Банкны хуулиар мөнгө хүүлэгчдийг зохицуулахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Банкны хуулиар мөнгө хүүлэгчдийг зохицуулахгүй

Банкны хуулиар мөнгө хүүлэгчдийг зохицуулахгүй

Монголбанкнаас өнөөдөр /2018.01.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Монголбанкны Судалгаа статистикийн газрын мэдээллээр Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 2017 оны эцсийн байдлаар 11,8 их наяд төгрөгт хүрчээ.

Харин 2017 оны гуравдугаар улирлын байдлаар улсын нийт гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Дотор нь задалбал  8.9 тэрбум ам.долларын зээлийг аж ахуйн нэгжүүд, 6.2 тэрбум ам.долларыг Засгийн газар, 2.3 тэрбум ам.долларыг банкууд, 1.9 тэрбум ам.долларын зээлийг Төв банк, 7 тэрбум ам.долларыг бусад газрууд тус тус авчээ.

ААН-үүд болон банкуудын гадаад зээл өнгөрсөн оны мөн үеэс буурсан бол Засгийн газар, Төв банкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хэмжээ өссөн байна.

Өнгөрсөн онд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид 13.4 их наядын зээл олгосон аж. Төрлөөр нь авч үзвэл зээлийн 21 хувийг цалин, тэтгэврийн, 14 хувийг үл хөдлөх хөрөнгийн, 13 хувийг жижиглэн болон бөөний худалдааны, 10 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн, 9 хувийг барилгын, 8 хувийг уул уурхайн зээл эзэлсэн байна.

Чанаргүй зээлийн үзүүлэлт 8.5 хувь бол хугацаа хэтэрсэн зээл 6.1 хувьтай гарсан. Ингэхдээ хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл буурах төлөв ажиглагдаж эхэлжээ. Энэ нь иргэд ажилтай, орлоготой болж банкнаас авсан зээлээ төлж эхэлсэнтэй холбоотой юм байна.

Харин чанаргүй зээлийн хэмжээ буурах төлөв тод ажиглагдаагүй нь эдийн засгийн сэргэлт уул уурхай, үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа гэсэн хэдхэн салбарт хамаарч байгаатай холбоотой гэж төв банкны холбогдох албан тушаалтан хэлэв.

Зээлийн хүү дундаж нь төгрөгөөр 18.8 хувьтай бол валютынх 11.6 хувьтай гарсан байна.

Ипотекийн зээл:

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд 93447 иргэн хамрагдаж, нийт дүнгээрээ 4.3 их наяд төгрөгийн зээл олгогджээ.

Хугацаа хэтэрсэн ипотекийн зээл 1.8 хувьтай гарсан бол чанаргүй ипотекийн зээл 1.8 хувийг эзэлжээ.

Ипотекийн чанаргүй зээл сүүлийн гурван жил дараалан өсөж байсан ч өнгөрсөн оны есдүгээр сараас саарч, буурах төлөв ажиглагдаж эхэлсэн байна. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг үзүүлэлт банкны салбар луу шилжиж ирж буйтай холбоотой аж.

Ипотекийн зээл авч байгаа иргэдийн 70 гаруй хувь нь 2011 оноос хойш баригдсан орон сууц, 30 хувь нь 1991-2010 оны хооронд ашиглалтад орсон орон сууц худалдан авдаг статистик гарчээ.

Мөн зээлдэгчдийн 90 гаруй хувь нь 80 м2 доторх байр сонгосон бол  9.3 хувь нь 80-аас дээш м2 байр зээлээр авсан байна.

УИХ-аас Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар эрх зүйн ямар харилцаа үүсэх талаар товч мэдээлэл өгөв.

Тухайлбал, Төв банкны тухай хуулиар Монголбанкны бие даасан байдлыг хангаж, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. 

Харин Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр төв банкнаас арилжааны банкуудад тавих хяналтыг сайжруулж, эрсдэл үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байхаар зохицуулалт тусгажээ. 

Статистик мэдээллийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Банкны тухай хуулиар арилжааны банк нь охин болон хараат компани байгуулахыг хориглосон. Тэгвэл банкны салбарынхан банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, мөнгө хүүлэхийг дээрх хуулиар хязгаарлах боломжтой юу?

МОНГОЛБАНКНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.ГАНБАТ:

-Банкны хууль зөвхөн банкны үйл ажиллагааг зохицуулна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа тусдаа зохицуулалттай.

Банкны тухай хуулиар арилжааны банк нь охин болон хараат компани байгуулах боломжгүй. Харин тухайн банкийг байгуулсан толгой компани нь охин болон хараат компаниа байгуулаад явах бололцоотой. Энэ нь банк мэргэжлийн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, үүнээс бусад үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд хараат болон охин компани байгуулахыг хуулиар хориглосон.

Энэ заалт 2019 оноос мөрдөгдөнө. Тэгэхээр байгуулчихсан охин компани болон хараат компанийг сая баталсан хуульд нийцүүлээд явна гэсэн үг.

-Төв банк өмнө нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан.  Үр дүн гарсан уу. Төв банк алдагдал хүлээхэд дээрх хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэг зүйл яригддаг. Эндээс зээл авсан компаниуд буцааж төлөх үү, яах вэ?

МОНГОЛБАНКНЫ СУДАЛГАА, СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.ГАН-ОЧИР:

-Саяхан Орхон аймагт Эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан. Тус хуралдаанд оролцсон судлаачид “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт багтсан бүтээгдэхүүний үнэ тодорхой хугацаанд тогтвортой байж чадсанаас бусад бүтээгдэхүүнд нөлөөлж чадаагүй.

Том макро зургаараа эдийн засагт эмзэг байдал бий болгоод илүү их сөрөг үр дагавруудыг бий болгожээ гэдгийг судлаачид хэлдэг.

Монголбанкнаас анх Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээл гаргасан, одоо эргэн төлөлт нь маш бага дүнтэй үлдсэн. Гэхдээ анхны зээлдэгч, банк хоёрын дунд одоо болтол дуусаагүй асуудал байгааг төр анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байгаа.

-Төв банкны өр нэмэгдсэн гэлээ. Шалтгаан нь юу юм бол яаж бууруулах вэ?

-Ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төв банкнаас асар их интервенц хийсэн. Интервенц хийхдээ гадаад валютын свопоо авч ашигласан байдаг. Гол шалтгаан нь Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүрээнд авч ашигласан валюттай холбоотой.  Нийт 15 тэрбум юаньтай тэнцэх своп хэлцэл байгуулсан байдаг.

Төв банк 2017 оны эцсийн байдлаар сүүлийн таван жилд байгаагүй анх удаа ашигтай ажилласан. Хуримтлагдсан алдагдал 2.8 их наяд байгаа. Үйл ажиллагаагаараа алдагдлыг бууруулах боломжтой гэж үзээд төлөвлөгөө боловсруулсан. Цаашид ашигтай ажиллах замаар алдагдлыг бууруулна. 

-Ипотекийн зээлийн хүүг  7.5 хувь руу,  урьдчилгааг 25.5 хувь руу бууруулах асуудал яригдаж эхэллээ.  Монголбанкинд энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?

МОНГОЛБАНКНЫ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, САНХҮҮГИЙН
ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ А.ЭНХЖИН:

-Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөр ёсоор ипотекийн зээлийг 2018 онд Засгийн газарт шилжүүлэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд Монголбанк ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтийн үндсэн төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг гаргаад, Засгийн газар төсөвт бас тодорхой хэмжээний эх үүсвэр суулгаад хамтарч санхүүжүүлээд явж байгаа.

Энэ оны хувьд төв банк сар бүр 16 тэрбум төгрөгийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын  эргэн төлөлтөөс гаргана, улсын төсөв дээр 120 тэрбумыг суусан. Энэ нь сар бүр 10 тэрбум гэсэн үг. Одоо байгаа тогтолцоогоор явбал сар бүр 26 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргах боломжтой.

Зээлийн хүртээмжийг цаашид нэмэгдүүлэх шаардлага байгаа. Засгийн газраас хэрхэн хүртээмжтэй явуулах вэ гэдэг дээр хэд, хэдэн санал гараад явж байгаа юм билээ. Энэ дотор зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах санал багтсан юм болов уу.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж