Залуу сүмоч багшийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Залуу сүмоч багшийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргажээ

Залуу сүмоч багшийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргажээ

Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд шавилж байсан 22 настай сүмоч багшийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргаж, 30 сая иен буюу 274 мянган ам.доллар нэхэмжилжээ. Тэрбээр 2014 онд хамт нэгэн дэвжээнд харьяалагдаж байсан сүмочид удаа дараа зодуулж, гэмтэл авсан гэж шүүхэд хандсан тухай ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Ингэхдээ өнгөрсөн жилийн гуравдугаар сард гомдол гаргасан, одоо хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Японы сүмогийн холбооны нөлөө бүхий гишүүдийн нэг ояката Касүгано энэ хэрэгт нэр холбогдсон нь сүмогийн ертөнцөд дэгдсэн ээлжит дуулиант сэдэв болж байна.  

Сүмогоор хичээллэж байсан Араши Яхаги гэх залуу 24 настай сүмочид зодуулж, хүнд бэртсэн, тэр үед дэвжээний ояката Касүгано дэвжээнийхээ бөхчүүдэд хяналт тавьж чадаагүй гэж тэр үзэж байгаа юм. Араши Яхаги зодуулсны улмаас эрүүний яс нь хугарсан бөгөөд амтлах мэдрэхүйгээ алджээ.

2014 онд болж өнгөрсөн энэ хэрэг саяхан олон нийтэд ил болсон юм. Улмаар ояката Касүгано болсон явдлыг нуун дарагдуулахыг завдсан байж болзошгүй гэх хардлага бий болжээ.

Ояката Касүгано

Араши Яхаги анхандаа нэрээ нууцалж байсан ч сүмогийн ертөнцөд бараг хэвшил болсон харгис хатуу байдлыг илчлэхийг хүссэн учир нэрээ ил болгосон гэнэ.

Токио хотын тойргийн шүүхэд 2017 оны гуравдугаар сарын 22-нд гаргасан өргөдөлд хавсаргасан эмчийн дүгнэлтэд Яхаги 2014 оны есдүгээр сарын 5-нд нүүр, толгой тус газартаа цохиулж, хэвлий рүүгээ өшиглүүлсэн гэж дурджээ. Мөн эдгэрэх хугацаа 18 сар гэсэн байна.

Зодсон гэх сүмоч нь залуу бөхчүүдийг дуудаж, цэвэрлэгээ муу хийсэн гэж зэмлэснээс маргаан үүссэн гэнэ. Харин ояката Касүгано гэмтсэн сүмочийг эмчилгээ хийлгэхийг зөвшөөрөлгүй, “хэсэг хүйтэн жин тавиад зүгээр болчихно” гэж үл тоомсорлосон янзтай ханджээ.

Болсон явдлаас хойш удалгүй Яхаги сүмог орхисон байна. Тэр үед Яхаги Касүгано дэвжээнд ороод ердөө долоон сар болж байжээ.

2016 оны зургадугаар сард Токио хотын тойргийн шүүх дээрх хэргийг хэлэлцэж, Яхахиг зодож, гэмтэл учруулсан бөхийг гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр 2015 оны долдугаар сард зодог тайлжээ. Одоогоор түүний хэн гэгч сүмоч байсныг нууцалж байгаа юм.

Тэр үед Яхаги ояката Касүганогийн эсрэг гомдол мэдүүлсэн ч прокурорын байгууллага Касүганод хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэж байжээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж