Уушгины хатгалгааны вакциныг III сараас хийж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Уушгины хатгалгааны вакциныг III сараас хийж эхэлнэ

Уушгины хатгалгааны вакциныг III сараас хийж эхэлнэ

Монгол Улсын хэмжээнд 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь уушгины хатгалгаа өвчин болдог аж. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас 2018 оноос эхлэн уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлд амьдарч байгаа бүх хүүхдэд хийхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй уулзаж, тодрууллаа. 


-Энэ оноос уушгины хатгалгааны эсрэг товлолт вакциныг нэвтрүүлэх гэж байгаа гэж дууллаа. Дархлаажуулалтын шинэ вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016-2020 он хүртэл уушгины хатгалгааны эсрэг вакцин нэвтрүүлнэ гэж тусгасан байдаг. Дэлхийн олон оронд уушгины хатгалгаа өвчний эсрэг вакцины дархлаажуулалт хийдэг. Манай улсын хувьд товлолын вакцинд 0-2 насны хүүхдүүдийг товлолын дагуу дархлаажуулдаг. Тиймээс товлолын дархлаажуулалтад уушгины хатгалгааны эсрэг вакциныг нэмж нэвтрүүлэхийн тулд өмнө нь судалгаа нилээд хийсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар шинэ вакцин нэвтрүүлэхдээ тухайн орныхоо нөхцөлд тохирсон судалгаа хийж, эдийн засгийн үр өгөөжийг мөн нарийн хардаг. Хоёрдугаарт, тухайн өвчлөлийн эдийн засгийн дарамтыг авч үздэг. Энэ суурь судалгааг бид 2015 оноос хийсэн. 

Ямар ч вакцины дархлаажуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлдэг. Жишээлбэл, өмнө нь тавт вакциныг 2005 онд, гуравт вакцин буюу улаан бурхан, гахайн хавдрын өвчлөлийн эсрэг вакциныг 2008 онд үе шаттайгаар нэвтрүүлсэн. Энэ удаа уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2016, 2017 оноос эхлэн өвчлөл хамгийн өндөртэй нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн гурван дүүргүүдэд үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. 

-Нийслэлийн гурван дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцины дархлаажуулалт хийж, судалгаа хийсэн гэлээ. Судалгааны үр дүн ямар байсан бол?

-Бид уушгины хатгалгааны эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийн өвчлөл, вакцин хийлгээгүй дүүргийн хүүхдүүдийн өвчлөл ямар байгааг харьцуулж судалсан. Судалгаанд нийт 10 мянга гаруй хүүхэд хамруулж, хоёр нас хүртэлх 87.900 хүүхдийг 2-3 тунгаар 80 хувьтай дархлаажуулсан. Вакцин үр дүнтэй байгаа нь ажиглагдсан. Учир нь уушгины хатгалгааны эсрэг вакцинд хамрагдсан хүүхдүүдийн уушгины хатгалгаа өвчний хүндрэл 50 хувиар буурсан. Мөн уушгины хатгалгаа өвчнөөр нэг ч хүүхэд эндээгүй.

Манай улсад уушгины хатгалгаа өвчнөөр өвдөж буй нийт хүүхдүүдийн 32-40 хувь нь хүнд хэлбэрийн хатгалгаатай эмнэлэгт хэвтдэг ба тэдгээр хүүхдүүдийн 60 хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр гэрээрээ эмчлэх боломжтой байдаг. Өнгөрсөн хоёр жилд уушгины хатгалгааны эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг судалж үзэхэд уушгины хатгалгааны өвчлөл 40 хувиар, хүндрэл нь 80 хувиар буурсан дүн гарсан. 

-Бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байна. Тэр дундаа уушгины хатгалгааны өвчлөл хэр байна вэ?

-Нийт 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгд уушгины хатгалгаа өвчин ордог. Тодруулбал, 2016 оны 11, 12 дугаар сард 0-5 насны 45 хүүхэд нас барж байсан бол 2017 онд 19 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр эндсэн. Энэ нь нийслэлийн өвчлөл өндөртэй гурван дүүргийн хүүхдүүдийг вакцинд хамруулсантай холбоотой юм. Бас 2017 онд томуугийн эсрэг вакцинд зургаан сартайгаас дээш цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамруулсны үр дүн.

-Уушгины хатгалгааны эсрэг вакциныг нэвтрүүлэхэд нэг тэрбум төгрөг зарцуулна гэж сонссон. Вакциныг хэзээнээс эхлэн нэвтрүүлэх вэ?

-Нийслэлийн үлдсэн дүүргийн бүх хүүхдүүдэд 2018 оны гуравдугаар сарын 1-нээс товлолын дагуу дархлаажуулалт хийнэ. Ингэхдээ хоёр сартай хүүхдэд эхний тунг, хоёр дахь тунг дөрвөн сартайд нь, гурав дахь тунг есөн сартайд нь дархлаажуулна. Уушгины хатгалгааны эсрэг вакцин нь олон төрөл байдаг. Эдгээрээс судалгаа хийж, 13 цент вакциныг Монгол Улсад нэвтрүүлж байгаа. Учир нь судалгааны явцад манай улсад уушгины хатгалгааны нян тээж буй ихэнх хүмүүсийн 75-80 хувь нь 13 цент буюу хэв шинжийг агуулж байсан юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, Англи улсад үйлдвэрлэсэн энэ вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар, хөнгөлөлттэй үнээр захиалан авч байгаа. Уушгины хатгалгааны вакцины үндсэн үнэ нь 20 ам.доллар. Гэхдээ Монгол Улсаас НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар дамжуулан хөнгөлөлттэй үнээр захиалж, 3.5 ам.доллар буюу 8000 орчим төгрөгөөр захиалж авсан. Бидний тооцоогоор нийслэл хотын 36 мянга гаруй хүүхдийг уушгины хатгалгааны эсрэг вакцинаар дархлаажуулна. Ингэхдээ нийт 110 мянган тун хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд нэг хүүхдийг гурван удаа дархлаажуулна гэж тооцоолж байгаа. Зардалд дагалдах хэрэгсэл, тээврийн зардал бүгд багтсан байгаа. Вакциныг энэ оны нэгдүгээр сарын 15-нд Монголдоо хүлээж авсан. 

-Шинэ вакциныг хаана хадгалж байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ товлолт вакцинд хамруулъя гэвэл хаана хандах вэ?

-Одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын хүйтэн өрөөнд хадгалж байгаа. Вакциныг 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс бусад дүүргийн хүүхдүүдэд хийнэ. Тухайн дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад вакцин хийнэ. Эцэг, эхчүүд хоёр сартай хүүхдийнхээ тавт вакциныг хийлгэхдээ уушгины хатгалгааны эсрэг вакцинаа давхар хийлгэнэ гэсэн үг. Хэрвээ хоёр сартайдаа тавт вакцин хийлгээд, уушгины хатгалгааны эсрэг вакцин хийлгэж чадахгүй бол сарын дараа нөхөж хийнэ. Цаашдаа уг товлолын вакцины дархлаажуулалтыг улсын хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлэх болно. 

-Дархлаажуулалтын вакцин хийлгэхэд тухайн хүүхдэд хариу урвал өгөх тохиолдол байдаг. Уушгины хатгалгааны эсрэг вакциныг хийлгэснээр ямар шинж тэмдэг илэрч болох вэ?

-Ямар ч вакцин урвал, хүндрэл өгдөг. Уушгины хатгалгааны вакцины хувьд урвал, хүндрэл харьцангуй бага. Гэхдээ тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарч, хэсэг газраа улайх, халуурах шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд өрхийн эмчдээ үзүүлж, шаардлагатай зөвлөгөөг авах хэрэгтэй. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж