Энэтхэгийн нийслэл Дели хотын Гургаон хотод болсон шинэ киноны нээлтийг эсэргүүцсэн жагсаал, үймээн самуунаас болж сургуулиудыг хаажээ.
Болливуудын шинэ туульсын бүтээл “Padmaavat” нэртэй киног хэт хуучинсаг үзэлт хинди шашинтнууд эсэргүүцэн, жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал дэгдээсэн юм.
Киноны нээлт өнөөдөр Дели хотод болох байсан боловч жагсаал газар авч, машин шатааж, кино театруудыг сүйтгэн, танхайрсан учраас дахин хойшлуулсан байна. Олон кино театр шашны хэт туйлшрагчид болон танхай этгээдүүдийн жагсаал хяналтаас гарч магадгүй гэдэг болгоомжлолын үүднээс киног гаргахгүй гэж шийдсэн гэнэ.
Болливуудын шинэ кино нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, үймээн самуун дэгдээж буйгаас Энэтхэгийн дөрвөн мужид киног хориглох шийдвэр гаргуулахаар Дээд шүүхэд хандсан боловч шүүх хоригийг хүлээж аваагүй юм.
XIV зууны үеийн Хинди үлгэр домгийн хатан хаан болон Исламын байлдан дагуулагч хоёрын хайр сэтгэлийн тухай уран сайхны киног шашны хэт хуучинсаг үзэлтнүүд түүхийг мушгин гуйвуулсан, Хинди шашинтнуудын итгэл үнэмшлийг мохоосон хэмээн эсэргүүцэж байгаа гэнэ.
Энэхүү туульсын киног өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд кино театруудаар гаргахаар төлөвлөсөн ч эсэргүүцлийн улмаас хойшлогдоод байгаа юм. Шашны хэт туйлшрагчид уг киноны гол дүрийн жүжигчин бүсгүйн амь насанд заналхийлж, толгойг нь авна гэж сүрдүүлсэн юм.
Эх сурвалж: BBC