Юанийн ”чангаралт” манайд хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Юанийн ”чангаралт” манайд хэрхэн нөлөөлөх вэ?

Европын өрийн асуудал хямрал дагуулж магадгүй байгаа ч, нөгөө талд Хятадын хэрэглээний өсөлт байдлыг сайжруулна хэмээн шинжээчид үзэж байна. “Barclays Capital”-ын шинжээч Чан Жиан “Хятадын юань он гарсаар 7 хувиар өслөө. Энэхүү  чангарал нь тус улсын аль хэдийнэ өсөөд буй импортыг улам нэмэгдүүлэх болно” гэжээ.

Юанийн ханш АНУ зээлийн хүүгээ бууруулах амлалт өгсний дараа буюу өчигдөр сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, нэг юань 6.4 ам.доллартай тэнцжээ.  2011 оны эхний долоон сарын байдлаар тус улсын импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 хувиар өсч, 973 тэрбум ам.долларт хүрээд буй юм.

Хурдацтай дээшилж буй Хятадын хэрэглээний өсөлт АНУ, Европын эдийн засгийн царцанги байдлыг хөдөлгөөнд оруулснаар дэлхийн эдийн засгийг сайжруулна гэсэн тайлбарыг шинжээчид өгч буй юм.

Хөрөнгийн биржүүдийн гол гол индексүүд Standard&Poor’s АНУ-ын зээлжих эрхийг бууруулсны дараа огцом унаж эхэлсэн. Үүнд хариу арга хэмжээ авч АНУ-ын Холбооны нөөцийн газраас 2013 оны дунд үеийг хүртэл зээлийн хүүг жилийн 0.25 хувь болгох амлалт өгснөөр индексүүдийн огцом бууралт харьцангуй тогтворжсон юм. Мөн АНУ-ын ажилгүйдлийн түвшин буурч буй үзүүлэлтэй байгаа нь индексүүдийн өсөлтөд эергээр нөлөөлж байна.

Гэхдээ Хятадын Төв банк зээлийн хүүгээ нэмэгдүүлэх магадлалтай хэвээр байна.  Учир нь АНУ банкны зээлийн хүүгээ багасгаснаар Хятад болон бусад улс орон руу “Hot money” буюу богино хугацааны хөрөнгө оруулалт их хэмжээгээр түрж орж ирэх аюул өсөх юм.

Хятадад одоо инфляц Засгийн газрын 4 хувьд барих зорилтоос хэтэрч, 6.5 хувьд хүрчихээд байна. Хэрэв Hot Money тус улсад түрэн орж ирвэл инфляц улам нэмэгдэнэ. Хэдийгээр юанийн ханшийн чангарал нь инфляцийг тодорхой хувиар бууруулах ч үнэхээр байдлыг тогтворжуулах эсэх нь эргэлзээтэй юм.
Хятадын санхүүгийн зарим мэргэжилтэн Төв банк зээлийн хүүгээ нэмэгдүүлэхийг дэмжиж байхад, нөгөө хэсэг нь ингэх шаардлагагүй гэж үзэж байна.

Монголын хувьд юанийн ханшийн чангарал нь экспорт, импортын үзүүлэлтээр Хятадаас бараг бүрэн хамаарч буй тул ашиггүй тусах нь тодорхой болов уу. Дээр нь Хятад улс Тяньжин-Эрээний чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үнийг нэмэгдүүлсэн явдал нь нэрмээс болж байна.

Харин өнгөрсөн болон энэ долоо хоногт тохиосон индексүүдийн огцом уналтаас шалтгаалан зах зээлд үүсээд буй түүхий эдийн үнэ ханш буурч болзошгүй гэсэн таамаглал нь Монголын хувьд богино хугацаанд сөрөг нөлөөтэй боловч урт хугацаандаа нөхцөл байдал манайд ашигтай байх болно хэмээн “Евразиа Капитал” Хөрөнгө оруулалтын банк үзэж байна.

Өчигдөр оройноос эхлээд гол гол индексүүд өсөж эхэлсэн бөгөөд өнөөдрийн нээлтийн арилжаанаас хойш Nasdaq индекс +4.69%,, FTSE 100 индекс +3.11%, Hang Seng индекс 1.23%,, Nikkei индекс 0.17%, S&P 500 индекс +4.63%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Харин түүхий эдийн ханшийн хувьд Лондоны металын биржид зэсийн гурван сарын гэрээт үнэ 3.3 хувиар өсч, 8881ам.доллар/тонн-д хүрчээ. Энэ нь зэсийн хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн чангаралтай холбоотой  юм. Өнөөдрийн байдлаар зэсийн гурван сарын гэрээт үнэ 8897 ам.доллар/тонн-д хүрээд буй бол өчигдөр 1813 ам.доллар/унц-ийн үнэд хүрч дээд амжилт тогтоогоод байсан алтны үнэ одоо 1760 ам.доллар/унц болж буурсан дүнтэй байна.

Нүүрсний хувьд энэхүү зах зээлийн савлагаа төдийлөн нөлөөлсөнгүй. Одоо эрчим хүчний нүүрс олон улсын зах зээлд 120 ам.доллар/тонн байгаа бол коксжих нүүрс 210-310 ам.доллар/тонн үнэтэй байна.  


Б. Төгсбилэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж