хэрэг гаргасан байхаа. Үүнийг гадны хүн мэдвэл, өвөг дээдэсийнхээ нэр алдрыг хааш нь тавих вэ гээд Жя Лянь, Лай Да нарыг дууд гэж зандрав. Зарц нар за гээд гаран завдтал Жя Хуань ухасхийж, эцгийнхээ хормойноос шүүрэн сөгдөж:

-Лаое уураа дарж хайрла. Энэ явдлыг тайтайгийн гэрийнхнээс өөр хэн ч мэдэхгүй. Манай ээжийн хэлэхээр бол… гэснээ ийш тийш харахад Жя Жөн түүний санааг ойлгоод, нүдээ хөдөлгөсөнд зарц хүүхдүүд ухран гарцгаав. Жя Хуань шивнэж:

-Ээж надад ингэж хэлсээн. Бао Юй ахыг уржигдар тайтайгийн гэрт ороход шивэгчин охин Жинь Чуань буруу юм ярьсан гэж сэрдэж зодоод хөөсөнд, тэр бачимдахдаа худагт орж үхсэн юм гэнэлээ гэв. Түүнийг ийн ярьж байхад Жя Жөнгийн хилэн хөдөлж, царайны нь өнгө шар цаас мэт болоод чанга дуугаар: “Бао Юйг барьж ир” гэсээр бичгийн гэрийн зүг алхахдаа:

-Өнөөдөр хэрэв хэн хүн намайг хориглохоор ирвэл, би энэ зэрэг хэргэмийг, гэр хөрөнгөө бүгдийг Бао Юйн хамт түүнд тушаагаад энэ уцаар зовинолын үс гэзгээ хяргаж, нэг ариун орныг эрж очсугай. Энэ нь хэдий эцэг эхэд элбэрэлгүй ял болох боловч дээдэд өвгөдийг гутаахгүй, доордод тэрс хөвгүүд төрүүлсэн ялаас хэлтэрч болно гэв.

Гэрт байгсад хийгээд бараа бологсод Жя Жөнгийн энэ байдлыг хараад лав Бао Юйд л хилэгнэж байгааг мэдээд нэг нэгээр чив чимээгүй гарцгаав. Жя Жөн сандал дээрээ сулдасхийн суугаад нүүр дүүрэн нулимс асгаруулан: “Бао Юйг барьж ирэгтүн. Шийдэм, дээс авчир. Үүдийг түгжигтүн. Хэн нэгэн хэрэв гадагш мэдээ хүргэвэл тэр дор нь цохиж ална” гэж заналхийлнэ. Энэ үед Бао Юй эцэг нь: “Хөдөлж болохгүй” гэхийг сонсоод сайн явдал болохгүйг мэдсэн боловч Жя Хуаний тэр олон үгийг яаж мэдэх вэ! Танхимд эргэлдэн, яаж нэг дотогш мэдээ хүргэх хүн олох вэ гэж бодовч хүн олдохгүй байв. Бэй Мин хүртэл хаачсаныг бүү мэд. Яг ийнхүү сэрвэлзэн байтал нэг хөгшин явж байх харагдав. Бао Юй амьд эрдэнэ олсон мэт баярлан дуудаж:

-Хурдан дотогш орж хэлэгтүн. Лаое намайг занчих гэж байна. Хурдал… гэж сандрахдаа хагас дутуу хэлсэн үгийг нь дүлий эмгэн бүрэн сонссонгүй. Хурдхан очигтун гэснийг нь худагт унав гэж сонсоод инээн:

-Худагт унавал унатугай. Эр Еэ та юунаас айна вэ гэсэнд Бао Юй сая дүлийг нь мэдээд:

-Миний зарц хөвгүүдийг дууд гэсэнд эмгэн:

-Ямар их хэрэг болоов. Хэзээний дууссан хэрэг. Тайтай их мөнгө шагнасан, түүнийг барахгүй яана гэв.

Бао Юй яах аргаа олохгүй тэвдэж байтал Жя Жөний зарц ирээд хүчээр авч гарав. Түүнийг хармагц эцгийн нь нүд улайн, гадуур ший тоглогчидтой дэмий л танхайран, сэмхэн бэлэг өгөлцөж, гэртээ ном бичгээ хаяж, эхийнхээ шивэгчингүүдтэй эсэн бусаар аашилдгыг нь ч асуулгүй: “Амыг нь боогоод чанга цохь” гэж зандрав. Зарц нар аймшиггүйгээр түүний үгийг зөрчиж чадахгүй учир Бао Юйг исэр дээр хэвтүүлж бүдүүн банзаар далайн арваад цохив. Бао Юй өршөөл гуйгаад тус болохгүйг мэдэх учир дуу тавин орилно. Жя Жөн зөөлөн цохиж байна хэмээн уурлаж, банздагчийг өшиглөн зайлуулж, банзыг нь булааж аваад, байдаг чадлаар балбаж гарав. Бао Юй хүн болсноос хойш ийм зовлон үзээгүй тул анх занчихад нь тэсэж чадалгүй орилсон боловч сүүлдээ тамир нь тасарч дуу нь гарахаа болив. Тэнд байсан хүмүүс ирж хориглож гуйхад Жя Жөн сонсохыг ч хүссэнгүй. Тэдэнд хандаж:

– Энүүний юү хийснийг та нар асуугаад үз. Чухам уучилж болох нуу. Та нар л энүүнийг дур зоргоор нь байлгаж муу зан сургасаар энэ хэмжээнд хүргэчихээд бас хориглоно. Хойчийн өдөр та нар энүүнийг эцгийгээ хөнөөж, эзнээ алсан хойно нь сая сургах санаатай юу гэж асуув. Тэд энэ үгийг сонсоод, түүний уур хилэн туйлдаа хүрсэнийг мэдээд сандарч дотогш чимээ хүргүүлэв. Хамгийн түрүүнд Ван Фүрэнь сонсоод Жя Мүд хэлж амжилгүй хувцсаа хагас дутуу хэдрээд бичгийн гэрт яаран ирэв. Тэр хавьд байгсад зай тавьж өгөв. Жя Жөнг хүүгээ занчиж байхад Ван Фүрэнь орж ирэв. Түүнийг харуут гал дээр тос дусаах мэт болж улам хурдан, улам чанга банздаж гарав. Бао Юйг дарж байсан хоёр бага зарц сандран холдоход агь нэгэнт хөдлөхөө больжээ. Гэвч Жя Жөн балбах гэж далайхад нь Ван Фүрэнь банзыг нь булаав. Жя Жөн:

-Тавь наадахаа, миний цээж багтарч үхэх гэж байна гэсэнд Ван Фүрэнь уйлан:

-Энэ Бао Юйг занчих чинь зөв боловч Лаое биеэ гамнах хэрэгтэй. Энэ их халууны үед Лао тайтайгийн бие муу байна. Бао Юйг занчиж алах нь бага хэрэг. Харин Лао тайтайгийн бие муудчихвал их явдал болох бишүү гэв. Жя Жөн хүйтнээр инээж:

-Хэрэггүй үгийг бүү дуугар. Ийм нэг нүгэлт үрийг төрүүлсэн би нэгэнт дээдэст ачлалыг алджээ. Анхнаас чангалан сургасугай гэхэд олноороо өмгөөлсөөр энэ хүрчээ. Эртхэн энэ нохойн амийг таслаад зовлонгийн үндсийг арилгасугай гэсээр дээс эрж боомилох гэнэ. Ван Фүрэнь сандран тэвэрч: “Лаое та хэдийгээр хөвгүүнээ сургах ёстой боловч эр эмийн сэтгэлийг бас бодох хэрэгтэй. Би одоо таны үүдэнд нэгэнт тавь насалж, ганц энэ нүгэлт үртэй үлдсэн боловч эрхбиш үүгээр цээрлэл болгосугай гэвэл би мөн хүчлэн хориглож чадахгүй. Гэтэл өнөөдөр заавал үүний амийг авна гэх нь, зориуд миний үеийг таслах гэсэн санаа бишүү. Үүнийг заавал боомилж алсугай гэвэл урьдаар намайг боож алсны дараа үүнийг алагтүн. Бид эх хөвгүүн хоёр хамт үхвээс эрлэгт хүрэхэд биедээ хань түшиг болно” гээд Бао Юйг тэвэрч, орь дуу болон бархирав. Жя Жөн уртаар шүүрс алдаад сандал дээр лагхийн суунгуут нулимс нь бороо мэт асгарав. Ван Фүрэнь, Бао Юйг тэврээд харвал царай нь цайж, амьсгал нь сулран, ногоон торгон өмд нь нэл цус болсон ажээ. Яаран өмдний нь тэлээг тайлбал, хоёр гуянаас дээш бөгсөнд хүртэл хэсэг хэсгээр хөхөрч, эрүүл үлдсэн газаргүй тул тэсгэлгүй дуун алдаж: “Хувь муут үр минь” хэмээн ихэд уйлна. Тэрбээр: “Хувь муут үр минь” хэмээн уйлахдаа Жя Жуг санаад түүний нэрийг дуудан: “Чи минь амьд байсан болоосой” гэж гашуудан асгаруулсаар байв. Энэ үед дотор хүрээний хүмүүс Ван Фүрэнийг гарч ирэхэд Ли Вань, Фөн Же, Ин Чүнь, Тань Чүнь нар угтан очив. Ван Фүрэнь, Жя Жугийн нэрийг дуудан уйлахад ганцхан Ли Вань л бүгшин мэгшин уйлна. Жя Жөн сонсоод бас дагаж асгаруулан уйлав. Яг ийнхүү яахын аргагүй байж байтал нэг шивэгчин ирж: “Лао тайтай ирлээ” гэж хэлэх зуур цонхны цаана чичирхийлсэн хоолойгоор: “Урьдаар намайг алаад, дараагаар нь түүнийг албал чиний санаа сая гүйцнэ” гэж бархирах сонсогдоно. Жя Жөн эхийнхээ ирж байгааг хараад, бачимдан зүрх нь шимшрэвч арга буюу сандран угтан гарав. Жя Мү толгойгоо унжуулан сулдархийлсээр нэг шивэгчнийг түшин айсуй. Жя Жөн яаран дөхөж очоод мэхийн инээмсэглэж:

-Энэ их халуунд, Лао тайтай та ямар захих юм байваас хөвгүүн надад хэлбэл барав. Өөрөө ирж яана вэ гэсэнд Жя Мү зогсосхийгээд чанга дуугаар:

-Чи бас надтай үг ярина уу. Би харин хэлэх үгтэй байсан юм. Энэ насандаа сайн үр төрүүлээгүй би хэнтэйгээ очиж ярина вэ хэмээн зандрав. Жя Жөн яаран сөгдөж, нулимс асгаруулан:

-Таны хөвгүүн би, түүнийг сургах нь, өвөг дээдсийн алдар нэрийг бодсон хэрэг. Лао тайтайгийн энэ үгийг хөвгүүн би, хэрхэн хүлээн авч чадна вэ гэсэнд Жя Мү түй гэж нулимаад:

-Миний хэлсэн нэг үгийг ч чи дагахгүй болжээ. Чам шиг хүн тэр мэт хүнийг үхтэл занчихыг Бао Юй яаж даах юм бэ. Чи хөвгүүнээ сургах нь, өвөг дээдийн алдар нэрийн төлөө гэнэ. Чамайг бага байх үед эцэг чинь, чамайг яаж сургаж байсан бэ гээд нулимс унагана. Жя Жөн арай ядан инээмсэглэж:

-Лао тайтай сэтгэл уярах хэрэггүй. Цөм миний түргэн зангаас боллоо. Үүнээс хойш түүнийг дахиж цохихгүй гэсэнд Жя Мү хүйтнээр инээж:

-Чи бас надад уураа гаргах хэрэггүй. Чиний хөвгүүн тул чи занчъя гэвэл занчтугай. Бодвол чи, эх хүн биднийг үзэн ядаж байгаа. Бид эртхэн тонилж өгвөл та нарын сэтгэл амар болно гээд зарц нарт: “Сүйх бэлтгэ. Би чиний тайтай хийгээд Бао Юйг авч даруй Наньжинд буцна” гэсэнд гэрийн хүмүүс арга буюу хүлээн авцгаав. Жя Мү, Ван Фүрэньд хандаж:

-Чи бас уйлах хэрэггүй. Бао Юйн нас бага тул чи түүнийг өрөвдөж байгаа. Хожим тэр том болоод түшмэл, ноён болбол чамайг эхийгээ гэж бодох эсэхийг хэн мэднэ вэ. Харин чи одоо түүнийг өрөвдөхгүй байвал хожим уурыг чинь хүргэх хүнгүй болно гэж хэлэв. Жя Жөн яаран мэхийж:

-Эх та ингэж яривал, хөвгүүн би орох газаргүй болно гэв. Жя Мү хүйтнээр инээмсэрч:

-Чи өөртөө намайг орох газаргүй болгосноо хэлэхгүй, бас өөрөө орох газаргүй боллоо гэнэ. Бид харьвал санаа чинь амарч зодож, занчихыг чинь хориглох хүнгүй болно гэснээ, хурдан тэрэг сүйх, унаа хөсөг бэлтгэ хэмээн зандарсанд, Жя Жөн гурайтал сөгдөж, буруугаа хүлээн мөргөнө. Ингэж хэлээд Жя Мү явж Бао Юйг үзвэл, энэ удаагийн зодсон нь, урьд удаагийн зодсонтой адилгүй тул зүрх нь өвдөж, түүнээсээ болж уурлан, түүнийг тэвэрч уйлсаар байхад нь Ван Фүрэнь, Фөн Же нар элдвээр ятгаж арай гэж жаахан тайтгаруулав.

Энэ үед шивэгчин бүсгүйчүүд ирж, Бао Юйг түшиж босгоё гэвэл Фөн Же уурлаж:

-Тэнэг амьтад, та нар нүдээ нээгээд харцгаа! Ийм болсон хүнийг яаж босгож, түшиж явуулах гээд байгаа юм бэ. хурдан явж доошоо ороод, ороонгоор сүлжсэн дамнуурга авчир гэсэнд тэд яаран гүйж сандал авчрав. Түүн дээр Бао Юйг хэвтүүлээд Жя Мүгийнд хүргэв. Энэ хэр Жя Жөн, эхийнхээ уур гараагүйг үзээд гадагш явалгүй, дагаж оров. Бао Юйг хараад үнэхээр хэтэртэл занчсанаа ойлгов. Ван Фүрэнь: “Амь гол минь, зүрх минь” гэж уйлна. Тэрбээр: “Чи Жя Жугийн оронд эрт үхээд, тэр минь амьд байсан бол эцэг чинь арай ингэж уурлахгүй байлгүй. Би ч энэ хагас насны сэтгэлийг талаар сүйтгэхэд хүрэхгүй байсан байх. Одоо чи хэрэв ийм тийм болж намайг орхивол би хэнийгээ түшнэ вэ” гэхчилэн аль байдгаа тоочихын хамтад: “Өөдгүй үр минь” гэж үглэн уйлна. Жя Жөн түүний үгийг сонсохын хамт хэтэртэл занчсандаа гэмшинэ. Жя Мүг тайтгаруулсаны дараа тэрбээр нулимстай нүдээр харж:

-Хөвгүүн чи, хүүгээ сургаж болно. Тэгэхдээ ингэж жанчих чинь муу. Чи харихгүй, юунд энд байгаад байна вэ. Бас санаа чинь гүйцэхгүй, үхэхийг нь нүдээрээ харах гээд байгаа юмуу гэсэнд, Жя Жөн сая аргагүйдэн гарч явав.

Энэ үед Шюэ Има, Бао Чай, Шян Лин, Ши Рэнь нар ирэв. Ши Рэнь дотроо их шаналж байгаа боловч түүнээ ил гаргах аргагүй тул олон хүн овооролдон ус өгөх нь ус өгч, дэвүүр барьсан нь дэвүүрдэж байхад өөрөө гар дүрэх боломжгүй болохоор шууд гадаа гараад, хоёрдугаар хаалганд очиж бага зарцаар Бэй Минийг дуудуулж нарийвчлан асууна.

-Саяхан зүв зүгээр байсан хүн гэнэт яагаад занчуулчихсан бэ. Чи бас юунд хурдан мэдээ хүргэсэнгүй вэ гэж Ши Рэнийг асуусанд Бэй Мин бачимдана.

-Тэр үед би яг Бао Юйн дэргэд байсангүй. Хэдийн хамаг юм болоод өнгөрсөн хойно би сонслоо. Учрыг нарийвчлан лавлавал, тэр Чи Гуань болоод Жинь Чуань эгчийн учраас болж гэж Бэй Мин хэлэв.

-Лаое яаж мэдсэн юм бэ? гэж Ши Рэнийг асуухад:

-Тэр Чи Гуаний тухайд бол бараг Шюэ дае эртнээс аргацааж байсан бөгөөд уураа гаргах аргагүйдээ гадна хэн нэгнийг тухирч Лаоегийн чихэнд үг хүргэсэн байхаа. Жинь Чуань эгчийн явдлыг бараг Сань Еэ хэлсэн төлөвтэй. Үүнийг би Лаоегийн бараа бологсдоос сонссон шүү гэж Бэй Мин хэлэв. Энэ бүхнийг сонсоод Ши Рэнь энэ хоёр явдал цаагуураа нийлж байгааг ойлгоод, ихэнх нь итгээд харивал хүмүүс Бао Юйгийн шархыг эмнэж байв. Жя Мү:

-Сайхан дамнаад гэрт нь аваачигтүн гэсэнд цөм яарч Бао Юйг И Хун Юаньд авчирч ор дэр дээр нь хэвтүүлээд хүмүүс тархсаны дараа Ши Рэнь сая дэргэд нь ирж нандин сайхан асарч нарийвчлан асууна. Цаад учир нь чухам ямар болохыг ойлгоё гэвэл хойтох бүлэгт үзтүгэй!

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж