Монгол эрдэмтэд үлэг гүрвэлийн хээрийн музей байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Монгол эрдэмтэд үлэг гүрвэлийн хээрийн музей байгуулна

Монгол эрдэмтэд үлэг гүрвэлийн хээрийн музей байгуулна

Монгол Улсын шинжлэх ухааны академийн жил тутамд болдог Их чуулган өнөөдөр боллоо. Чуулганд оролцсон эрдэмтэд 2017 оны эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг танилцуулснаараа энэ салбарын хувьд чухал арга хэмжээ юм.  

Салбар бүрийн 30 гаруй эрдэмтэн өнөөдөр шинэ нээлт, түүний үр дүнгээ хэлэлцүүлсэн. Өнгөрсөн онд Монголын шинжлэх ухааны салбарт нийт есөн шинэ нээлт хийгджээ. 

Монголын эрдэмтэд 2017 онд

  • Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулсан нээлт хийжээ.
     
  • Литийн Ионы батарей гарган авах технологийн судалгаагаар R2032 маркийн  зоосон батарей гарган авсан.
     
  • Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх инновацийн төслийн хүрээнд мал, амьтны төрөл бүрийн гаралтай шарх эмчлэх “Бартазел” тосон түрхлэг гарган авчээ. Уг тосон түрхлэгийг гаргаж авахдаа зөөлөн эдийн бэртэл, гэмтлийг эмчлэх “Барагшун-EN” бэлдмэл, мал амьтныг амин дэмээр хангах “Барагшунт” тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн технологийг боловсруулж, үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна.
     
  • ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилгоор ‘Палеопарк’ төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрөн дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлжээ.

—————————————————————————————————————————————-

Их чуулганы үеэр Академич С.Чулуунбаатар, Палеонтлогийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ц.Чинзориг нартай товч ярилцлаа.
 

Академич С.Чулуунбаатар

Академич С.Чулуунбаатар

-Шинжлэх ухааны салбарын өнгөрсөн оны гол амжилтуудыг та өөрийнхөөрөө дүгнэн, бодлоо хуваалцахгүй юу?

-Монгол улсын шинжлэх ухааны академи өнгөрсөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний болон үйл ажиллагааны тайлангаа дүгнэж байна. Жилд нэг удаа болдог чухал арга хэмжээ юм. Өнгөрсөн 2017 оны хувьд физик технологийн салбарт буюу орчин үеийн электронжсон технологийн хөгжилд батарейны үйлдвэрлэл нэмэгдлээ. Өчүүхэн жижиг биетээс эхлэн аварга том машин хүртэл батарейгаар ажиллах бололцоотой болсон энэ үед батарейг үндэсний хэмжээнд үйлдвэрлэх судалгааны ажлын үр дүн гарч, анхны туршилт хэлбэрээр батарей үйлдвэрлэсэн нь чухал үйл явдал байв. Геоэкологийн салбарт газар зүйн бүс нутгуудад тархац, цөлжилтийн байдал, хөрсний өөрчлөлтийн иж бүрэн зураглал хийсэн судалгааны бүтээл гаргасан байна. Түүх археологийн салбарт гэвэл дэлхийд бүртгэгдсэн, нээлтийн шинжтэй олдвор олсон. Энэ мэтчилэн манай эрдэм, шинжилгээ, судалгааныхан олон улсад үнэлэгдсэн, ололттой жил байлаа.

Палеонтлогийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ц.Чинзориг

Палеонтлогийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ц.Чинзориг

-Миний хувьд 2017 онд голлон холимог идэшт үлэг гүрвэлийн судалгаа хийсэн. Энэхүү үлэг гүрвэл нь дэлхийд нилээн судлагдсан. Ер нь Монголын үлэг гүрвэлүүд дэлхийд маш сайн судлагдаж байгаа. Өнгөрсөн жил энэ бүлгийн төрөлд хамаарах шинэ үлэг гүрвэлийн төрлийг тогтоож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлүүлсэн. Мөн “Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн хээрийн музей байгуулах ажлыг эхлүүллээ. Одоо энэ ажилдаа анхаарал тавьж, орон нутагт ажиллаж байна. Мөн үлэг гүрвэлийн хөлийн хэв хийх лаборатори нээсэн.

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж