Тамхины үнэ 200-1200 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.25-нд нийтлэгдсэн

Тамхины үнэ 200-1200 төгрөгөөр нэмэгджээ

Тамхины үнэ 200-1200 төгрөгөөр нэмэгджээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2017 онд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 61.3 хувь нь ‘Тамхи татаж үзсэн’ гэж хариулжээ. Энэ нь таван хүүхэд тутмын гурав нь тамхи татаж байсан гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхийг дунджаар 100 тэрбум төгрөгөөр худалдан авч татдаг байна. 

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд таван жил өнгөрчээ. Хуулиар олон нийтийн газар, үйлчилгээний төвд тамхи татахыг хориглосноор тамхины хэрэглээ нэг хэсэг буурсан ч харамсалтай нь бодит байдал дээр хуулийн хэрэгжилт хангалтгүй, тийм ч сайн үр дүнд хүрч чадахгүй байгааг хэлэх хүн цөөнгүй. Хэдийгээр тамхины замбараагүй хэрэглээг багасгах боломжтой хууль баталж, тамхи зардаг цэг, татах газ­рыг багасгасан ч тамхи татдаг иргэд булан тохой бараадаж, жижиглэнгийн худалдаачид нууцаар тамхи ширхэглэн зарсаар л байгаа. Тамхи зардаг түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүр хүртэл байнгын үйлчлүүлэгчээр тасрахгүй. 

Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд энэ оны нэгдүгээр сараас Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэхээр болсон. Татвар нэмэгдсэн учраас үнэ нэмэгдэнэ. Он гарснаас хойш тамхи худалдаалагчид дунджаар 200-1200 төгрөгөөр тамхины үнийг нэмжээ. 

МУБИС-ийн ойролцоох нэгэн түргэн үйлчилгээний цэгээс /ТҮЦ/  тамхины үнэ хэд хүрснийг лавлав. Parliament, Mild seven нэг хайрцаг нь 4800, ширхэг нь 300 төгрөг. Харин энгийн Esse 3500, Esse change 4000 төгрөгөөр зарж байлаа. Худалдагч эмэгтэй “Он гараад тамхины татвар нэмэгдэнэ гэж байсан. Нэмэгдээд удаж байна” гэв. Харин тэндхийн гар дээрээс бохь, чихэр худалддаг иргэд хайрцагтай тамхиа цүнхэндээ нуух байдлаар сурагласан хүмүүст ширхэглэн зарж байлаа. 

Тамхины үнэ гэхдээ харилцан адилгүй бололтой. Сүхбаатарын талбайн автобусны буудлын ойролцоох хоёр ч ТҮЦ-ээр ороход Parliament, Mild seven хайрцаг нь 5000 төгрөг, Esse Change хайрцаг нь 4000 төгрөг байна. Ширхэг нь 250  төгрөг гэж байв.

ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч нэгэн эмэгтэй "Тамхи заруулахгүй гэж хааж боож байхаар зарах зөвшөөрлийг нь өгөөд, татвараа хурааж авах хэрэгтэй. Тэр мөнгөөрөө харин тамхины эсрэг сурталчилгаа хийвэл зохино" гэсэн саналтай байдаг тухайгаа ярив. “Зургадугаар ангийн хүүхэд орж ирээд тамхи асуух нь бий. Байхгүй гэхээр уурлаад цонх хагалаад явсан удаа ч байдаг. Шууд бас тэдний буруу биш шүү дээ. Шат шатны байгууллагуудын бодлогын алдаа. Тиймээс сургуульд байхаас нь л хүүхдэд мэдлэг олгох нь чухал байна” хэмээн худалдагч хэлэв. 

“Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд тамхи зардаг лангуу байхгүй гэж худалдагч нар хэлсэн ч удаан хайсны эцэст тамхи нууцаар зардаг лангууг олсон юм. Лангууны худалдагч яриа өгөхөөс татгалзсан ч түүний зураг, нэрийг нууцална гэж тохиролцсоны дүнд тамхи хэдэн төгрөгөөр зарж байгаа талаараа мэдээлэл өглөө.  

Бөөний үнийн тухайд хамгийн ихдээ 200 төгрөгөөр нэмэгдсэн тамхи Mild seven гэнэ. Өмнө нь 3900 төгрөгөөр зардаг байсан бол одоо бөөний үнэ нь 4100 төгрөг болжээ. Харин Parliament-ын үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 3900 төгрөгөөр зарагдаж байгаа бол Esse, Esse change-г нэг хайрцгийг нь 2800 төгрөгөөр худалдаж байгаа гэнэ. 

Лангууны худалдагч хэлэхдээ “Татвар нэмэгдсэнээс хойш нийлүүлэлт багассан. Нийлүүлэгч компаниас асуухад хүмүүс бөөндөөд авчихсан учраас тамхи байхгүй болсон гэж байсан. Өчигдрөөс л нийлүүлэлт арай гайгүй болж байна. Гадуур нэг хайрцаг тамхи 5000 төгрөгөөр зарж байгаа бол хувь хүмүүс л хөөрөгдөж байгаа байх. Аль эсвэл тамхи дамжуулж зардаг ченжүүдийн хийж байгаа ажил. Дэлгүүрүүд хүссэн тоогоо хэлж, үнээ нэмж байгаа болохоос бөөний худалдаачид бол 50-200 төгрөгийн хооронд л нэмсэн” гэж байв.

Тамхины хууль, тамхины албан татвар зэрэг зохицуулалтууд тамхины хэрэглээг багасгах уу? Энэ асуултад харин хэд хэдэн хүн "Үнэ нэмэгдвэл тамхинаас гарах бодолтой байгаа" гэж хариулсан нь сайн хэрэг юм. Жишээлбэл, Украинд тамхины худалдах үнийг 50 хувь хүртэл нэмэгдүүлснээр тамхи татдаг хүмүүсийнх нь тоо 500 хүртэл мянгаар буурч, 253 хүний амь нас аврагдаж, жилд төсөвтөө 281 сая ам.доллар төвлөрүүлж чадсан сайн жишиг бий. 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж