“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн наадамд Хойд болон Өмнөд Солонгос улс нэгэн далбаан дор жагсахаар болсон. Мөн хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг гаргахаар тохиролцоод байгаа.
Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын хоккейн тамирчид Сөүлд ирлээ. Энэ удаа 12 тамирчин албаны гурван хүний хамт ирсэн байна. Тэд Чэнчон хот дахь тамирчдын бэлтгэл дээр очжээ.
“Пёнчан 2018” олимпийн наадмын хоккейн эмэгтэйчүүдийн холимог багт оролцох тамирчдын нэрсийг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр зарлана.
Энэ удаагийн холимог багт оролцохоор сонгогдоод байгаа Умардын тамирчид багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Учир нь олон жил олимпод оролцохын тулд бэлтгэл сургуулилтдаа бүхнээ зориулсан Өмнөдийн тамирчид тэмцээний гадна үлдэж байгаа нь байж болохгүй зүйл гэж нэг хэсэг нь үзэж буй. Нөгөө хэсэг нь ‘Харин ч олимпийн наадмын үеэр хамтарсан баг оролцож байгаа нь маш чухал. том үйл хэргийн дэргэд жижиг зүйлийг золиослох хэрэгтэй’ гэсэн байр суурьтай байгаа юм.
Хойд болон Өмнөдийн эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ баг тун удахгүй хамтарсан бэлтгэлдээ орж эхлэх нь ээ.